Монгол улс цөмийн хаягдал булшлахад бэлэн үү?

Сүүлийн хэдэн сарын туршид Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Дийлэнх хүмүүс цөмийн хаягдал хаяхыг тууштай эсэргүүцэж байгаа ч цөмийн хаягдал аюулгүй, говьд булчихаад хэдэн доллар авчихад гэмгүй гэж үздэг хүн ч бас мэр сэр байх. Чухам ямар учраас энэ асуудал ингэж их анхаарал татаад байгааг дэнсэлж үзье.

Цөмийн хаягдлын үндсэн хор хөнөөл нь цацраг идэвхит бодисууд саармагжиж, задарч дуусталаа эргэн тойронд орших хүн мал төдийгүй амьгүй байгаль орчныг цацрагаар хордуулжбайдагт оршино. Тэгвэл цацраг идэвхит бодис задарч саармагжтал хэдий хэр хугацаа шаардагддаг тухай  цөмийн мэргэжилтнүүдийн тооцоолсноос сонирхвол:

Хагас задралын хугацаа гэдэг нь цацраг идэвхит бодисын тал хувь нь задарч дуусах хугацааг хэлэх бөгөөд цөмийн түлшний дийлэнхийг бүрдүүлдэг Уран-234 изотопын хагас задралын хугацаа нь 244500 жил юм. Мөн цөмийн хаягдалд ихээр агуулагддаг Уран-235-ын хагас задралын хугацаа нь 703 сая жил ажээ(1).

Цөмийн хаягдал нь хүнба байгальд асар хортoй нөлөө үзүүлж, хорт хавдар, төрөлхийн гажиг удамшлыг бий болгодог төдийгүй аюулхөнөөл нь хэдэн зуун мянга, сая жилдээ буурдаггүй аюултай аж. Тийм ч учраас дэлхийн улс орнууд бусдын битгий хэл өөрийн АЦС-аас ялгарсан хог хаягдлыг хүртэл газар нутагтаа булшлахыг эсэргүүцдэг юм байна.

Ингэж бодохоор ухаант хүний түүхээс 5 дахин их хугацаа буюудор хаяж  250мянган жилийн туршид  орчин тойрноо хордуулсаар байх цөмийн хаягдлыг Монгол улсад булшлах эсэх нь Монгол үндэстэн цаашид ОРШИХ, ЭС ОРШИХ-той шууд холбоотой асуудал юм. Тиймээс xэрэв өнөө цагийн улстөрчдийн санал болгож байгаагаар эх нутгаа цөмийн хаягдлын булш бунхан болгоё гэж байгаа бол дараах асуудлуудыг зайлшгүй тооцож үзэх шаардлагатай.

  1. 1. ЦАГ ХУГАЦАА

Уран-234 изотопын зөвхөн хагас нь задарч идэвхгүй болохoд 244500 жил хэрэгтэй гэнэ. Харин ухаант хүн (хомо сапиенс) үүссэнээс хойш 50000 жил өнгөрсөн гэж бодоход хүн төрөлхтний түүх цацраг идэвхит бодисын хагас задралын хугацаатай харьцуулашгүй богино ажээ.

Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг ганцхан сарын өмнө бахархалтайгаар тэмдэглэсэн Монголчууд ямар урт хугацааны эрсдлийг хүлээх болж байгааг энэ харьцуулалтаас харж болно. Жар хүрэхтэй үгүйтэй наслаад жамаараа явахаасаа өмнө хорт хавдар тусч шаналах зохицуулалтыг төр засагт байгаа хэдхэн нөхөд таны өмнөөс шийдэж, гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод байна. Түүгээр ч зогсохгүй, цөмийн хаягдлыг нутагтаа булшилвал задарч дуустлаа хэдэн зуун мянган жилийн туршид үхлийн хороо чимээгүйхэн түгээсээр байх тэсрэх бөмбөгийг ирээдүй үеийнхэндээ үлдээснээс өөрцгүй. Ингэж цаашид Монгол улс, Монгол үндэстэн байх эсэхийг өнөө цагийн төрийн түшээ хэмээх хэдхэн авилгачдаар шийдүүлэх нь дэндүү харамсалтай.

  1. 2. ГАЗАР ХӨДЛӨЛТ

Үндэсний атлас-д хэвлэгдсэн Монгол улсын газар хөдлөлтийн төвүүдийг харвал Монгол нутаг нийтээрээ идэвхитэй бүсэд оршдогийгбас газар хөдлөлтөнд өртөөгүй аймаг сум байхгүйгамархан мэдэж болно. Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний мэргэжилтэн, газар судлалыг Монголд үүсгэгчдийн нэгД.Мөнхөөгийн дурдсанаарМонгол орны газар нутгийн 75 хувь нь долоон баллаас дээш бүст оршиж байгаа ажээ (2,3).

Мөн түүний дурдсанаар ХХ зуун буюу ганцхан зуун жилийн дотор манай оронд дэлхийд томд тооцогдох дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон ажээ. 1905 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт Хул Азаргын нуруунд 8,4 магнитудбуюубидний ярьж заншсан баллаар бол 11-12 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 километр газар хагарсан. Мөн энэ хөдөлгөөнөөс 14 хоногийн дараа Хан Хөхий ууланд газар хөдөлж 350 километр газар хагарсан. 26 жилийн дараа гурав дахь газар хөдлөлт Монгол Алтайн өвөрт 1931 онд 10-11 баллын хүчтэй газар хөдөлсөн. Мөн л 26 жилийн дараа буюу 1957 оны 12 дугаар сард Говь-Алтайд дөрөв дэх газар хөдлөлт болж 270 километр газар хагарч, Их богд уул босоо 12 метр, хөндлөнгөөр 84 метр суга цохигдсон байсан гэжээ.

Ганцхан зууны дотор ийм хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдэж байсан өндөр идэвхжилтэй нутагт цацраг идэвхит хаягдал булах нь хэр тохиромжтой вэ? Хаягдал авчирч булсан тохиолдолд дор хаяж 200 мянган жилийн хугацаанд аюулгүй хадгалж чаднагэсэн баталгааг хэн өгөх вэ?

  1. 3. УС

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн судалгаагаар Монгол Улсын усны нөөц, хэрэглээг судалсан дүнгээс харахад:
“Эрс тэс уур амьсгалтай Монгол орон дэлхийн усны нөөц НЭН БАГА гэж тооцогддог 22 орны тоонд ордог, нийт нутгийн 70% нь говь цөл, цөл хээрийн хуурай, хуурайвтар бүс нутагт хамаарагддаг. Монгол орны усны нөөцийн 70% нь гадаргуйн ус, 30% нь газрын доорхи (гүний) ус бөгөөд нийт ус хэрэглээний 80 гаруй хувийг газрын доорхи усны нөөцөөс хангаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн 10 жилд агаарын дундаж температур 2 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурч байна” гэжээ (4).

Өдрөөс өдөрт дундарсаар байгаа чандмань эрдэнэ болсон усаа цөмийн хаягдлаар бохирдуулчихвал юу болох бол ???  Ус нь мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг тул аажимдаа гадаргын ба гүний гэх ялгаагүйгээр цөмийн хаягдлаар бохирлогдоно. Хэдэн см зузаан бетоныг төвөггүй нэвтэлдэг цацраг идэвхит бодисоор хордсон усаар ундаалвал таны бие эрхтэнүүдэд хуримтлагдан тун удахгүй хорт хавдар үүснэ. Уухгүй байх сонголт бас бий. Хүн хоолгүйгээр 7 хоног, усгүй 3 хоног амьд байдаг.

  1. 4. ХАДГАЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ЗАРДАЛ

Хадгалах байгууламж барихдаа багаар бодоход 100 мянган жилийн туршид байгалийн элдэв гамшгийг тэсвэрлэхүйц байхаар бүтээх шаардлага тавьж хөрс, ус, газар хөдлөлт зэрэг олон хүчин зүйлсийг тооцдог. Дээрхшаардлагын дагуу хийвэл АНУ-ын Невада мужийн ЯККА уулын цөмийн хаягдлын байгууламж гэхэд л 120 тэрбум ам.доллараар босох төсөв гарсан. Харин Монгол улсад хаягдлаа хадгалуулсны оронд 10 тэрбум ам. доллар өгнө гэсэн яриа ил болоод байна (5). Дээрх тоог харахад наймаа гэхээс илүү луйвар болох нь харагдаж байна. Монгол улсын ДНБ-ээс илүү хэмжээний мөнгийг олж ирсэн гавьяатай авилгач түшмэд нь энэ мөнгөнөөс хувиа хүртэнэ. ОХУ эсвэл БНХАУ-ын аль нэгний газар нутгаар дамжиж ирэх тул энэ мөнгөний хэмжээ нь улам дундарна. АЦС барьж өгөх халхавчийн дор цөмийн хаягдал булшилах тул үлдэгдэл мөнгөөр нь АЦС барихад авсан зээлээ төлж чадах болов уу?

Угаасаа байгууламж барьж хүрэхгүй мөнгөнөөс дундын оролцогчид албан ёсны хувиа хүртчихээр байгууламж барьж бүтээнэ гэдэг нь ҮЛГЭР болох бөгөөд зүгээр л газар булаад орхихоос өөр аргагүй. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй цацрагийг ард түмэнд зарлаж хэлэхдээ “ХЭМЖЭЭ НЬ ХЭВИЙН БАЙНА” гэж төв царай гарган хэлэхэд л зохицуулж болох асуудал гэж өнөө цагийн улстөрчид бодож байгаа болов уу.

  1. 5. ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА, ХАРИУЦЛАГА АЛДСАНААС ҮҮСЭХ ЭРСДЭЛ

XXI зуунд АНУ террористуудтай дайн хийхээс аргагүй байдалд орно гэдгээ 50 жилийн өмнө огтхон ч тааварлаагүй байсан. Тэгэхээр 200000 жилийн дотор Монгол улсад маань юу эс тохиолдож болох билээ. Дайн тулаан болохгүй гэж сайнаар бодъё гэхэд 20 жилийн дараа 2 террорист эмзэг байгууламжийг маань дэлбэлчихвэл яах вэ?

Хорт нөлөөний хувьд бол осол гамшиг тохиолдвол Чернобыльтой зүйрлэшгүй хохиролтой байх болно. Тухайн үед ЗХУ-г удирдаж байсан М.Горбачев хожим дурсахдаа Чернобылийн гамшгийг арилгахад 500 мянган хүн оролцож, 18 тэрбум рубль (тухайн үед 1 рубль=1 ам.доллар) зарцуулж байсан гэж хэлсэн. 1986 онд болсон осол эдийн засагт хүнд цохилт болсон нь 1990-ээд онд нийгмийн байгуулал солигдож, төр засаг унахад нөлөөлсөн хэмээн дурссан байдаг (6).Гамшгийн хор хохирол 25 жилийн дараа одоо ч үргэлжилсээр байгаа.

2011 оны 8 сарын 2-нд буюу хэдхэн хоногийн өмнө Энэтхэгт 2 хариуцлагагүй ажилтны буруугаас цөмийн хаягдал агуулах байранд осол гарсан талаар мэдээлсэн (7). Анхаарал алдах эрхгүй эмзэг байгууламж + хариуцлагагүй Монгол ажилтнууд гэхээр нэг л тохиромжгүй хослол мэт сонсогдож байгаа биз???

  1. 6. УРТ ХУГАЦААНЫ ТУРШИД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ

Хүн амын эрүүл мэнд: Өнөөдрийн байдлаар Монгол улс 100 мянган хүнд ногдох хорт хавдраас үүдсэн хүн амын нас баралтаар дэлхийн 192 орноос 2-т бичигдэж байгаа ба элэгний хорт хавдраар нэгд, ходоодны хорт хавдраар хоёрт, улаан хоолойныхоор гуравт хошуучилж  яваа ажээ (8). Угаасаа хүн ам цөөтэйн дээр нэрмээд цөмийн хорт хаягдлаар үр удмаа хордуулж, төрөлхийн гажиг согогтой хүүхдүүд олширвол Монгол улс цаашид орших уу?

Аялал жуулчлал: Онгон зэлүүд байгалийг Монголоос л үзээрэй гэж далласаар арай ядан нэмэгдэж байгаа гадны жуулчидын урсгал шууд зогсоно. Мөнгө төлж цацрагаар хордохыг хүсэх жуулчин байх болов уу???
Экспорт: Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж бидний хэлдэг мах, сүү, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдсээр байгаа. Удахгүй хэрэгцээгээ бүрэн хангаад экспортлох цаг ирнэ гэдэг нь ч тодорхой. Гэтэл тэр цагт ЦӨМИЙН ХАЯГДАЛ-тай орны бүтээгдэхүүн гэсэн шошготой байвал ямар улс мөнгөө төлж цацрагтай бараа худалдаж авах бол???
Дүрвэгч иргэд:Цөмийн хаягдал булагдаад эхэлвэл чадалтай нэг нь гэр бүлээрээ гадагшаа дүрвээд алга болно. Гэрээ хийсэн авилгач түшмэд маань мэдээж хамгийн эхэнд гараад явчихна. Угаасаа цөөн иргэдтэй улс оронд маань чадалгүй хэсэг нь үлдэж хордоод эхлэхээр сөнөсөн улс болж Монгол гэдэг нэр түүхийн хуудаснаа бичигдэн үлдэх болно.

Эцэст нь хэлэхэд цөмийн хаягдал булахтай холбоотойгоор бидний зайлшгүй тооцох ёстой хүчин зүйлсээс цөөн хэдийг дурдлаа. Төр засагт байгаа эрх мэдэлтнүүд ард түмнийхээ саналыг ажил хэрэгтээ тусгана гэж найдаж байна. Хэрэв танд нэмж хэлэх санал байгаа бол бичиж үлдээнэ үү.

Цацраг туяа таныг зогсоохоос өмнө,

Tа цацраг туяаг зогсооно уу !!!

Б.Нямбаяр


URL:

Сэтгэгдэл бичих