Сэжигтэн Б гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Налайхад осол гаргажээ

1g87mm0c9qq62l0fujech9eat8

-Хүн амины хэрэг энэ байшинд гарчээ-

Гэр бүлийн гурван хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөндлөн” хэмээх газарт гарсан юм. Манай сайтын сурвалжлах групп хэргийн газарт ажиллан, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Өмнөх сурвалжлага http://www.eagle.mn/content/read/33740.htm

Гэмт этгээдийг нийслэлд архидан согтуурч байхад нь баривчилжээ

Талийгаачдын том охины нөхөр нь үхрээ хайж явахдаа тэдний цогцсыг гэрийнх нь ойролцоох худаг ухсан нүхнээс энэ сарын 11-нд олсон аж. Тэд энэ тухайгаа Төв аймгийн Сэргэлэн сумын цагдаагийн хэлтэст мэдэгдэхэд, цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ирсэн байна. Ингээд тэд хэргийн газарт үзлэг хийж, эл хэргийг 5-7 хоногийн өмнө үйлдсэн болохыг тогтоожээ. Учир нь талийгаачдын цогцос халуунд муудаж, өмхийрсэн байдалтай байсан аж. Үүний дараа гэрт нь үзлэг, шинжилгээ хийж, сэжиг бүхий эд мөрийн баримт олсноор талийгаачидтай хамт амьдарч байсан Б-г орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Ингээд УМБГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллан 24 цагийн дотор гэмт этгээд Б-г олж, илрүүлэн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Шар хад орчимд архидан согтуурч байхад нь баривчилжээ.

-Хүн амины хэрэг үйлдсэнийхээ дараа машинд нь хоножээ-

Нэг гэр бүлийн гурван хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Б нь эхний мэдүүлгээрээ эл хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа аж. Цагдаа нар түүнийг саатуулсныхаа дараа хэргийн газарт дагуулж ирж, хүн амины хэрэг үйлдсэн процессыг нь нэгд нэгэнгүй яриулж хавтаст хэрэгт хавсаргасан байна. Сэжигтэн Б нь энэ сарын 5-ны орой аав, охин хоёрыг буудаж, Т-г хүйтэн мэсээр хөнөөгөөд улмаар цогцсыг нь портер маркийн автомашинаар нь зөөвөрлөж нүх руу хийсэн хэмээн мэдүүлжээ.

-Талийгаачдын цогцсыг энэ нүхэнд нуужээ-

Энэ талаар нутгийн иргэн С “Цагдаа нар түүнд /сэжигтэн Б/ гав зүүчихсэн явж байсан. Тэгээд түүнийг портер маркийн автомашинд суулгаад “Одоо наад машинаа асаа, хойшоо ухраагаад хашаанаас гар” гээд түүний хэлсэн мэдүүлэг бүрийг нь үйлдлээр нь баталгаажуулж байсан. Тэгэхэд тэр Б ямар ч гэмшсэн шинжгүй “тэгсэн, ингэсэн” гээд үзүүлж байсан. Талийгаачийн гэрт байсан буугаар нь хөнөөсөн гэсэн.

Тэгээд гадна нь байсан автомашиных нь тэвшинд зулхай дэвсэж байгаад цогцсуудыг нэг нэгээр нь зөөж оруулсан гэж байна лээ. Хамгийн эхлээд охиныг, дараа нь ээжийг нь, тэгээд ахынхаа цогцсыг оруулсан гэсэн. Тэгээд машиныг нь асаагаад шууд л тэр худаг гаргахаар ухсан нүх рүү очиж нэг нэгээр нь түлхээд унагасан гэж ярьж байна билээ. Үүнийхээ дараа гэрийнх нь гадаа ирээд гэрт нь оролгүйгээр өнөөх портер маркийн машин дотор нь унтаад өгсөн юм билээ. Тэгээд өглөө босоод гэр орныг нь цэвэрлэж, хамаг эд мөрийн баримтаа устгаад машиных нь тэвшинд үхэр ачаад, гэрт нь байсан борц, аккумлятор, буу зэрэг зарах эд зүйл аваад Налайх руу явсан гэж цагдаа нарт хэлж байсан” гэв.

-Талийгаачийнхаас хулгайлсан эд зүйлээ бусдад худалдсан байна-

Б нь Л-ыг гэр бүлийнхэнтэй нь хамт хөнөөгөөд маргааш нь Налайхад очиж зарим эд зүйлийг нь бусдад худалдсан байна. Ингэхдээ Налайхад зам тээврийн осол гаргаж улмаар бичиг баримтаа цагдаад хураалгаад хот руу явжээ. Тэдний гэр Шар хаданд байдаг аж. Ингээд гэрийнхээ ойролцоох дэлгүүрт талийгаачийнхаас хулгайлсан ууттай борцоо борлуулахыг завдсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б нь ийнхүү талийгаачийнхаас авсан эд зүйлээ хямд үнээр  бусдад худалдаалж олсон мөнгөөрөө хэд хоног архидан согтуурч байгаад энэ сарын 12-нд цагдаад нарт баривчлагджээ. Цагдаа нар эл хэрэгт холбогдуулан түүнээс гадна Н, М, Д нарын гурван хүнийг саатуулан сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Учир нь Б-г цагдаа нар хэргийн газарт дагуулж ирэн болсон процессыг асууж байхад тэрээр энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээж байж. Харин цагдаа нар сэжигтэн Б-г талийгаачийн малын хашаанаас нэг үхэр гаргаж ирээд “Энэ үхрийг наад машиныхаа тэвшинд ач даа” гэхэд тэрээр яаж ч оролдоод чадахгүй байж. Түүний ачиж явсан гэх үхэр нь их бүдүүн, том үхэр байсан юм байна. Гэтэл тэр үхэрнээс хавьгүй жижиг үхрийг ганцаараа ачиж чадахгүй байсан нь цагдаа нарт сэжиг төрүүлжээ. Үүнийхээ дараа тэрээр /сэжигтэн Б/ “2-3 уулаа байсан” гэх зөрүүтэй мэдүүлгийг өгөх болсон гэнэ.

-Хохирогчид хэн байв-

Талийгаач Л /57 настай/ Налайхын автобаазад ажиллаж байсан бол эхнэр Т /53 настай/ нь эмч мэргэжилтэй нэгэн байжээ. Тэд 2000 оны дундуур мал маллахаар хэдэн үхэр худалдаж аван Төв аймгийн Сэргэлэн сумын “Хөндлөн” хэмээх газарт нүүж ирэн өнөөг хүртэл амьдарч байжээ. Хэдэн малынхаа буянд хоёр хүүхдээ тусад нь гаргаж, хотод хашаа байшин худалдаж авчээ. Ингээд бага охиноо хотод сургуульд сургадаг байсан аж. Долоо хоногтоо 3-4 удаа хот руу ирж, сүү цагаан идээгээ борлуулаад олсон хэдэн төгрөгөө хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зарцуулахаар хадгалдаг байжээ. Аав, ээжийнхээ хамт бусдад хорлогдсон бага охин нь 11 настай, Баянзүрх дүүргийн нэгэн сургуульд сурдаг байжээ. Сэжигтэн Б нь эл хэргийг хувийн өс хонзонгийн сэдлээр үйлдсэн хэмээн мэдүүлж байгаа юм байна.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих