Хятадын нүүрсний импорт буурсаар байна
ОХУ-ын БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, энэ оны тавдугаар сард хойд хөрш өмнөд хөршид 1.27 сая тонн нүүрс нийлүүлэв.
Энэ нь дөрөвдүгээр сараас 5.9 хувиар буурсан дүн. Экспорт саарсаар өнгөрсөн сард ч мөн дорвитой өссөнгүй. Гэхдээ Австрали болон Индонези өнгөрсөн саруудад хамгийн том нийлүүлэгчийн статусаа хадгалж үлджээ. Австрали, Индонезийн Хятадад экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас огцом багасч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буураад байна. Хятадын хоёр дахь томоохон нийлүүлэгч болох Австралийн компаниудын экспорт бага зэрэг сэргэв.
Тэд зах зээлд байр сууриа хэвээр хадгалах боловч экспортын хэмжээ нь эрчтэй уруудаж байгаа аж. Экспорт унасан нь нүүрсний үнийн уналтаас шалтгаалсан бөгөөд уурхайнууд олборлолтоо бууруулсантай холбоотой хэмээн зарим шинжээч дүгнэх болжээ. Бага хэмжээний уурхайн олборлолтын зардал нь нүүрсний үнийг давсан учраас олборлолтоо зогсоох хүртэл арга хэмжээ аваад байна.
Харин өнгөрсөн хагас жилийн хугацаанд Хойд Солонгосын БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 24.5 хувиар өсч буюу 7.52 сая тоннд хүрчээ.
Индонезийн Эрдэс баялаг, нүүрсний газар нь өөрийн орны нүүрсний олборлолтыг 425 сая тонн байна гэж таамаглаж буй. Үнийн уналт үргэлжилсээр байгаа нь Өмнөд Африкийн нүүрсний салбарыг ч тойрсонгүй. Тус улсын Европ руу экспортолсон нүүрсний хэмжээ мөн л өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар буурчээ.
Өмнөд Африкийн нүүрсний компаниуд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш БНХАУ руу нүүрс огт экспортлоогүй байна. Ашигт малтмалын газрын мэдээлснээр манай улс энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний зах зээлд нийт 6.9 сая тонн нүүрс экспортолсон байна
Б.Тулгат
Засгийн газрын мэдээ
URL: