Замын стандартад “засвар” хийе

11666283_603176476452022_3845001604879748380_nЗам дагаж хөгжил ирнэ” гэдэг манайх шиг “хойрго” зантай улсын хувьд  эл хэллэг “хэзээ ч” биелэлээ олохгүй шиг ээ. Угтаа бол хөгжил гэгч эрхэм шинэ зам дагаж ирдэг гэлцдэг ч энэ нь үнэн бол бид бусад орноос хэдэн зуунаар хөгжихөөр цаг хугацаа өнгөрчихөж. Автозам нь гадагшаа нарны цацраг шиг задарч улс хөгждөг атал манайх шиг ойр хавиа нүүлгэж сэлгэж, нэгнээ орон гэргүй болгох шахан  тулга дотроо хөгждөг орон алга. Магадгүй, уншигч авхай та юу тухай өгүүлж буйг гадарласан биз. Урин хавар айлчлах үест газрын хэвлий нүхэлж, нүх үлдээсэн зам засварын ажил өрнөдөг их хотын уламжлал өнөө жил үргэлжилсээр. Энэ жил нийслэл хотод зам засварын нилээд олон ажлууд хийгдэхийг нийслэлийн авто замын газраас мэдээлсэн билээ. Тодруулбал он дамнасан, нийслэлийн төсөв хөрөнгөөр, замын сангийн хөрөнгөөр, хөгжлийн банкны хөрөнгөөр зэрэг нийт 91.5 тэрбум төгрөгөөр зам засварын ажил хийж буй.
 Нийслэлийн зургаан дүүрэг тус бүр 1.5 тэрбум төгрөгийг зам засварт зарцуулна. Мөн энэ жил 11 компани авто замын засвар, арчлалтын тендерт шалгарч зам засварын ажлыг гүйцэтгэхээр болсон хэмээн албаныхан хэлж байлаа. Хэрвээ авто зам 15 мм буюу нэг см өргөнтэй хагарсан бол нөхөөс хийдэг юм байна. Түүнээс дээш хэмжээтэй байх юм бол асфальтан бетоноор хучдаг аж.. Гэтэл эл зун өнөөх л бахь байдгаараа муйхар аргаар зассан замын ажил үргэлжилж байна. Хэдий болтол нялцгай гурил шиг нэг л аргаар өндөр төсөв цацаж, замаа засах улс вэ. Жил бүр л бухал шороог асфальтаар булсан зам тавьж, эцэст амаа барихын оронд ашиглаж буй технологи арга барилаа өөрчилж үзэж яагаад болохгүй гэж. Угтаа бол учир мэдэх нэгний өгүүлснээр автозамд тавигддаг дэлхийн стандартын хэмжээ горим нь нэг метрийн зузаан шороон дээр 40-50 см бетон зуурмагаар хучиж, 15-25 см аспалт тавьж байж сая нэг шаардлага хангахуйц энгийн зам гэж үздэг аж. Гэтэл манайд энгийн зам битгий хэл, элдэвийн зам тавьдаг стандарт мөрдөгддөг байх юм. Учир нь манай улс жил бүр замын ажилд төсөв хөрөнгө ихээр зарцуулдаг мөртлөө ердөө л шороогоор хучаад асфальтаар өнгөлдөг төдийхөн ажил хийдэг аж. Албаныхны хэлж буйгаар  нь асфальт нь сийрэг материал тул завсраар нь ус орсноор хучмал шороог сулладаг тул чанар аюулгүй байдлыг хангасан зам тавьж чадахгүй байдалд ордог гэнэ.
Харин зам дагаж хөгжсөн орнуудын туршлагаас харвал бидэн шиг жил бүр замдаа хамаг төсвөө цацдаг биш, хэмнэлттэй бөгөөд нарийн технологиор тавьсан зам хэрэглэж эхлээд 20-иод жил болсон байна. Тодруулбал, олон улсын нэршилд “Георешетка объемная” гэдэг геосинтетик материалаар шороон хучилтаа нягтаршуулж, зам тавьж хөгжсөн түүх олон байх юм. Тус зам тавих аргыг сонирхвол, анх 1997 оноос бүрэн боловсруулж хэрэглэж хэлсэн бөгөөд Гүрж, Турк улсууд модон дөрвөлжинг ашиглаж, улмаар хөгжлийн явцдаа тээвэрлэж, зөөвөрлөхөд хялбар синтетик материал болтлоо хөгжүүлсэн байна.  Өндөр хөгжилтэй ихэнх орнуудын замын асуудлаа шийдсэн тус аргыг өдгөө АНУ, Канад тэргүүтэй хөгжингүй орнуудаас эхлэн, хөгжиж буй эрс тэс уур амьсгалтай орнууд, тэр ч бүү хэл хойд хөрш маань ч замын төсөлдөө хэрэглэх болоод удчихаж. Анх энэ аргыг үүсгэгчид паркын зам тавих ажилд хотгор газрыг тэгшлэх зорилгоор ашигласан бөгөөд арга нь нарийсч элстэй газарт ч замын хучилт хийх боломжтой болсон байна. Харин манайхны хэрэглэдэг шороог асфальтаар хучдаг арга хэдийнэ хоцорч орчин үетэй хөл нийлүүлэх басгүй хямд төсөр аргаар замаа сайжруулж, төсвөө хэмнэх аргыг гадныхан хэдийнэ хэрэглээндээ нэвтрүүлсэн нь энэ аж. Уян хатан бас тогтвортой, бат бах гэдгээрээ давуу тус арга зам тавихад хоосон зай гэж үлдэхгүй, нягтаршдаг, бусад гүйцэтгэгч материалуудтай сайн зохицдог ус чийгэнд тэсвэртэй төдийгүй хэт ягаан туяа зэрэгт тэсвэртэй материалын үндэс суурь нь бат бах, чанартай гэдгээрээ бусад замын материалуудаас ялгаатай гэхчилэн ашигт чанар их. Гэтэл ийм  зам тавих арга орчлонд хэдийнэ нэвтэрсэн байхад бид ч туршлага судалж, алхам хиймээр юм шиг. Үнэ өртөгийн хувьд ч ам.метр нь 50-180 хүртэл рубль гэх синтетик материал тун боломжийн мэт бичээч надад санагдав. За тэгээд юманд учир, суманд гичир гэдэгдээ элдэв том төсөл санаачлага хийсэн хавтас сугавчлан явахын оронд ард олонд тустай, хойч үеээ бодсон жижиг гэлтгүй ажил хийвэл дээрсэн дээ, албаныхаан.
Хүн ам нь саяд хүрсэн ихэнх метрополис хотууд авто машин, хүн амынхаа нягтаршилыг үйлчилгээний төвтэй метро барьж шийдсэн байхад манай харин эсрэгээрээ хөгжиж буй гэдгийг цардмал зам харуулж байгаа билээ.  Хүмүүс нь өссөнөөс биш, хөгжил нь урагшилсангүй. Учир иймд,  ард иргэдийг бухимдуулан байж, татвар төлөгчдийн хэдэн бороос жил бүр саахын оронд улиг болсон хуучин технологио халж, зам дагаж хөгжсөн орнуудаас суралцвал дээр биш үү, албаныхаан. Нэгэнт ёроолгүй саванд ус дүүргэхтэй адил, явцгүй замын технологиор бид хөгжилд хүрнэ гэдэг юу л бол.
Ж.ЧИМЭГ

- See more at: http://builder.mn/mn/news/show/3/1681#sthash.eTqfprca.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих