Сэтгүүлч С.Баттулгыг хорьсон нь хууль бус гэв
Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн нэг Цэрэнханд шүүх хуралд хүрэлцэн ирж чадаагүй учир хойшлогдсон байна. Ингээд шүүх хурлыг энэ сарын 27 хүртэл хойшлуулсан бөгөөд сэтгүүлч С.Баттулга болон бусад дөрвөн шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх шийдвэр гаргажээ. Сэтгүүлч С.Баттулга болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хурлыг удаа дараа санаатайгаар хойшлуулсан, мөн хохирогчид нөлөөлсөн, дарамталсан зүйл гарсан, цаашдаа шүүхийн шатнаас оргон зайлж болзошгүй гэж үзснээр цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар үүнийг хууль бус гэж үзэж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээллээ.
Сэтгүүлч С.Баттулгын хувьд “Ноёд” группээс гаргасан мэдэгдлийг сайтдаа байрлуулсаныхаа төлөө ийм асуудалд орсон юм. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Сэтгүүлч С.Баттулга тухайн материалыг сайтдаа нийтэлсэн нь хүн гүтгэсэн асуудал биш. Гэтэл тухайн иргэн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж байгаа. Энэ асуудалд гүтгэх гэмт хэргийн субъектив санаа зорилго байхгүй. С.Баттулгын хувьд өөрөө тэр хүнийг гутаах, гүтгэх ямар ч сонирхол, шалтгаан байхгүй. Зөвхөн ажлаа хийснийх нь төлөө цагдаад өгчихсөн. Гэтэл цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд гаргалгаа хийж ялгамжтай хандахын оронд хоёулаа хамжигч юм байна гэдэг байдлаар хандсан. Тиймээс хууль бус шийдвэр гаргасан” гэв.
МСНЭ-ийн зүгээс ч энэ асуудалд анхаарал хандуулж байгаа юм. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Энэ бол сэтгүүлчийн ажилд саад тушаа болсон, зүгээр ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьсон ноцтой асуудал. Хэдийгээр яг одоо сэтгүүлчид баяр наадам гээд завгүй байгаа боловч үүний хажуугаар С.Баттулгын асуудал, сэтгүүлчийн ажилд саад болсон энэ хэрэгт зайлшгүй анхаарал хандуулах нь чухал” гэдгийг онцолсон юм.
Өмгөөлөгч Г.Батбаярын тайлбарласнаар сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамтаар цагдан хорихгүйгээр шүүх хурал хүртэл гадуур батлан даалтад гаргах боломж байсан гэв. Гэтэл энэ нөхцөлд цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль бус асуудал гэж үзэж байгаа юм. Тэрбээр “Хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах гэдэг үндэслэл бол шүүх дээр ирээд арилдаг. Мөрдөн байцаалтын шатанд л байдаг. Тиймээс С.Баттулгыг шүүх хурал хүртэл цагдан хорьсон явдал нь өөрөө хууль бус” гэв.
Б.ЗАЯА http://www.news.mn/content/217577.shtml
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Менге хараад л юу ч хамаагуй нийтэлж байдаг сэтгуулч нарт сануулга егсен зев шийдвэр байна, хорих нь зев!
Тавьж байгаа мэдээлэлийнхээ зев бурууг нягталж бас хариуцлагаа хулээж сурах естой!!!