Том Крузийн дөрөв дэх эхнэр хэн бэ
Холливудын од Том Круз дөрөв дэх удаагаа гэрлэх гэж байгаа тухай шуугиан Америкийн шар хэвлэлүүдээр гарч эхэллээ. Жүжигчин Кэти Холмесоос салаад гурван жилийн нүүр үзэж буй Том Круз энэ удаа өөрийн туслах 22 настай британи бүсгүйд сэтгэл алдарсан гэнэ. Тэрбээр удахгүй нээлтээ хийх “Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалтдаа туслуулахаар Эмили Томасыг ажилд авсан ч тэд удалгүй зураг авалтын үеэр ойртож дотносон, бие биедээ дурласан хэмээн ойрын эх сурвалж нь хэвлэлд ярьжээ. 53 настай жүжигчин өнгөрсөн арванхоёрдугаар сараас туслахтайгаа болзож эхэлжээ.
Том Круз дараагийн киноныхоо ажлаар удахгүй Морокког зорих бөгөөд тэнд байхдаа туслах бүсгүйдээ гэрлэх санал тавьж магадгүй гэнэ. Энэ шуугиан дэгдэхтэй зэрэгцэн хэвлэлүүд Эмили бүсгүй Том Крузийн өмнөх эхнэр Кэти Холместой дүр төрхийн хувьд адилхан хэмээн харьцуулан мэдээлж эхэллээ.
Том Круз 1987 онд Мими Рожерстой гэрлэж, 1990 онд түүнээс салаад удаагүй байхдаа хоёр дахь эхнэр Николь Кидмантай хамт амьдарч эхэлсэн билээ. Харин бага охин Суригийн ээж Кэти Холместой 2006 онд гэрлэсэн юм.
Эх сурвалж: Dailymail
Б.Сэвжидмаа
URL: