Хэн нь ялах вэ
Маргааш Үндэсний их баяр наадам эхэлнэ. Наадмын дараа намар гэж монголчууд ярьдаг. Үндсэндээ зуны дэлгэр цагийг наадамлаж, айраг цагаа эргүүлж, амарсан шигээ өнгөрүүлээд намартай зэрэгцээд өвлийн бэлтгэл гээд ажил ундардаг гэсэн үг. Тэгвэл энэ намрын ажлын цагаар эрх баригчид сандал, суудлын хэрүүл хийсээр өнгөрөх шинжтэй. Учир нь АН хамтарсан засгаа хөмөрч хаяхаар улайран зүтгэж байна.
Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаж, МАН-ын зургаан сайдыг засгаас хөөх тухай мэдэгдсэн бол МАН хариуд нь “Бид гарахад бэлэн” гэчихлээ. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед Засгийн газраа тогтвортой байлгах нь зүйтэй гэдгийг олон нийт хэлж байна. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нар, УИХ дахь бүлэг, эвслийн дарга нарыг хүлээн авч уулзсан. Ингэхдээ тэрбээр МАН-ыг Засгийн газраасаа гаргана гэдэг хууль зөрчсөн асуудал. Аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж солих асуудал байж болохгүй гэсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг санаачилгыг гартаа авахыг хүссэн бөгөөд “Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ гэсэн байдлаар хандаж болохгүй” хэмээсэн юм.
Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн үг тогтоол зарлиг биш учраас АН-ынхан ардчилсан Ерөнхийлөгчийнхөө үгийг дагах эсэх нь эргэлзээтэй. Учир нь намын дарга З.Энхболд тухайн үед “Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байна.
Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй” хэмээн намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Энэ нь цаагуураа МАН-ыг засгаас заавал гаргана гэсэн санаагаа илэрхийлээд амжсан гэсэн үг юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээнд ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй” гээд хоёр намын дарга нарыг ойлголцолд хүрэхийг хүссэн. Үндсэндээ тэрбээр өөрийн танхимаас хүн гаргахгүй гэсэн саналаа хэлсэн юм. Энэ нь ч аргагүй. Ч.Сайханбилэгийн тухайд засагт хамтрах саналыг МАН-д тавьж, урьж ирүүлсэн. Тиймдээ ч МАН-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр өнгөрсөн оны 11 дүгээр сард орж ирээд долоон цагийн турш ярьсан. Сайхан зүйл зөндөө л ярьсан. Манай хүмүүсийг авч явснаараа Ерөнхий сайд өөрөө УИХ-д зургаан сайдын асуудлыг оруулж ирээрэй” гэсэн нь үнэний ортой.
Тэгвэл одоо Засгийн газраа авч үлдэх үү, үгүй юу гэдэг нь АН-ын шийдэх асуудал болчихоод байна. Өөрөөр хэлбэл З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын хэн нь ялахаа үзэх “тулаан” гэсэн үг. АН-д “Алтангадас” урьдын адил нөлөөтэй байсан бол Ч.Сайханбилэгийн суудал ганхахгүй. Гэтэл “Алтангадас”-ыг унагах гэсэн зөрчил АН-ын фракциуд дунд хэдийнэ хүчээ авчихсан тохиолдолд энэ боломжгүй зүйл. Тэгэхээр АН-д “Шонхор”-уудын эрин үе эхлээд байгаа гэж яригдаж буй учир “Шонхор”-ын болон АН-ын дарга З.Энхболд “тулаан”-д ялж тугаа мандуулах төлөвтэй. З.Энхболд дарга аа, уг нь фракцийн биш улс орны эрх ашгаа бодвол засгаа унагаах хэрэггүй л баймаарсан даа.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АН ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ИХ ХУРЛЫН НАМЫН БҮЛЭГ НЭГДСЭН БАЙДАЛД БАЙХАД САЙХАНБИЛЭГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ БУРУУ. МАН МЭДЭЭЖ МАТРЫН НУЛИМС ГАРГАНА. САЙНДАА Ч БИШ ТЭД ИРЭХ НАМРЫН БҮР ААШИЛБАЛ ДАРАА ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААС ӨМНӨ ЭНЭ ЗАСГААС ГАРАХ НЬ ТОДОРХОЙ ЯМАР ХАМТДАА ХӨТЛӨЛЦӨӨД СОНГУУЛЬД ОРОХ БИШ. ОДОО АН ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ГҮЙЦЭЭГЭЭД 2016 ОНД АРД ТҮМНЭЭРЭЭ ДҮГНҮҮЛЭХ Л ҮЛДЛЭЭ.ТЭДНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХИЙН ТУЛД ЧИНГИС БОНДООС ӨГСӨН МӨНГӨ ОЛОН БИЗНЕСҮҮДЭД ИХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БОЛСОН ШҮҮ. МАН ЗАСАГ БАРЬЖ БАЙХДАА АРД ТҮМНИЙГ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ХООСОН МӨНГӨ АМАНД Л ӨГӨХИЙГ БОДДОГ. СЭТГЭЛГЭЭ ЯДУУ НАМ ШҮҮ ДЭЭ. ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХҮҮ БАГАТАЙ ЗЭЭЛ Л ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ҮҮНИЙГ АН ЗОРИГТОЙ ХИЙЖ ЧАДСАН