МАХН-ынхан Ц.Шинэбаяр даргынхаа өрөөг нь тохижуулчихаад хүлээнэ
МАХН-ын Хяналт ёс зүйн хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр “Хамаг Монгол” хөдөлгөөн байгуулан ажиллах болсноо мэдэгдсэн үеэс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар нэг тогоонд багталцахаа байж, хонь чоно болсон” гэх агуулгатай мэдээлэл цацагдах болсон тул бодит мэдээллийг хүргэхийн тулд мэдээлэл хийжээ.
МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооны дарга Г.Даваанямын хэлснээр бол “Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар ажил хэрэг болоод хувийн асуудлаас болж үл ойлголцох байдал үүсээгүй. Ц.Шинэбаяр гишүүн намынхаа дүрмийг сайн судлаагүй, гэнэтийн цочмог шийдвэрийг гаргадгаасаа болж, МАХН-ын дэд даргын суудлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэнээс тэдний хооронд ан цав үүсээгүй аж.
МАХН-ын дүрмээр бол намын дэд дарга нь албан тушаалаа өгөх тохиолдолд эхлээд намынхаа даргатай зөвшилцөх ёстой гэнэ. Дараа нь асуудлаа бага хуралд оруулж хэлэлцүүлнэ. Өөрөөр хэлбэл, ийм журам мөрдөгдөөгүй учраас МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооныхон Ц.Шинэбаяр гишүүнийг дэд даргын суудалдаа хэвээр байгаа гэж үзэж буйгаа энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Уг нь өнгөрсөн долоодугаар сарын 8-нд МАХН-ын бага хурал болсон ч тухайн үед тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр эмнэлэгт хэвтэж байсан учраас хуралд оролцож чадаагүй аж. Мөн тэрбээр дэд даргын суудлаас татгалзаж буйгаа мэдэгдсэн өргөдөл бичгээр үйлдэж болох байсан ч ийм замыг сонгоогүй. Тиймээс МАХН-ынхан түүнийг дэд дарга хэвээр байгаа гэж үзэж буй аж.
Удахгүй тус намынхан шинэ байранд нүүж орно. Түүндээ дэд даргын ажлын өрөөг тохижуулж байгаа гэлээ. МАХН-тай холбоотой сөрөг “мессэж” зөвхөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын дэд даргын суудлаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн мэдэгддээр хязгаарлагдаагүй юм. Гурван ч нарийн бичгийн дарга нь ажлаа өгч байгаагаа мэдэгдэж, намаасаа гарсан. Энэ асуудалд Г.Давааням дарга тайлбар хийлээ.
Тухайлбал, С.Молор-Эрдэнэ үзэл бодол нийлэхгүй болсноос намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн бол Ю.Атар нь намын нарийн бичгийн дарга болохоор багшийн ажлаа хийж чадахгүйд хүрэх төдийгүй цалин багасах учраас төрийн ажлаа сонгосон. Харин Д.Өрнөхбаярын хувьд намын үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж, нарийн бичгийн даргын суудлаас нь буулгажээ.
МАХН нэрээ авч, орон даяар үйл ажиллагаагаа идэвхжүүлснээс хойш тус намын гишүүн дэмжигчдийг намын харьяаллаар нь хавчин гадуурхах явуулгыг хийх болсон байна. Гэхдээ энэ удаад тодорхой баримт дэлгэсэнгүй, цаад хүмүүстээ хохиролтой, цаг нь болохоор мэдээлнэ гэлээ.
Ирэх долоо хоногоос зарим нэг фактыг баримттайгаар дэлгэхээ мэдэгдэв. Түүнчлэн олон нийтийн дунд тархаад байгаа сөрөг мэдээлэлтэй холбогдуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын нөхөд нь хэвлэлийнхэнд тайлбар хийхийг хүссэн ч экс ерөнхийлөгч энэ удаад татгалзжээ.
Б.Даваа
URL: