Агаарын бохирдлыг багасгах талаар ХБНГУ-тай туршлага солилцлоо

cf40e4604e8fbb2a2a54167f8ba42dd1Монгол Улсын агаарын чанар, бохирдолтын асуудлаарх шинжээчдийн уулзалтыг     Монгол, Германы  Байгаль орчны яамд хамтран зохион байгууллаа.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдемани , БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцын удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр  нарын албаны хүмүүс, эрдэмтэн, судлаачид уг уулзалтад оролцлоо.  ХБНГУ-ын Элчин сайд   Герхард Тийдеманий хэлснээр,   тус улс   хэдхэн жилийн өмнө агаарын бохирдлоор тэргүүлэх эгнээнд ордог байжээ. Гэхдээ шат дараатай олон ажлын үр дүнд агаарын бохирдлоо  бууруулж чадсан байна.

Харин БОНХАЖЯ-ныХүрээлэн буй орчин байгалийн нөөцын удирдлагын газрын дарга Г.Нямдаваа  “2010-2015 онд гэр хороололд оршин суух өрхүүдэд утаагүй зуух тараах, түүхий нүүрсний хэрэглээг багасгах гэх зэрэгт “Цэвэр агаар”  төслөөс  нийт 89.84 тэрбум төгрөгийн  санхүүжилт гаргасан. ХБНГУ-тай хамтран зохион байгуулж байгаа уг уулзалт  бидний хамтын ажиллагааны гол үндэс суурь болж, агаарын бохирдлыг багасгах талаар туршлага хуримтлуулахад их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн ХБНГУ-ын Үндэсний их сургуулийн  доктор Гүнтэр Баумбах “2011 оны Дэлхийн банкны тайланд Монгол Улс, Улаанбаатар хот тоосжилтоороо дэлхийд нэгдүгээрт  жагссан байсан. Улаанбаатар хотын хувьд хойд талаараа шигүү гэр хороололтой, дөрөвдүгээр цахилгаан станцаас бусад нь утаа тоосжилтыг шүүх шүүлтүүргүй, гэр хороолол болон автомашины шороон зам тоосжилтыг их үүсгэдэг.

Түүнчлэн суудлын болон нийтийн тээвэрт явж буй автобуснуудын ялгаруулах хорт утаа гээд агаарын бохирдолд нөлөөлж байгаа олон хүчин зүйлс байна. Энэ бүгдийг шийдвэрлэхэд зөв аргачлал хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас манай улсад утаан хөшиг ихэсч, эрүүл мэндэд заналхийлж эхэлсэн. Бид 1957 онд агаарын бохирдолтой тэмцэх комисс байгуулж, 1970 оныг Байгаль хамгаалах жил болгон зарлаж, 1985 онд анхны утаа хэмжих дохиолол байрлуулж, хорт утааг ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж эхэлсэн. Мөн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, үйлдвэрүүдийн яндангаас гарах утааг бүрэн цэвэрлэх төхөөрөмж суурилуулсан зэрэг ажлуудыг хийсэн” гэлээ.

ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Монгол Улсад агаар бохирдуулагчийг хянаж шинжилж байдаг 10 станц байдаг. Бидний хийсэн судалгаагаар агаарын бохирдолд гэр хороолол 80 хувь, авто машин 10 хувь, цахилгаан станц зургаан хувь, хөрс шорооны бохирдол дөрвөн  хувиар нөлөөлж байна. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд хотгор газар оршдог нь утаат хөшиг тогтох гол үүсвэр болж байна” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих