Их аварга Хакүхо М.Даваажаргал 35 түрүүгээ авлаа
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанд 69 Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандыг давснаар 14 даваа, нэг унаатайгаар башёд түрүүлж, 35 дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртсэн хосгүй амжилтын эзэн боллоо.
Энэ сарын 12-ны өдөр эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн олон сонирхолтой барилдааныг дурсамж болгон үлдээсний зэрэгцээ Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргал сүмогийн түүхэн дэх ялалтын дээд амжилтыг 35 болгон ахиуллаа. Тэрбээр, Нагоя башёгийн дараа ялалтын парад хийсэн бөгөөд маргааш эх орондоо ирж, энэ сарын 29-нд Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг тэмдэглэхээр төлөвлөжээ.
Энэхүү башёгийн дараа өрнөх бас нэгэн олны анхаарлыг татсан мэдээлэл бол 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаа /Макүүчи/-наас огт буулгүй барилдаж чадсан, олон олон дээд амжилтыг тогтоосон Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлахаар боллоо гэсэн мэдээ юм. Тэрбээр гурван даваа, 12 унаатайгаар энэ башёг өндөрлүүлсэн.
Нагоя башёгийн 15 дахь өдөр озэки Гоэйдо Кисэносатог давж 9 дэх даваагаа авсан бол шинэхэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Котошёогикүд унаснаар 11 даваатай башёг өндөрлүүлэв. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров Икиойгоор дөнгөж дөрөв дэх даваагаа авч энэ башёд тун тааруу барилдлаа. Харин Маэгаширагийн долоогоос босч барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил, М-14 Кагамио Б.Нанжид нар тавин хувийн амжилтаа үзүүлж чадлаа.
Монгол сүмочдын энэ башёд үзүүлсэн амжилтыг танилцуулбал, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-1, Ёкозүна Какүрюү М.Ананд 12-3, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-4, Сэкиваке Ичиножёо А.Ичинноров 4-11, Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-10, Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7, Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 6-9, Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 3-12, Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 8-6, Маэгашира 15 Сейро А.Өнөболд 6-8, Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 6-9 гэсэн амжилттай башёг өндөрлүүллээ.
URL: