Д.Сугарын булхай хэдэн ч боть болж мэдэх нь

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хууль бус үйлдлүүд олонд ил болох нөхцөл нь бүрджээ. Авилгатай тэмцэх газарт баяр хөөртэйгөөр шалгуулж байгаа энэ эрхэм муу эр дайнд хөөрдгийн үлгэрээр луйвар булхайг нь илрүүлэхийг тэсэн ядан хүлээж буй бололтой. “Даан ч та нар чаддаггүй ш дээ” ухааны юм яриад сууж байгаа нь Монголын төр дэх авилга, хээл хахуулын нэгэн үеийн томоохон төлөөлөл гэдгийг нь гэрчлэх юм.

Тэрбээр “Дарханы хар төмөрлөг”-ийн үйлдвэр, “Эрдэнэт”-ийн хооронд хутгасан бантангаа залруулж амжаагүй байхад нь Авилгатай тэмцэх газраас шалгаад эхэлсэн. Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж эхэлсэн цагаасаа л болж бүтэхгүй бүхэнтэй нэр холбогд;ог нэгэн гэдгийг хүн бүр мэднэ.

Учир нь түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж эхэлсэн үеэс л энэ мэт хэл ам дагасаар иржээ. Ямар ч байсан шалгуулж буй хэрэг бүхэн баримттай бөгөөд Д.Сугарын булхайг шил шилээр нь нэрлэвэл АТГ-ын хамгийн том гавьяаны нэгд тооцогдох юм. Мөн тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АТГ-ынхан намайг Төрийн өмчийн дээд албан тушаалд байдаг учраас байнга л дуудаж, шалгаж байдаг. Тэглээ гээд Д.Сугарын буруутайг нь тогтоочихсон зүйл алга л байна” гэж ам бардам арга залиараа бардсан байна лээ.

Бодоод үзэхнээ, Д.Сугар тэднийг аргалаад сурчихсан юм чинь булхайг нь яаж илрүүлэхэв дээ гэдэг үгтэй агаар нэг сонсогдож байна. Түүний арга, заль овжин ухаан төрийн өмчөөс торохгүй хулгайлсан үйлдлийг нь халхавчилна гэж “хашир бурхи” бодсон байх нь. Төрд хамааралтай өмчөөс өөрт хангалттай “наасан” баримттай нэр бүхий луйврыг нь энд сөхье.

Хувийн бизнесээ хөгжүүлэв

Хувийн бизнесээ “цэцэглүүлэх”-ийн тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээг үнэт цаасны улсын үйлдвэрт захиалан хэвлүүлэх шийдвэрийг Замын цагдаагийн газраар дамжуулан Д.Сугар гаргуулж байсан гэх. Тэгвэл тухайн үед буюу 2007 онд үнэт цаасны улсын үйлдвэрийн тодорхой хувьцаа Д.Сугарын мэдэлд байсныг эх сурвалжууд баталдаг.

Тиймээс улсын хэмжээн дэх бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэн солих асуудал сөхөгдсөн бөгөөд бүр, нэг ширхэгийг нь 800 төгрөгийн өртгөөр хэвлэх эрхийг өнөөх Д.Сугар үйлдвэртээ ямар ч тендергүй авч өгсөн байх юм. Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 150 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг.

Тэгэхээр нэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг 800 төгрөгөөр үйлдвэрлэлээ гэхэд дор хаяж 10.5-11.3 тэрбум төгрөг болно. Энэ бүх мөнгө Д.Сугарын үйлдвэрт автоматаар ороод ирсэн нь мэдээж. Харин сэргэлэн “товарищ” үүнээс хэдийг нь “арын” халаасандаа хийсэн нь тодорхойгүй. Сонсоод байх нь ээ, тэр үед эрхэлж байсан бизнестээ зарцуулсан төдийгүй бирд өгөө юу гэлтэй цоо шинэ хоёр жийп хөлөглөх болсон гэнэ.

Монголын баялгийг худалдах гэсэнд нь хариуцлага ноогдуулаагүй
Д.Сугарын нэлээд дээхнэ үед нэр холбогдсон ээлжит “дуулиан. Манайдаа томд орох Асгатын мөнгөний орд хэд, хэдэн дарга нарын зангианы хөлсөнд нэвчирснийг бид бүхэн тод санах учиртай. Үүний голд мань Д.Сугар толгой цохиж явсан гэж байгаа. Асгатын асуудал угийн ээдрээтэйн дээр Засгийн газар ч бас хутгалдаж амжсан.

“Монросцветмет” нэгдэл бол манай баялгыг чимээгүй цөмөгчдийн нэг. Тус нэгдлийн ерөнхий захирал О.Эрдэнээ, Д.Сугартай дөрөө харшин Оросын “Полиметалл” компанид зарахаар завдсан байдаг. Гэхдээ аливаа асуудалд “хөрвөх” чадвартай  Д.Сугар энэ хэргийг бусаддаа тохож, өөрөө зайдуухан зогссон гэдгийг тодхон санаж байна.

Хачирхалтай нь хууль бус гэрээ байгуулсныг мэдсэн хэрнээ Засгийн газар тэдэнд хариуцлага ногдуулаагүй нь одоо ч хуучраагүй сэдвийн нэг. Зарим хүний ярьж буйгаар тухайн үед М.Энхболд Ерөнхий сайдын албанд байсан учраас О.Эрдэнээ, Д.Сугар нарыг хойгуураа гаргасан аж. Ерөнхий сайд асан М.Энхболд 266 тоот тогтоол баталж төрийн өмчийн компани байгуулжээ.

Үүний цаад санаа нь Монголын ашигт малтмал, эрдэс баялаг бүхий орд газрууд тэдний лицензийг эрх мэдэлдээ атгах зорилго агуулж байсан дор Су.Батболд, Д.Сугар нар санаа нийлсэн гэдэг.

Тавантолгойн тэнэсэн төсөөлөл
Д.Сугар дарга сүрхий овжин нэгэн. Тавантолгойг гэрээлсэн Засгийн эрх баригчид Хятадуудад 40, Оросууд 36, АНУ-ын компаниуд 24 хувийг тус тус эзэмшүүлэхээр болсон. Гэтэл тэр хувьцаа гээд байгаа зүйлээс нь манай улсын нэг хүнд хоёр, гуравхан шуудай буюу 100 грамм ч хүрэхгүй нүүрс ногдов.

Харин өнөөх Д.Сугар бодож, бодож хувьцааны нэрлэсэн үнэ нь 100 төгрөг л болж байна шүү дээ гэж цэцэрхсэн байх. Дээрх гэрээ техник эдийн засгийн ямар ч үндэслэлгүй болсныг хэвлэлээр хангалттай бичиж байна. Гэтэл Д.Сугар ёстой л бүдүүн тоймоор аваад хаячихаж. Харин ч нэг амандаа орсноо тархиндаа багтааж байгаад хэлчихсэн нь энэ юм байх. Төрийн өмчийн хорооны дарга нь ийм хайш, яайш тооцоо гаргаад байхаар тэр гэрээний үнэ цэнэ юу болохов.

Ямартай ч Д.Сугар гаргаж тавьсан төсөөллийн хувьцаанаас хэдийг унагахаар санаархсан нь сонирхолтой.

Аваргад тал зассан “АСА” циркийн булхай

Их аварга Д.Дагвадорж түүний ах Д.Сэржбүдээ нарын”АСА” баг Улсын циркийг хувьчлах тендерт комиссын үнэлгээнд оноо дутаж бүдэрснийг хүмүүс төдийлөн мэдээгүй. Харин “Монгол цирк” баг тендерт чамгүй өндөр оноо авах хандлагатай байсныг шинжээчид дүгнэсэн байдаг. Үүнд оролцсон гэх ТӨХ-ны дарга Д.Сугарыг зориуд тендер будлаинтуулсан хэмээн “Монгол цирк” багийнхан шүүхээр хэдэн cap хөөцөлдсөн ч танил тал, нутаг нугын ах дүүсийг яаж ч чадаагүй.

Албан тушаал, арга заль мэхээ ашиглан байж Д.Дагвадоржид циркийг шууд өгчихсөн Д.Сугарын энэ үйлдэл мөн л чимээгүй өнгөрчээ.
Мөн “Хадгаламж” банкны хувьчлалын тааруу үр дүнд ОХУ-ын Братскийн ардын банк наймаагаа буцаах эсвэл манай Засгийн газраас 12 сая ам.долларыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр сонголт үлдсэн нь тухайн үедээ л шуугиан тарьж байлаа.

Энэ бүх будлиантай хувьчлалаас Д.Сугар нэг л мэдэхэд хөндийрчихсөн нь гайхалтай.

Дундын зуучлалгүйгээр дураар аашлав

“Дарханы хар төмөрлөг үйлдвэр” 2008 онд Хонконгийн “Стандартниклс” компанид 45 мянган тонн бэлдэц нийлүүлэх гэрээ байгуулахдаа тус үйлдвэрийн дарга Г.Ганболд, ТӨХ-ны дарга Д.Сугарын гарын үсгээр баталгаажуулсан байна. Үүнийг Эрдэнэтийн тал мэдээгүй боловч төд удалгүй энэ гэрээг ил болсноор асуудал дэгдсэн аж.

Нэг тонныг нь 550 мянган төгрөгөөр бодож гэрээ байгуулснаа Д.Сугар ажилчдын цалин олголт удааширсан, төмрийн бэлдэц агуулахаар нэг дүүрсэн бөгөөд худалдан авагч эрс цөөрсөн гэсэн байна. Энэ талаар Д.Сугар хэвлэлд “Тэр гэрээнд гарын үсэг зурахад цааргалах зүйл байгаагүй. Түүн дээр нь “зөвшөөрөв” гээд л гарын үсгээ зураад явуулчихсан гэв.

Тэгээд одоо болохоор хоёр үйлдвэрийн дундуур ороод байсан зүйлгүй хэмээж байгаа. Яагаад ийм учир битүүлэг, огт үндэслэлгүй зүйл ярьснаа өөрөө ч ойлгохгүй байгаа бололтой. Уг нь төрийн өмчид хамаарах том компанийн зуучлагчийг солих чухал асуудалд тийм хайнга хандах учиргүй баймаар.

Тэгээд бүр ямар гэрээн дээр гарын үсэг зурснаа сайн мэдээгүй гэж хээв нэг хариулсан байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрт бүтээтдэхүүн нийлүүлсэн явдал түүнтэй огт хамаагүй л байсан юм бол яагаад гарын үсгээ зурсан гэж. Тэгээд хариуцлага нь эцэстээ өөр дээр нь ирэхийг олон жил шалгуулж “сурсан” хүн мэдэх л ёстой.

Бодвол тэр тэнэг хүн хуурах гэж байгаа мэт ийм утгагүй зүйл ярьчихаад зүгээр яваад өгнө гэж бодсон бололтой. Гэвч олон хавар нэгэндээ гэдэг шиг Д.Сугарын хэдэн жил хуримталсан бузар, булай бүхэн өнөө маргаашгүй дэлгэгдэх вий.

Тэрбээр нутгийнхаа 80 жилийн ойд нисдэг тэрэг хөлөглөн очсон гэх яриа чих дэлслээ. Үүнийг мөн л тайлбарлахдаа “Нисэхээс онгоц хөөрөх гээд байна гэсэн. Улсын ажил цалгардуулахгүйн тулд түргэн оччихоод ирье гэж бодсон шүү дээ. Яахав нутгийн удирдлагууд зон олонд бэлэг барих санаатай шүхэрчид аваад очсон. Надтай бас хамаагүй” гэжээ.

Ер нь Д.Сугарын оролцсон ажилд тэр өөрөө хамаатай байдаг юм болов уу. Бүхэл бүтэн төрийн өмчийн зуучлагч солихдоо зурсан өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулагч болчихоод эцэстээ надад хамаагүй гэж байдаг. Онгоцоор ниссэнээ ч мөн надтай огт хамаагүй, хаана хэний онгоцонд сууж явснаа ч мэдээгүй гэх шиг.

Юм бүхнийг булзайруулаад байдаг хүн цаанаа л “но”-той байдагтай адил түүний хууль бус үйлдлүүд шил шилээ даган гарсаар тууж, боть хэвлүүлэх хэмжээний болох нь. Хаана хэнтэй ч яваагаа мэддэггүй ийм нөхрөөр Монгол Улс “Эрдэнэсийн сангаа” мануулсаар байх хэрэг үү.

Т.Батсугар

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих