Байшинтын дивизийн эмгэнэлт өдрүүд

527-1437620733baishintАрхивын баримт үнэнийг өгүүлнэ 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Жамъянгийн Гончиг 2004 онд Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Эрдэнэбатын нэр дээр нэгэн бичиг ирүүлжээ. Тэрхүү бичигт “1936, 1937 онд Байшинтын VII морьт дивизэд алба хааж байсан дайчдаас олон хүн нас барсныг эсэргүү нар гүний худагт хортой, англи давс хийснээс болсон гэсэн яриа өнөөдрийг хүртэл итгэл үнэмшилтэй байсаар байна. Энэ тухай Батлан хамгаалахын төв архивт хадгалагдан үлдсэн материал байдаг бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, олон түмэнд нэг мөр цэгдтэй ойлголт өгч болдоггүй юм уу?” гэсэн утгыг агуулжээ.
Энэ талаар судалгаа хийсэн тухайн үеийн Архивын дарга, хурандаа Т.Оюунбазарын гарын үсэгтэй 2004 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн албан тоот БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт ирсэн байна. Харин Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Эрдэнэбат тэрхүү хариу бичгийн хуулбарыг надад өгч “Хэрвээ шаардлагатай гэж үзвэл сониндоо нийтэлж болох юм” гэсэн санааг хэлж байснаас хойш 10 гаруй жил улиран оджээ. Миний хавтсанд арван өвлийн цас хялмаалахыг “үзсэн” энэ баримтад салхи савир оруулах цаг нь болжээ.
Тэгээд ч Байшинтын VII дивиз гэдэг нь миний төрж өссөн Сүхбаатар аймгийн Баян-дэлгэр сумын нутаг дахь одоогийн Хонгор багийн төв юм. Бид хүүхэд байхдаа бишгүйдээ л тэр дивизийн газар доорх хоргодох байраар нь орж тоглож, ханын будаг нь хүртэл бараг хэвээрээ шахам байхыг харж гайхаж л байсан.
Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн бичигт Эсэргүү нараас байлдагч нарын биеийг олноор үхүүлэн хорлон сүйтгэж байсныг засах тухай Цэргийн явдлын яам (ЦЯЯ)-ны сайд, Бүх цэргийн жанжин Х.Чойбалсангийн тушаал 1937 оны арваннэгдүгээр сарын 2-нд гарч, эл байдлыг шалгах комиссыг Бүх цэргийн прокурор, дивизийн комиссар Банзрагчаар даргалуулан томилсон бөгөөд энэ комиссын шалгалт хийгээд гаргасан дүнгийн илтгэл манайд хадгалагдаж үлдээгүй аж.
Хожим 1959 онд МАХН-ын Хянан шалгах хорооны дарга Т.Гэндэнгээр удирдуулсан Эсэргүү нарын хэргийг шалгах комисс байгуулан, уг асууддыг шалган судлаад дараах дүгнэлтийг хийжээ. Тэнд “Цайргүй зэс тогоонд хоол хийснээс цусан чацга өвчин тархсан, Байшинтын дивизийн худагт хортой англи давс хийсэн нь нотлогдоогүй, зэс тогоонд урьд нь хийдийн лам нар хоол хийдэг байсан юм.
Олон хүн үхэж байсан шалтгааныг Дотоод яамны ангийн төлөөлөгч Гомбодорж, Пундагбалжир, бага эмч Жамсран нарын болон тэр үед шалгасан хүмүүсийн тодорхойлолтоос үзэхэд гэдэсний хурц халдварт өвчнөөр нас барж байсан нь үнэн. Дайсны хорлол гэх зүйл илрээгүй, дивиз шинэ газар нүүж очоод удаагүй учир анги ахуйн талаар гачигдалтай, орон сууцны нөхцөл муу, хүйтэн, хоол хүнс муу, цэргүүд өвлийн хувцсаар хангагдаагүй байсан зэрэг нь өвчин даамжирч, олон хүн нас барахад нөлөөлсөн бололтой” гэжээ.
Архивт хадгалагдаж байгаа баримтуудыг шалгаж үзэхэд тус VII дивизээс 1937 онд 83 хүн нас барсан баримт нэрсээрээ байдаг. Өвчин эхэлсэн 1936 оны зургадугаар сараас 1937 оны долдугаар сар хүртэлх хугацаанд гаргасан мэдээгээр 200 гаруй хүн нас барсан болохыг бичсэн байна. Төгсгөлд нь Т.Оюунбазар хурандаа “Худгийн ус ууж хордож нас барсан хүмүүсийн асуудлыг улс төрийн эсэргүү үйл ажиллагаатай холбон үзэх үндэслэлгүй болов уу” гэсэн хувийн саналаа илэрхийлжээ.
Хүндээр нэрвэгдсэн байшинтын VII дивиз
Монгол оронд 1930-аад оны үед өрнөсөн лам нарын, 1933 оны Ш.Лхүмбийн, 1936 оноос П.Гэндэн, Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү хэрэг хэмээн нэрлэгдсэн улс төрийн хэлмэгдүүлэлттэй зэрэгцэн зүүн хязгаарын ангиудад алба хааж байсан Монгол ардын хувьсгалт цэрэг (МАХЦ)-ийн олон дайчин өвчнөөр нас барахад Байшинтын VII морьт дивиз илүүтэй хохирол амссан байна.
ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны 1936 оны зургадугаар сарын 1-ний өдрийн тушаалаар тус дивиз Хэнтий аймгийн төв Өндөрхаанаас Сүхбаатар аймгийн Хонгор сум буюу одоогийн Баяндэлгэр сумын нутаг Байшинт сүм гэдэг газар шилжин байрлажээ. Дивизийн дарга Ж.Даваажаргалын бичсэн 1936 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн цахилгаан хуудсанд “Энэ өдөр 300 хүн өвчтэй хэвтэж байна, 100 шахам хүн эдгэрэн гарсан. Эмийн зүйлсийг өчигдрийн шаардсан ёсоор ирүүлэхгүй аваас хэд хоногийн эцэст ихээхэн хүнд байдалд орж магадгүй” гэжээ.
Үүний хариу болгож ЦЯЯ-ны Улсыг сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын Төв тусгай хэлтсээс гаргасан тусгай мэдээнд “Байшинт дахь VII морьт дивизийн дотор өвчилснийг үүний урьд арванхоёрдугаар сарын 19-нд тусгай мэдээнд тодорхой тэмдэглэж явуулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 25-нд дахин хүлээн авсан мэдээнээс үзвээс “Энэ өдөр өвчтэй хүмүүс 388 болжээ. Үүний нэгэн хамт дээр дурдсан тусгай мэдээнд тэмдэглэсэн эмийн талаар дутагдалтай байсан байдал нь эдүгээ хүртэл хэвээр” гэж бичсэн байна.
Энэ өдрөөс хойш нэг сар гаруйн дараа буюу 1937 оны хоёрдугаар сарын 6-нд дивизийн дарга Ж.Даваажаргалаас ЦЯЯ-ны удирдлагад явуулсан яаралтай цахилгаанд “Бүх өвчтөн 75. Үүний өмнө ангийн бүх өвчтөн даруй 400 гаруй болж байсан, одоо дахин ийм тоонд хүрлээ. Бидний зүгээс аль болохоор арга хэмжээ авч байгаа боловч зарим талаар уушгины болон халуун ханиад өвчин халдварлах нөхцөл улам ихээр нэмэгдэв. Ангийн их доктор Киселёвын бие өөрийн ажилд хариуцлагагүй, тушаал шийдвэрийг зөрчих, өвчтөнөө эмчилж, асрахгүй байх зэрэг хойрго байдал олонтаа давтагдаж байна. Мөн тус ангийн өвчтөн дайчдыг хурдан шуурхай эмчлэн эдгэрүүлэх ажилд туслахаар ирсэн их доктор Диков сүүлийн үед ажил хийхээ бараг болив” хэмээн хүчин мөхөсдөж буй тухайгаа илтгэж байжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд Байшинтын VII морьт дивизийн дайчдын дунд гэдэсний хурц халдварт өвчнөөс гадна хурц халдвартай хоолойны ханиад, уушгины өвчин, халуун ханиад газар авч, олон арван хүн өвчилж, эм, тариа дутагдалтайн зэрэгцээ чухам яагаад ч юм бэ, эмч нар нь өвчтөнүүддээ төдийлэн анхаарал тавьдаггүй байсан нь ийнхүү баримтаар нотлогдож байна.
Дашрамд тэмдэглэхэд, хүмүүсийн ам дамжсан яриа болон зарим нэг буруу ташаа баримтад Байшинтын VII дивизэд алба хааж байсан 700-800 хүн нас барсан гэж дурдагддаг ч, Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаж байгаа баримт эцсийн хариу болох нь дамжиггүй билээ. Тухайлбал, 1936 оны аравдугаар сараас 1937 оны долдугаар сар хүртэлх хугацаанд 237 хүн нас барсан гэж тэмдэглэжээ. Харин энд 1937 оны дөрөвдүгээр сарын мэдээ байдаггүй юм байна. Гэвч яаж ч бодсон ганцхан сарын дотор 500 гаруй хүн нас барах үндэсгүй шүү дээ.
Бусад дивиз ч мөн адил хүндхэн байжээ
Архивын баримтаас харахад 1936-1937 он буюу Байшинтын VII дивизийн хамгийн хүнд үед даргаар нь Ж.Даваажаргал ажиллаж байжээ. Эх орон, армиа гэсэн чинхүү сэтгэлээр хандаж байсан энэ хүн тэр үеийн ЦЯЯ-ны дээд удирдлагууд болох Г.Дэмид, Д.Малж, Наваанлувсан нарын олон дарга нарт ойр ойрхон цахилгаан хуудас бичиж, тэднээс заавар зөвлөгөө авч байсан бололтой.
Тэрбээр нэгэн удаагийн цахилгаан хуудсандаа “Ангийг ариун цэвэрч байлгах, өвчтөнийг түргэн анагааж эдгэрүүлэх, аж ахуйн талаар гачигдал багатай болгох, халуун усанд тогтмол оруулж байх, өвчнөөс сэргийлэх талаар гаргаж байсан тушаал, шийдвэрүүдийг биелүүлэхийн тулд чармайн зүтгэж байгаа ч бидний зүгээс дутагдал байгааг үгүйсгэхгүй. Бусад зүйлийг дээрээс ирсэн удирдлагуудад рапортоор илтгэе. Харин миний тушаалыг үл биелүүлсэн орос докторыг шийтгэх эрх байх эсэхийг лавласан боловч хариу ирээгүй байна” гэж учирлаж байжээ.
Тэрхүү он жилүүдэд Матадын хэмээн нэрлэгдсэн V, VIII морьт дивизэд ч мөн өвчлөл их байсан нь Жанцанхорлоо гэгч хүний ЦЯЯ-нд ирүүлсэн цахилгаан мэдээнээс эшлэж болох байна. Тухайлбал, 1937 оны гуравдугаар сарын 2-нд ЦЯЯ-ны сайд Г.Дэмидийн нэр дээр ирүүлсэн цахилгаан мэдээнд “Матадад уушгины өвчин үргэлжилж, эсэргэнтэй ханиад цааш үргэлжлэх магадлалтай тул Баянтүмэний докторыг ирүүлэхээр шийдвэрлэж байна” гэснээс тод харагдаж байна.
Байшинтын дивизийн дарга нар бүгд хэлмэгдэв
Байшинтын VII дивизийн анхны даргаар дивизийг мэдэгч цолтой Шаравын Жадамбаа ажиллаж байжээ. Дараа нь дивиз командлан захирагч Банзрагчийн Гончигшарав, бригад командлан захирагч Хандын буюу Цэндийн Дашпунцаг, бригад командлан захирагч Жамсрангийн Даваажаргал, хурандаа Дамбын Цэрэн, дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэн зэрэг МАХЦ-ийн шилдэг дарга нар XX зууны дөчөөд он хүртэл буюу өөрөөр хэлбэл их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ажиллаж байсан хөөрхийлэлтэй хувь тавилантай хүмүүс байжээ.
Тэд бүгд хэлмэгдэн цаазлуулсан нь нэн өрөвдөм. Байшинтын VII дивизэд 1936 онд хугацаат цэргийн алба хааж, хожмоо “Улаан-Од” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа агсан Д.Мажигжавын 2003 оны арваннэгдүгээр сарын 14-нд ярьсан дурсамж нь Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаж байна.
Тэрбээр “Би 1936 оны аравдугаар сард цэргийн албанд мордож, дивизийн хөгжимд бүрээчин цэрэг боллоо. Тэр үед цэргийн ахуй байдал туйлын муу байсан. Барьсан казарм газраараа шалгүй. Дарга нарын худаг, цэргийн худаг гэж байгаагүй. Харин ундны ус авдаг хоёр худаг ойролцоох дэрсэн дотор байсан. Тэр хоёр худаг одоо ч байгаа. Цэргийн казармыг барихаар бэлдсэн тоосгыг дээрх хоёр худгийн дэргэд хийсэн юм.
Олон цэрэг нас барсан шалтгаан нь миний бодоход, цэргүүд хүйтэнд маш их даарсан, хоол унд муу, усны чанар хангалтгүй зэргээс шалтгаалсан байх. Цэргүүдийг Заванов гэдэг буриад хүн эмчилж байсан. Хэдийгээр Орос, Монголын чадвартай эмч нар нойр, хоолгүй зүтгэж байсан ч үхлийг зогсоож чадаагүй юм. Нас барсан цэргүүдийг морин тэргэнд дүүрэн ачаад явж байхыг олонтаа харсан.
Нэг удаа дивиз үндсэн байрлалаасаа холгүй хээрийн сургуульд явсан юм. Тэр сургуульд явж байхад энд тэндгүй цэргийн хүүр тааралдаж байсныг тод санаж байна.Одоо чөлөөнд байгаа бэлтгэл хурандаа В.Намхай, Т.Жунай нар тэнд алба хааж байсан. Т.Жунай дивизийн тагнуул ангийн дарга байснаа, моторын хорооны дарга болсон юмдаг. Нас барсан цэргүүдийг хотгор, гүдгэр газруудад л тавьж байсан байх. Хавар дулаан орсон үед маш муухай үнэр гардаг байсан. Бодоход цэргүүдийн хүүрнээс л үнэртдэг байсан байлгүй” гэж ярьжээ.
Мөн өөрийнх нь гэдэс өвдсөн учир чөлөө авч, Байшинтын дивизээс 41 км-ийн зайтай нутаглаж байсан гэртээ очиж, сар шахам болоод эдгэрээд буцаж ирэхэд П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү хэрэг гэгч дуулиан ид хүчээ авч байсан тухай ч өгүүлсэн байна.
Жамсрангийн Даваажаргал гэж хэн байв 
Байшинтын VII дивизийг бригад командлан захирагч албан тушаалтай 1936-1937 онд командалж байсан Ж.Даваажаргал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 1910 онд төржээ. Багын өнчин өрөөсөн өссөн түүнд их жанжин Д.Сүхбаатар анхаарлаа хандуулснаар 12 настайдаа цэрэг армитай амьдралаа холбосон аж. Өөрөөр хэлбэл, 1922 онд цэргийн албанд ирж, 1924 оноос Сүхбаатарын сургуульд суралцаж, сумангийн дарга, улмаар нутгийн III хорооны штабын дарга болжээ.
1931 оноос Хязгаарын 15 дугаар хорооны штабын дарга, 1932 оноос V морьт дивизийн штабын дарга, 1934 онд Бүх цэргийн жанжны нарийн бичгийн дарга, 1936-1937 онд VII морьт дивизийн дарга, 1937 оны тавдугаар сараас V морьт дивизийн даргаар ажиллаж байгаад П.Гэндэн, Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллагын хэрэгт холбогдон 1937 оны есдүгээр сарын 14-нд баривчлагдаж, Онцгой Бүрэн эрхт комиссын 1937 оны аравдугаар сарын 25-ны өдрийн нэгдүгээр тогтоолын дагуу цаазлагджээ.
Гэтэл ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаас хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан дарга нарыг шагнах тухай 1936 оны долдугаар сарын 19-ний 60 дугаар тушаалд дивизийн захирагч, бригад командлан захирагч Жамсрангийн Даваажаргал, нэгдүгээр хэлтсийн дарга, дивиз командлан захирагч Мөрцэрэнгийн Гомбо нарыг “Суудлын хөнгөн машинаар шагнасугай” гэсэн нь цаазлагдахаас нь нэг жил хүрэхгүйн өмнөх хугацааны асуудал байв.
Ийнхүү түүхийн баримтыг цааш нягталбал зөвхөн Байшинтын VII дивиз бус, Матадын V, VIII зэрэг дивиз, ангиудад ч мөнөөх өвчин хурдацтай тархаж, олон зуун дайчид харамсалтайгаар нас барсан бүртгэл Батлан хамгаалахын төв архивт овог, нэртэйгээ хадгалагдаж байна. Магадгүй энэ бүхнийг нийлүүлбэл дээр дурдсан 800 гэдэг тоо үнэний ортой ч байж болох.
Баруун аймгийнхан олноор үлдсэн
Архивын баримт болоод бэлтгэл дэд хурандаа Д.Мажигжав агсны дурсамж зэргээс эргэцүүлэхүй, биднийг бага байхад тус дивизийн талаар элдэв яриа бишгүй л байсан. Их өргөө, Бага өргөө хэмээх хоёр толгойн ар шилэнд гуу, судгаар дүүрэн хүний яс бөөнөөрөө цайвалзан байсан нь саяхан даа. Одоо ч байгаа л байх. Мэдээж, тэр нь тухайн он жилүүдэд нас барсан цэрэг дайчдынх л байхаас яахав.
“Байшинтын дивизийн цэргүүд аргал түүгээд явж байх нь Цагаан булаг орчмын талаар нэг дүүрэн байдаг сан” гэж аавын маань эгч Долгор эмээгийн ярьж байсныг санаж байна. Нөгөө талаар, Байшинтын дивизэд тухайн он жилүүдэд цэргийн алба хааж байсан баруун аймгийн цөөнгүй залуус нутгийн бүсгүйчүүлтэй гэр бүл болж, бүр зарим нь нэгэн насаараа суурьшмал иргэн болж үлдсэн байдаг.
Миний мэдэхээс “шохойн” хэмээх Дэндэв гуай Увс аймгийн Бөхмөрөн сумынх, “бүдүүн” хэмээх Дашжамц гуай Архангай аймгийн Хотонт сумын хүн байсан юмдаг. Энэ бүхнээс цааш улбаалахад Манжийн хааны үед ч баруун хязгаар нутгаас буюу өнөөгийн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгаас олон бүл ирж Дарьгангад суурьшсан нь түүхийн үнэн билээ.
Г.БААТАРНУМ
(МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, дэд хурандаа)

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих