Үхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жаргана

Монгол улс мандан бадрахад ганцхан зүйл дутагдаж байгаа нь атомын цахилгаан станц (АЦС) гэдэг үлгэрийг эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталчлах болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. АЦС гэгчийг байгуулаад авбал Монголчууд эрчим хүчний гачаалаа үүрд мартаж, улс орон маань үсрэнгүй хөгжих боломжтой гэнэ. Цөмийн эрчим хүч гэгч  үйдвэрлэлийн өртөг үнэ гэж үгүй шахуу, хүнд аюулгүй, байгальд ээлтэй, баталгаатай бас тэргүүний технологийг ашиглах боломжийг Монголчууд бидэнд “бурхнаас заяaсан” гэх. Цөмийн эрчим хүчний ачаар Улаанбаатар хот утаа униараасаа салж, дэд бүтэц, уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд Монголчууд хотол олноороо баян тансаг амьдарч цэнгэлийн манлайд хүрэх ажгуу (1, 2, 3).

Дэндүү сайхан үлгэрт эргэлзсэн зарим нь саяхны Японы Фукушимад болсон цөмийн гамшиг, 1986 оны Чернобылийн АЦС-ын осол, цаашилбал Хирошима, Нагасакигийн хор хөнөөлийн тухай дурьдaвч Хирошима, Нагасаки бол дайны үр дүн, Чернобыль бол техник технологи хоцрогдмол байсан эрт галавын үеийн үйлдвэрийн осол, харин  Фукушимад “арчаагүй Япончууд” өөрсдөө буруутай гэж үлгэрчид амыг нь таглана. “Хүн төрөлхтөн цацрагийг удирдаж чаддаг болчихсон” гэж даналзах үлгэрчид  “Африкийн орнуудтай адилхан хөгжихгүй байя, онгоноороо байя гэвэл, ямар ч байшингүй орон сууцгүй эрчим хүчгүй хувцасгүй нүцгэнээрээ сайхан амьдаръя гэвэл бас болж байна”, “аргалаа түлээд суухгүй юу” гэж айлгана (4,5).  Дээрээс нь “алийн болгон Монгол улс хөгжлөөс хойно суух вэ, АЦС-тай болоод Азийн бар болоод өгөe”, “АЦС байгуулахыг эсэргүүцэж буй хүмүүс нь дан Хятадууд” гэж хатгах, эсвэл “цөмийн бөмбөг үйлдвэрлэж хойт урд хөршөө айлгая л даа” гэсэн гэнэн хонгор нөхдийг онилсон өдөөн хатгагчид идэвхтэй ажиллаж буй нь ч илэрхий.

Цөмийн үлгэрийн үнэн зөвийг нягтлан эргэцүүлж үзье.АЦС-ын асуудал нь дотроо уран олборлож түлш боловсруулах, АЦС байгуулж эрчим хүчний хэрэгцээг хангах гэсэн 2 хэсгээс бүрддэг. Монгол улс байгалийн ураны нэлээдгүй нөөцтэйн дээр эрчим хүч хэрэгцээ байдаг гэдэг  яалт ч үгүй үнэн. Тухайлбал, манай ураны баталгаат нөөц нь 70 мянган тонн гэдэг ч бодитoop 1.4 сая тонны нөөцтэй гэсэн таамаглал байдаг. Эрчим хүчний хувьд гэвэл оргил хэрэглээний үе болох 18-20 цагийн орчимд Монгол улс хөрш улсаасаа цахилгаан импортолдог нь жилийн  нийт эрчим хүчний хэрэглээний 4 орчим хувийг эзэлдэг. Энэ тоо ч ойрын хэдэн жилдээ тогтвортой хэвээр байгаа.Харин хэрэглээ буурсан шөнийн цагаар цахилгаан нь илүүдээд байдгаас эргүүлж 3% орчмыг экспортолдог юм байна (6)

Гэвч Монгол улсад:

• Уранаа осол аюулгүй олборлох, боловсруулах, түлш үйлдвэрлэх технологи байна уу?
• Ураны түлшний үйлдвэр барих хөрөнгө мөнгө байна уу?
• АЦС барих хэдэн тэрбум ам.долларынхөрөнгө байна уу?
• АЦС-ийн технологи ноу-хау байна уу?
• Түлшний үйлдвэрлэл, АЦС-даа ажиллуулах өндөр мэргэжилтэй хүн хүч бэлэн байна уу?
• АЦС ажиллуулж ирсэн арга туршлага байна уу?
• АЦС дээр аюул осол гарваас түүнийг зохицуулах гамшгийн менежмент, дэд бүтэц, зохион байгуулалт байна уу?

• АЦС болон түлшний үйлдвэрээс гарах цөмийн хог хаягдлыг зохицуулах найдвартай арга технологи, хөрөнгө хүч, дэд бүтэц байна уу?

Асуулт олон ч хариулт ганц: БАЙХГҮЙ! БАЙХГҮЙ! БАЙХГҮЙ! Эд бүгд байхгүй юм чинь цөмийн эрчим хүч хямд байж таарах уу?Мэдээж YГҮЙ. Ийм байж Монгол улс цөмийн салбар луу орж байгаа нь ёстой нөгөө “Эрээнээс оймс зөөхөө болиоч дээ, томорч уул уурхайн салбар луу орьё л доо” гэдэг хошин шогийнхны тоглолтыг санагдуулах юм.

Энэ дашрамд цөмийн бөмбөг үйлдвэрлэхийг санаархагчдад хандаж:1-рт, манай улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнд нэгдсэн улс (7); 2-рт, зэвсэг үйлдвэрлэх технологийг зүгээр нэг хоолны жор шиг тараадаггүй, аргачлалыг цөөн хэдэн орон маш нууц байдалд эзэмшдэг; 3-рт, хэдэн зуун сая эсвэл тэрбумаар тоологдох хүн амтай, асар олон цөмийн физикч эрдэмтэд ажилладаг судалгааны хүрээлэн, лабораторитой, цөмийн зэвсэг үйлдвэрлэж, туршаад 60-70 жил болчихсон хойт, урд хөршүүдтэйгээ айрагны аягаа ч хийж чаддаггүй гэнэн томоогүй Монголчууд өрсөлдөнө гэж тa нap яаж төсөөлж чадаж байнаа гэж хэлмээр санагдах юм.

Ингээд үзэхэд эдийн засаг болон улс үндэстний аюулгүй байдлын хувьд Монгол улсад АЦС шиг хэрэггүй зүйл алга.Дөрөвхөн хувийн эрчим хүчний хэрэгцээг хангах гээд дэлхий нийтээрээ татгалзаад эхэлсэн АЦС барьж, түүнээсээ гарах цөмийн түлшний хаягдлыг хадгална гэдэг эрүүл саруул ухаанаар тунгаавал яавч ашигтай байж чадахгүй ээ.Асар их нүүрсний нөөцтэй Монгол улсын хувьд АЦС-аар цахилгаан үйлдвэрлээд өртөг буурахгүй гэсэн мэргэжлийн хүний тооцоо ч байна (6).

Ер нь дөрвөн хувиас илүү хэрэгцээ байcaн ч хэдэн зуун мянган жил болж байж задардаг үхлийн аюул тээгч цөмийн хаягдлыг Монголд бий болгох гэсэн бусармаг зорилгыг цагаатгаж чадахгүй. Түүх сөхвөл 2000 онд Баабар тэргүүтэй УИХ-ын гишүүдийн өргөн барьж байсан Үндсэн хуулийн төслийн “Эрчим хүчний багц хууль” гэх хэсэгт усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн талаар эергээр дурьдсан атлаа “Атомын цахилгаан станц байгуулахыг хориглох тухай хууль” гэж оруулсан байх юм (8).

Арав хүрэхгүй жилийн дотор аюултай хориотой зүйл гэж ад үзэгдэж байсан АЦС чухам яагаад Монгол орны аврал гэгдэх болов?Яагаад манай дээдсүүд цөмийн эрчим хүч гэж улайран хөөцөлдөөд байгаа юм бэ?

Өнөөдөр Франц, АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос гээд дэлхийн хөгжингүй том гүрнүүдийн дийлэнхи нь асар их эрчим хүчний хэрэгцээгээ цөмийн эрчим хүчээр хангадаг. Тэдгээр орнууд АЦС-ын үйл ажиллагааны явцад ялгарсан дийлэнх цөмийн хаягдлаа, нэн ялангуяа хамгийн хор хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлаа АЦС-ын дэргэдэх усан санд эсвэл бетонон торхонд хийж түр хугацааны хадгалах задгай агуулахад хадгалсаар ирсэн.Дахин боловсруулах цөөн аргачлал байдаг ч үнэ өртөг өндөртэй, бас аюул осол ихтэйн улмаас төдийлэн ашигладаггүй аж (9).

Дээрээс нь ураны баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр маш хямд байгаа өнөөгийн нөхцөлд цөмийн хаягдлаа дахин боловсруулж суух нь эдийн засгийн хувьд асар алдагдалтай болжээ. Баримтаас дурьдвал, ураны арилжааны оргил үе байсан 2007 онд нэг фунт буюу 0.45 кг ураны баяжмалын спот үнэ нь 137 доллар хүрч байжээ (10). Гэвч тэр цагаас хойш ураны ханш нь буурсаар өнөөдөр нэг фунт нь 50 орчим долларын үнэтэй байна (11).Уул уурхайн компаниудын хувьд үнэ $65-аас доош буй үед уран олборлох нь эдийн засгийн хувьд ашиггүй байдаг аж (12).

Нөхцөл байдал ийм байхад том гүрнүүдийн хувьд ураны түлшийг асар хямд үнээр худалдаж авахыг хүсэх нь ойлгомжтой. Ингэхдээ ураны түлшийг нь АЦС-даа ашиглаад, үлдсэн хорт хаягдлыг нь Монголчуудад буцааж өгнө гэсэн арай дэндүү ШУДАРГА БУС нөхцөлтэйгээр гэрээ байгуулахаар төхөөрч эхэлсэн байна. Манай хэдэн цөмийн үлгэрчид ч дуу дуугаа авaлцан “олон улсын стандарт байдаг, уранаа нийлүүлсэн улс орон хаягдлаа буцааж авдгийм” гэж мэдэмхийрэх болжээ (4)

Тэгвэл Олон Улсын Цөмийн Энергийн Ассоциацийн цахим хуудсан дээр “yлс орон бүр өөрийн цөмийн хаягдлыг хариуцна” гээд ураны нийлүүлэгч улс нь цөмийн хаягдлын хариуцлагыг хүлээхгүй, цөмийн түлшний хаягдал нь тус түлшийг реактортоо хийж цахилгаан гаргаж ашигласан улс орны хариуцлага гэж тодорхой заажээ(13). Энэ зарчмыг батлах бусад эх сурвалжууд ч цөөнгүй.Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Невада мужийн Якка ууланд тус улсын цөмийн хаягдлын агуулах төв байгуулах саналыг эсэргүүцэж “Муж улс бүр өөрсийн бий болгосон цөмийн хог хаягдлаа хариуцах ёстой.Тэд бүгдийн өмнөөс ганц муж улс хариуцлага хүлээнэ гэдэг шударга бус” гэж бичиж байжээ (14).

Уранаа олборлож түлш үйлдвэрлэх, АЦС байгуулах нь Монгол улсад ямар ашигтай вэ?

Монгол улсын eрөнхийлөгч болон eрөнхий сайд АНУ, Украин, Энэтхэг, Арабын улсууд гээд дэлхийн олон орноор явж ураны түлш нийлүүлнэ, хог хаягдлыг нь Монгол улс эргүүлж авна гэсэн гэрээ хэлцэл хийж байнa (15, 16).Угаасаа ураны нөөцийг хөндөнө гэдэг унтаж буй гай зовлонг сэрээхтэй ижил гэдэг.Учир нь олборлоогүй байхад унтанги байдалтай байсан ураны хүдэрт гар хүрч хөндмөгц дотоод урвал задрал нь эрчимжиж, цацраг идэвхжил, хор хөнөөл нь нэмэгддэг.Улмаар уурхайн орчим аюулт хийн бүс үүсч, агаарт үхлийн тоосонцор бужигнадаг (9).Цаг уурын нөхцөл хуурай, шороотой, салхитай Монголд цөмийн цацрагт үхлийн тоосонцороос аврал байх уу?Тоосонцор дахь цацраг идэвхийн задрах хугацаа хэдэн зуун мянган жил гэдгийг та битгий мартаарай.

Хоёрдугаарт, цөмийн түлш бүрэн боловсруулах технологийг буурай Монголчуудад өгнө гэдэг үнэхээр эргэлзээтэй (4).Тиймээс олборлосон ураныхаа хүдрийг нунтаглаж, баяжуулаад (1 тонн ураныг баяжуулахад 8 тонн үхлийн хаягдал ялгардаг), цөмийн түлш үйлдвэрлэхээр өөр оронд хүргүүлнэ.Тэнд үйлдвэрлэлийн явцад гарах цөмийн хог хаягдал ч бас манайх л байх болно.Ингээд бэлэн түлшээ гадагш арилжаад хэдэн жилийн дараа АСАР ХОРТОЙ, хажууд нь хоромхон зогсоход л амиa алдахуйц хөнөөлтэй цөмийн түлшний хаягдлыг Монголчуудад эргүүлж тушаана.

Цөмийн түлш арилжиж олсон мөнгө нь шинээр бариулсан АЦС-ын төлбөрт явах нь тодорхой.Эсвэл аль эртнээс уран олборлоно, түлш зарна гэж амлаад гадныхнаас урьдчилгаа мөнгө нэхэж аваад эхэлчилсэн тул түлшний тооцоо ерөнхийдөө дуусчихсан, харин бид цөмийн реакторын төлбөрт уначихсан байхыг ч хэн мэдэх билээ. Тухайлбал, ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2009 оны 9 сард Энэтхэг улсад айлчлахдаа ураны түлш нийлүүлэх гэрээ хийж, тус улсаас 25 сая ам. долларыг зөөлөн нөхцөлтэй зээл авсан тухай баримт байна (16).

АЦС гэгчийг нь асар өндөр зардлаар байгуулдаг, дээрээс нь өндөр мэргэжлийн нарийн сахилга баттай үйл ажиллагаа, байнгын хараа хяналт, урсгал засвар шаардлагатайн зэрэгцээ хуучраад хаахад нь хүртэл хоргүйжүүлэх зардалд нь 300 сая ам.доллар шаардлагатай байдаг. Иймээс бусадс улс орнууд татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг сонирхоод эхэлсэн байгаа. АЦС-аас ялгарсан цөмийн хорт хаягдлыг аюулгүй байдлаар хадгалж, тээвэрлэж, хаа нэгтээ булшлаад ,мөнхөд харж хандахад төсөв зардал хэрэгтэй. Гай нь таарч осол гарвал Монгол улс тэр чигээрээ арчигдан устах аюултай.

Ер нь асар хямд өртөгтэй нүүрстэй Монгол улсад АЦС байгуулж өгч буй нэрийдлээр ураны нөөцийг нь шавхаж, цөмийн хаягдлаа хаях гэсэн харийнхны санаархал энд илэрхий. Тэдгээр гадны улс орнуудын хувьд цөмийн хорт хаягдалгүйгээр хямд төсөр эрчим хүчээр ард түмнээ хангана гэдэг асар ашигтай.Харин цөмийн үлгэр өндөрлөхөд АЦС байгуулж, уранаа олборлосон Монгол улс олон улсын цөмийн хаягдлын томоохон оршуулга болох ажээ.

Хорин нэгэн мянган төгрөгт хууртагдаж, хорвоогийн шар бор хоногийг өнгөрүүлж суугаа Монголчууд эрчим xүчний үнэ буурах болов уу гэж элдвийг бодсоор цөмийн үлгэрт итгэж ядан сууна.“Үнэн бол гоё доо” гэж санаашравч хошгируулж байгаа байж мэднэ гэж бас бяцхан болгоомжилно.Эх орон, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө гэх эрүүл саруул сэтгэлгээг нь өнөө маргаашаа аргацаасанаминчхан сэтгэл, аймхай хулчгар, бэртэгчин араншин давамгайлжээ.

Cая гаруй тонн уранаа цөмлүүлж, оронд нь үхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жаргах нь тодорхой.
Амарлин http://golomt.org

Ашигласан эх сурвалжууд:

1. Э.Амарлин. Бидний тархийг ХЭН ХЭРХЭН угааж байна вэ?2011 оны 6 сарын 11. http://golomt.org/2011/07/15/articles
2. Б. Чадраа: Бурхнаас бидэнд уран гэгч атомын цахилгаан станцын түлшийг бэлэглэсэн.http://sonin.mn/?p=121529
3. Өдрийн сонины 2011 оны 4 сарын 18-ны дугаар. Монгол улс атомын цахилгаан станцгүйгээр хөгжихгүй ээ.
4. “Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” ТВ 25-ийн нэвтрүүлгийн бичлэг. 2011 оны 5 сарын 19.
• Аудио: http://www.mediafire.com/?n2bxvclk8dnltt8
• Видео: http://www.youtube.com/watch?v=YPT5SJqXihw&feature=related
5. Б.Болдсайхан. Yes Nuclear, No Argal Power.http://boldsaikhan.niitlelch.mn/content/3290.shtml
6. Б. Нямбаяр. Цөмийн хаягдал хаях нууц санаархал буюу Монголд АЦС барих тухай судалгаа ямар зорилготой вэ?http://golomt.org/2011/07/29/whynpp/
7. AНУ-ын Конгрессийн Судалгааны Төвийн тайлан. 2011 оны 6 сарын 14.Бэлтгэсэн Сюзан Лоренц. 12 тал http://golomt.files.wordpress.com/2011/07/congress-tailan.pdf
8. Баабар.Баабар мөн ингэж өгүүлэв. Спортын мастер Мао. Улаанбаатар, 2007. НЭПКО компани. 571 тал.
9. Э. Амарлин. Монголд АТОМ хэрэгтэй юу? Цөмийн хаягдал” цуврал # 2. 2011 оны 4 сарын 26.http://golomt.org/2011/07/15/articles
10. Википедиа. Ураны зах зээл/Wikipedia. Uranium market.http://en.wikipedia.org/wiki/Uranium_market
11. Washington (Platts). 2011 оны 8 сарын 9. Ураны спот үнэ нэг фунт нь 51.50 ам. доллар хүртэл буурсан ба цаашид ч буурах төлөвтэй гэж шинжээч үзэж байна/Uranium spot price slides to $51.50/lb, but may head lower: analyst.http://www.platts.com/RSSFeedDetailedNews/RSSFeed/ElectricPower/6359599
12. Н. Болор. Эдийн засгийн хямрал – Протекционизм – Улс төрийн хямрал. http://www.mongolianminingjournal.com/index.php?pid=1&sec=view&id=99
13. Олон Улсын Цөмийн Энергийн Ассоциаци: Цөмийн хаягдлыг хариуцах үүрэг хариуцлага/ World Nuclear association: Responsibility for wastes. http://www.world-nuclear.org/info/inf21.html
14. Барак Обама Якка уулын төслийн талаар байр сууриа тайлбарлаж байна. Лас Вегасын Тойм сэтгүүл, 2007 оны 5 сарын 23 /Barack Obama explains Yucca Mountain stance. Las Vegas Review-Journal. May 23, 2007. http://www.lvrj.com/opinion/7598337.html
15. Өдрийн сонин. Б. Долзодмаа. Ерөнхий сайд С.Батболд цөмийн хаягдлаа буцааж авах талаар Арабынхантай ярьжээ. 2011 оны 5 сарын 18. http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=19174&vmet_main=6887
16. The Thaindian News сонин. Энэтхэг Монгол улс уран нийлүүлэх пакт болон 4 өөр гэрээнд гарын үсэг зурaв/ India, Mongolia ink uranium supply pact, four other agreements. 2009 оны 9 сарын 14.http://www.thaindian.com/newsportal/india-news/india-mongolia-ink-uranium-supply-pact-four-other-agreements_100247300.htmljh


URL:

Сэтгэгдэл бичих