Цагаан тахлыг устгах “вакцин” байна уу?

-16102014-1413431587-1718529498-har tamhi1Хар тамхи гэгч цагаан тахал Монголд тархаж, одоо бүр хууль хүчний байгууллагынхан хэрэглэдэг болжээ.

Хар тамхины хэргийг илрүүлэхэд хэцүү, маш нарийн зохион байгуулалтад орчихсон байдаг

Уг нь анх рок попынхон тэргүүтэй урлагийнхан, мөнгөтэй бизнесмэн, улс төрийн томчуудын хүүхдүүд хэрэглэсэн, зөөсөн, гэртээ нуусан гэх хэргүүдэд ээлж дараалан холбогдсон. Улстөрчид бол ямар ч холбогдолгүй болгоод гаргаад авсан. Харин даган баяссан борчуудын хүүхдүүдээс зарим нь шийтгүүлж байв. Бас харийн оронд очиж зөөвөрлөгч хийгээд ялын дээд хэмжээ сонсч, гэр бүл, үр хүүхэд, элэг нэгтнүүдийнхээ элгийг эмтэлсэн Л.Байгалмаа, Ж.Дамдин, н.Бөхчулуунаас өгсүүлээд цөөнгүй хүн бий.

Мэргэжилтнүүд хэлэхдээ “Хар тамхины хэргийг илрүүлэхэд хэцүү, маш нарийн зохион байгуулалтад орчихсон байдаг” хэмээдэг. Тэр үнэн гэдэг нь харагдаж байна. Урдаас орж ирсэн хар тамхи зөөвөрлөгчийг Тээврийн хяналтын прокурор нь Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан найзтайгаа хамт тосч авахаар очоод баригдсан гэж байгаа.

Тэгвэл олны анхаарал сарнисан баяр наадмын өдрүүдэд хэрэг гарсан байдаг. Хоёр залуу мөнгө амласан хэн нэгний урхинд орсон зүгээр нэг Дорж, Батаа нар биш байгаа нь хамгийн аймшигтай. Тухайлбал, Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурор Х.Тамир л гэхэд өмнө нь Багануур, Баянзүрх дүүргийн прокурорт ажиллаж байж. Тэндээсээ дэвшиж, тээврийн хяналтын прокурор болсныг түүний үеэл УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатын татаас гэдгийг зарим хэвлэл онцолсон бол Х.Тамир УИХ-ын экс гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Д.Хувьтөгөлдөрийн хүү болох нь анхаарал татна. Түүнтэй хамт явсан найз Б.Амарбаясгалангийнх нь хувьд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ажиллаж байгаад Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор болсон. Энэ хугацаандаа буюу 2012 оны аравдугаар сард бусдыг дарамталж, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн зөрчил гаргаснаар ажлаасаа халагджээ. Ингээд өмнө нь ажиллаж байсан Мөрдөн байцаах албандаа очоод байхад нь бүтцийн өөрчлөлт болж, тус газар АТГ-тай нэгдэх үеэр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллах болсон ч удалгүй халагдсан байна.

Ер нь бол тахал таригчид маш нарийн зохион байгуулалтад орсон байдгийг, бас тахал томчуудын тоглоом нь ч, бас бизнес нь ч болсон гашуун үнэний талаар монголчууд сайн мэддэг болж байна. Одоо харин хууль, хүчний байгууллагынхан өөрсдөө хэрэглээд, оролцоод ирэхээр цагаан тахал цаашид давагдашгүй байдалд хүрч болзошгүй юм. Тиймээс энэ тахлыг устгах “вакцин” юу байх вэ гэдэгт хаана хаанаа гарц хайхаас аргагүй болжээ.

Ч.Зотол

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих