“Мордохын хазгай” буюу оршин суугчдаа хохироож буй “River stone 2”
Монголчууд бид аливаа зүйлийн голыг нь олоод хэлчихдэг тун авхаалжтай улс. Уншигчдад “River stone 2” гэдэг нэр танил сонсогдож байгаа байх. Хэрэв санаж байгаа бол жилийн өмнө тус барилгаас ид хийж бүтээх насан дээрээ яваа гурван сайхан залуу унаж нас барсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэсэн шалтгаантай. Энэ хотхон энэ мэтээр эхнээсээ л асуудал дагуулж байсан.
“Мордохын хазгай” гэгчээр “Эс Девелопмент” захилагчтай “Шунхлай” группээр барилга, угсралтаа хийлгэсэн “River stone 2” өнөөдөр хэдийгээр 100 хувь ашиглалтад орсон ч чанарын шаардлага хангахгүй нар салхи хаасан дөрвөлжин саваас өөрцгүй зүйл болжээ. Үүнийг нь эсэргүүцсэн оршин суугчдынхаа гомдол саналд даруулж байгаа аж.
Наад захын жишээ дурдахад тус барилгын хана хэтэрхий нимгэн юм байна. Хажуу айлын хүмүүсийн яриа маш тод сонсогдож, зурагтынх нь чимээ өрөөн дотор нь байгаа юм шиг сонсогдох нь хачирхалтай. Оршин суугчдаас уг байдлыг эсэргүүцэж хэд хэдэн удаа гомдол гаргаж, гурван ч удаа хурал зохион байгуулжээ. Хуралдаа тус компанийн төлөөллийг байлцуулж үүсээд буй нөхцөл байдлын талаар олонтаа ярьсан ч өдийг хүртэл асуудлыг нь шийдэж өгөхгүй байгаа гэнэ.
Серби гэх гоё нэртэй чанаргүй хаалга
Серби хаалга гэх жижиг модон хаалгыг “River stone 2” хотхонд тавьж өгчээ. Уг хаалга нь ямар ч баталгаагүй. Социализмын үеийн гэмээр цоож, түлхүүртэй. Хаалга түгжээтэй байхад гаднаас нь хутга, халбага зэрэг янз бүрийн нарийхан зүйлээр хөшихөд л онгойчихдог байна. Хоёр ч айлын хаалга ингэж онгойхыг сэтгүүлч би нүдээрээ харлаа. Айл өрхийн эд юмс алдагдахгүй гэх нөхцөл алга. Магадгүй энэ мэдээллийг гарсаны дараа “хар гартнууд” үүнд анхаарлаа хандуулж ч болзошгүй. Мөн хүчтэйхэн цохих эсвэл түлхэхэд л цөмөрч унахаар хэврэгхэн эд байх юм.
Дуу чимээ тусгаарлаж чаддаггүй хана
Даацын хана гэдэг бол барилгын хамгийн чухал хэсэг юм. Тодруулбал бусад хэсгээсээ арай зузаан, бат бэх нь. Гэвч даацын ханыг нь тогшиход хөндий сонсогдож байна. Хажуу айлынх нь хүмүүсийн яриа, зурагтын чимээ маш чанга сонсогддог аж. Үүнийг хана гэж нэрлэхийн оронд зүгээр хаалт гээд нэрлэчихвэл хамаагүй шулуун. Ямар сайндаа л зургаадугаар давхарт байгаа айлын хүүхдийн уйлах чимээ 9 –р давхарт сонсогдож байх вэ дээ.
Оршин суугчид нь гомдол гарж дуу чимээний шалгалт хийлгэсэн байна. Уг шалгалтын хариу гурван өдрийн дотор гардаг ч харамсалтай нь хоёр долоо хоног өнгөрчихөөд байхад оршин суугчдад нь танилцуулахгүй байгаа аж.
Чанаргүй цахилгаан шат
Тус барилга өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд ашиглалтад оржээ. Тэр цагаас хойш орц бүрийнх нь цахилгаан шат байнга эвдэрдэг. Хэд хэдэн удаа дотор нь хүн байхад гацсан тохиолдол гарчээ. Ерөнхийдөө цахилгаан шаттай ч өдийг хүртэл оршин суугчид нь шатаар явж байна. Компанийнханд уг гомдлыг гаргахад “Та нар лифтээр нүүгээд эвдсэн” гэж хэлдэг байна. Харин оршин суугчид нь үүнтэй огт санал нийлдэггүй. Учир нь ашиглалтад ороод гурван сар өнгөрсөн хойно цахилгаан шат нь ажиллагаанд оржээ. Тиймээс цахилгаан шатаар нүүсэн айл бараг байхгүй аж. Мөн чанарын шаардлага хангахгүй байгаа цахилгаан шатыг яагаад улсын комисс хүлээж авсан бэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Эсвэл тийм хэврэг эдээр барилгаа босгоо юу. Асуудал үүссэн даруйд засварчинг нь дууддагч бас л янзалж чадаагүй өдийг хүрчээ. Сүүлдээ дуудлагаар ирдэг хүмүүс нь оршин суугчид руу та нарын буруу гэж уурладаг болжээ.
Чанарын шаардлага хангахгүй сантехник
Тус байрны сантехник бас л асуудалтай. Байнга бөглөрнө. Оршин суугчид нь бүгд хэрэглээний усаа гаднаас худалдаж авдаг аж. Засвар үйлчилгээнийх үнэ ханш өндөр байдаг гэнэ. Шинээр ашиглалтад орсон барилга гурван жилийн дотор бүх засвар үйлчилгээгээ үнэгүй хариуцах ёстой. Гэвч “River stone 2” барилга бас л оршин суугчдаа “мөлжиж” байх юм. Ашиглалтад ороод хагас жил ч болоогүй байхдаа айлуудын хана зарим хэсэгтээ цууралт өгөөд эхэлсэн байна.
“River stone 2” зөвшөөрөлтэй барилга мөн үү?
Тус хотхоныг барихын тулд голын ай сав газрыг эвдэж, голын гольдролыг өөрчилж суурийг нь цутгасан гэж оршин суугчид нь хэлж байна. Хэрэв энэ үнэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. Мөн хаалга, хана, цахилгаан шат зэрэг нь чанарын шаардлага хангаагүй байхад улсын комисс хүлээж авсан нь ч бас асуудалтай байж болзошгүй юм. Учир нь одоогоос жилийн өмнө уг барилга дээрээс хүн унаж амиа алдаж байсан. Энэ үеэр уг барилгын олон “но” илэрч байлаа. Тодруулбал, уг барилгыг зөвшөөрөлгүй учраас НХМГ-аас 2014 оны тавдугаар сарын 21-ний өдөр акт тавьж, түүнийгээ хүргүүлжээ. Мөн эрчим хүчийг нь мөн оны тавдугаар сарын 23-ны өдөр тасалж үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Гэвч хэн ч зогсоож чадахгүй байсаар өнөөдөр гаднаа гяланцаг дотроо паланцаг болжээ.
Энэ талаар бид орчин суугчдынх нь санал бодлыг нь сонссон юм.
Тус барилгын 26Б байрны 1028 тоотын оршин суугч Э.Отгонтуяа: Оршин суугчдаа хохироож байна
-Оршин суугчдын гаргаад байгаа гомдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Дээд, доод айлын дуу чимээ маш их сонсогддог. Хана нь нимгэн, хаалга гэж инээдтэй зүйл хийчихсэн. Манай хана эхнээсээ цуураад эхэллээ. Өндөр үнэтэйдээ орох байр захиалж орчихоод ийм тухгүй байгаад сэтгэл дундуур байна. Гомдол гаргахаар огт тоохгүй юм.
-Нөгөө байрны хана ч гэсэн цуурсан байна. Танайх хэзээнээс эхэлж цуурсан бэ. Нурах аюултай юм биш үү?
-Магадгүй шүү дээ. Саяхан нэг харсан чинь эргэн тойрон битүү цуурчихлаа. Удахгүй ханын цаас нь урагдах юм шиг байна. Гомдлоо гаргасан ч хүмүүс ирж үзчихээд тоохгүй явчихлаа. Сүүлдээ энэ оршин суугчдаа тэргүүлж гомдол гаргаж буй биднийг үл ойшоож элдвээр хэлж, доромжилж байна.
-Хаалга нь гаднаас нь хөшихөөр онгойчиж байна. Танайх бас тэгдэг үү?
-Тэгдэг. Би өчигдөр гэхэд л түлхүүрээ мартчихаад хажуу айлын хутгыг аваад онгойлгоод орсон. Ийм хаалга гэж юу байх вэ дээ.
-Баталгаа гэж зүйл огт алга. Орц, хонгилд нь камер бий юу?
-Хулгайч, дээрэмчин орохыг хүсвэл хэзээ л бол хэзээ орж ирэхээр байгаа биз. Тэгээд хамгийн ичмээр нь доор байгаа харуул нь хулгайд эд зүйлээ алдвал бид хариуцахгүй гэдэг. Тэгээд юундаа ч итгэж найдах ёстой юм бүү мэд. Хэтэрхий өндөр үнээр хамгийн чанаргүй барилга л авчихлаа. Хамгийн гол нь алдаа дутагдлаа огт засахгүй юм.
26А байрны оршин суугч Г.Чүлтэмжамц: Биднийг үл тоож байна
-Дуу чимээний хэмжилтийг танайд хийсэн гэсэн. Ямар хариу гарсан юм бол?
-ШУТИС-ын зөвлөх багш н.Дүйнхэржав гэдэг хүн хийсэн. Одоог болтол бидэнд хариу өгөөгүй. Хэд хэдэн удаа утасдаж нэхсэн боловч доривтой хариу өгөхгүй байна. Ийм хэмжээний дуу чимээтэй юм чинь нэлээд тааруу хариу гарсан байх. Өөрсдөө хувиараа тодорхойлуулах санаатай байгаа.
-Оршин суугчдын яриагаар тус компанийн нэр бүхий хүмүүс танайд хүчээр дайрч орсон гэсэн?
-Манайд хүчээр орох гэж оролдсон. Гэхдээ би байсан болохоор оруулаагүй. Дараа нь маркетинг хариуцсан залуу ирээд асуудалтай нь танилцана гэсэн. Гэвч орж ирсэн даруйдаа биднийг бүх зүйл дээр буруутгаад өөрсдийгөө өмөөрч эхэлсэн. Тэгээд ойлголцолд хүрч чадаагүй.
-Яагаад асуудалтай байраа янзалж өгөхгүй байгаа юм бол. Та бүхэнд яг ямар хариу өгдөг юм бэ?
-Манайх хамгийн чанартай материалаар барьсан. Монголд байхгүй сайн чанарын ханатай, хаалгатай гэж хэлдэг. Үг ерөөсөө хүлээж авдаггүй. Тэгээд асуудлыг чинь хэлдэг газарт нь хэлнэ гэхээр “явдаг газраа яв гэж” гэдэг. Магадгүй цаанаа том ар талтай болоод л тэр байх. Өнгөрсөн жил барилга дээр осол гараад үйл ажиллагааг нь зогсоосон байх үед эхнэр бид хоёр бас нэг захиалагчийн хамтаар ирж уулзаад мөнгөө буцааж авъя гэдэг хүсэлт тавьсан. Гэвч нэг эмэгтэй өөдөөс “Санаа зоволтгүй. Тун удахгүй эргээд хэвийн ажиллагаанд орно. Барилгын цаана АПУ, Б.Батхүү гишүүн байгаа” гэж хэлж байсан. Магадгүй түүгээрээ түрүү бариад бидэнд ингэж хандаж байж болзошгүй.
-Оршин суугчид мэдэгдэл гаргасан байсан. Компаниас ямар зүйл шаардаж байгаа вэ?
-Бид тийм их юм шаардаагүй. Чанаргүй хаалгаа бүргэд хаалгаар сольчих. Нимгэн ханандаа дуу тусгаарлагч суурилуулаад өгчих гэдэг л зүйлийг эхний ээлжинд хүссэн шүү дээ. Харамсалтай нь биднийг хохироосон хэвээр л байна.
/Голын гольдрол өөрчилсөн хэсэг /
/хананы цуурсан хэсэг/
/хаалга/
/гацсан цахилгаан шат/
Г.Лхагваа
Zaluu.com
URL: