Ерөнхийлөгч сэтгүүл зүйн армиа мартах учиргүй
Аливаа хүний ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн салбар юу юунаас чухал, сэтгэлд хамгийн нандин зүйл болж үлддэг. Энэ тухай хойш өгүүлэх болно.
Манай улсад сэтгүүлчийг эх сурвалжтай нь хамт удаан хугацаанд цагдан хорьсон жигтэй явдал болоод буй. Чухам юу алдагдах гээд сэтгүүлчийг удаа дараа хорьж цагдаж байгаа юм бэ хэмээн Монголын нийт сэтгүүлчид эсэргүүцэж байгаа. Гэтэл сэтгүүлч С.Баттулга нарыг шүүх хурал өнөөдөр товлогдсон байна. Эх сурвалжуудын таамаглаж байгаагаар бол уг эх сурвалжийн хүсэлтээр сэтгүүлчийг цагдан хорьсон бололтой. Тодруулбал, ахин үнэн мэдээлэл алдагдахаас айж шүүх цагдаатай хуйвалдсан байж болзошгүй хэмээн үзэж буй. Хэрвээ энэ албан бус мэдээлэл үнэн бол Монголын сэтгүүлчид төдийгүй ард түмэн ч эсэргүүцэл илэрхийлэхээс буцахгүйгээ мэдэгдсэн
Мөн хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол баяр наадмын уухай, амралт аялал, хэвлэл мэдээллийн байгууллагуудын амралтын үеийг далимдуулан ийнхүү сэтгүүлчийг цагдан хорьж улмаар энэ үеэр шүүх хурал болох гэж байгааг ч дуулгасан.
Тэгэхээр үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагийн хатууд үзэг түшсэн сэтгүүл явсан хүн. Цагийн хатууд сэтгүүл зүйн армид зүтгэж явсан Ц.Элбэгдоржид ч чамгүй дарамт шахалт ирдэг байсныг нуух хэрэггүй. Аль ч талаас нь харсан сэтгүүлчийг эх сурвалжтай нь хорьж байгааг зөвтгөх аргагүй. Үүнийг сэтгүүлч Ерөнхийлөгч маань дуулсан хийгээд мэдэж байгаа учраас дөрөв дэх засаглалд халддаг энэ байдалд анхаарал хандуулна гэдэгт нийт сэтгүүлчид найдаж байгаа юм. Юу юуны өмнө л сэтгүүлчдэд халддаг энэ байдлыг зогсоох нь зүйн хэрэг болчихсон.
Ер нь энэ мэтээр сэтгүүлчдэд ирдэг дарамт цөөнгүй бий. Ингээд сэтгүүлчдийг толгой дараалан барьж хорихын зэрэгцээ яллах гээд дайраад байвал юу болох вэ. Улстөр нийгмийн аль болохгүйг нь ил гарган шүүмжилж байдаг дөрөв дэх засаглалд төр засаг, шүүх цагдаа ийн хатуу хандаад байвал сэтгүүлчид төдийгүй ард түмэн ч тэмцлийн өөр хэлбэрт шилжиж болох юм гэдгийг хаа хаанаа мэдэгдэж буй.
Сэтгүүлч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэдий ч тэр ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн сэтгүүл зүйн армиа мартаагүй нь лавтай. Тэр тусмаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн салбар, албан байгууллага гэдэг аливаа хүний сэтгэлд хамгийн нандин зүйл болж үлддэг учиртай.
Н.Дөл
URL: