“Хаан даатгал” нэг тэрбум төгрөгийн хохирлоос 9 орчим саяыг л барагдуулжээ

“Хаан даатгал” ХХК иргэдээс орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн даатгал хийхдээ зөвшөөрөл авалгүй орон сууцны төлбөр болон СӨХ-ийн төлбөр дээр мөнгө нэмж авдаг байсан булхай ШӨХТГ-ын шалгалтаар илэрсэн.

 

Энэхүү хууль бус үйл ажиллагаанд нэр бүхий СӨХ-дууд болон нийслэлийн ОСНААУГ оролцож байсан нь ч шалгалтаар илчлэгдсэн билээ.

Тиймээс ШӨХТГ-аас зөрчлийг нэн даруй таслан зогсоох, иргэдийг хохиролгүй болгох, цаашид бичгээр байгуулсан зөвшөөрлийн үндсэн дээр иргэдээс даатгалын мөнгө татаж байх шаардлага хүргүүлсэн.

 

Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж,иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр ОСНААУГ-ын дарга Ж.Бямбажавыг АТГ, ЦЕГ-т шалгуулахаар өгч, уг албан тушаалтандаа хариуцлага тооцох саналыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн талаар бид мэдээлж байсан.

 

“Хаан даатгал” иргэдийг луйвардсан хохирлоо хангалтгүй барагдуулжээ

 

Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зөрчлөө хэрхэн арилгаж байгааг хянах зорилгоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нийслэлийн ОСНААУГ болон “Хаан даатгал” ХХК-ийн удирдлагуудтай өчигдөр уулзав.

 

Уулзалтад ОСНААУГ-ын дэд дарга Б.Баттуяа, ерөнхий инженер М.Дашзэвэг, Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Энхмагнай, “Хаан даатгал” ХХК-ийн дэд захирал Ө.Мөнхдаваа, хуулийн зөвлөх Ж.Номинцэцэг нар оролцсон юм.

 

ОСНААУГ-аас “Хаан даатгал” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, иргэдээс зөвшөөрөлгүй мөнгө татах зөрчлөө зогсоосон гэдгээ мэдэгдсэн.

 

Харин “Хаан даатгал” ХХК хэвлэлд зар тавьсны дагуу баримтаа авч ирсэн 200 гаруй иргэний 9 орчим сая төгрөгийг буцаан олгосон. Мөн 40 гаруй мянган өрхтэй бичгээр шинээр гэрээ байгуулсан хэмээн хэнэг ч үгүй хариулав.

 

Үүний хариуд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Орон сууцны даатгал иргэдэд хэрэгтэй үйлчилгээ, гагцхүү сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой. Гэтэл хууль бусаар мөнгийг нь татсан 44 мянга 854 өрхөөс 200 өрхийн хохирлыг барагдуулна гэдэг туйлын хангалтгүй зүйл. Иргэд тэр болгон хэвлэлээр мэдээлэл авч, баримтаа аваад танай байгууллага дээр очихгүй. Хохироосон иргэдээ ингэж чирэгдүүлж болохгүй. Иргэдээс мөнгийг нь нийтэд нь татсан, түүн шигээ нийтээр нь хохиролгүй болго” хэмээн шүрүүхэн шаардлага тавив.

 

Мэдээж нэлээдгүй хугацаа өнгөрч, улсын байцаагчийн шаардлагыг хангалтгүй биелүүлж, иргэдээс луйвардсан хохирлоо барагдуулаагүй тэдний толгойг хэн илэх билээ.

 

“Хаан даатгал” ХХК хууль бус үйлдлээ ийнхүү хаацайлж, иргэдийн хохирлыг барагдуулах ажлыг хангалтгүй хийж байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Мэргэжлийн байгууллага буруутайг нь тогтоож, алдаагаа засах албан даалгавар өгөөд байхад тус компани 44 мянга 854 өрхөөс нэг тэрбум төгрөгийг луйвардсан атлаа бүтэн сарын  хугацаанд ердөө 200 өрхийн 9 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулна гэдэг үнэхээр хангалтгүй тоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

 

ОСНААУГ нэрээ цэвэрлэж, “Хаан даатгал”-ын луйвар илчлэгдсэн ч хариуцлагыг хамт үүрэхийг үүрэгдэв

 

ШӨХТГ-аас ОСНААУГ, “Хаан даатгал” компаниуд хамтран даатгал нэрийн дор иргэдээс нэг тэрбум гаруй төгрөгийг авсан талаар мэдээлж тэдний булхай олонд илчлэгдсэн.

 

Харин энэ талаар ОСНААУГ удирдлагууд анх “Хаан даатгал” ХХК-тай гэрээ байгуулахдаа оршин суугчдаас сайн дүрийн үндсэн дээр даатгал авна гэж байгуулсан. Гэвч “Хаан даатгал” ХХК гэрээний үүргээ зөрчин оршин суугчдын саналыг харгалзахгүйгээр, шууд даатгал авдаг болох нь тогтоогдсон хэмээн мэдээлж байсан. Түүнчлэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Баттуяа “Манайх тэр даатгалын мөнгийг хураагаад өөртөө зарцуулдаг байгууллага биш. Зөвхөн гүүр байдлаар ажилладаг.

 

“Хаан даатгал” ХХК-аас гэрээний хүрээнд анх 50 гаруй мянган өрхөөс асуусны үндсэн дээр сайн дураар даатгалд хамрууллаа гэж мэдээлж байсан. Бид тэр олон айлын зузаан хавтсыг нэг бүрчлэн шалгах боломж байдаггүй. Харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтарч ажиллаж байсан. Гэтэл “Хаан даатгал” ХХК иргэдээс сайн дураар даатгал аваагүй болох нь илэрсэн. Тиймээс гэрээгээ цуцлахаар болсон” хэмээн өөрсдийн нэрийг “цэвэрлэж” байсан билээ.

 

Харин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ОСНААУГ-ынхан “Хаан даатгал” ХХК руу буруугаа тохоод мултрахгүй.  Хууль бус ажиллагаанд хамтран оролцсон учраас даатгалын компаниас иргэдийн хохирлыг барагдуулахаар олгогдсон мөнгийг тухайн иргэдийн орон сууцны төлбөрт тооцох байдлаар зөрчлөө хамтарч арилгах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд тэдэнд зөрчлийг бүрэн арилгахад нэг сарын хугацаа олгосон.

 

4fuev69ml7closc7tv9a9127ppЭнэ хугацаанд ОСНААУГ болон “Хаан даатгал” ХХК иргэдээс хууль бусаар хураасан орлогыг буцаан олгож барагдуулахаа илэрхийлж байв.

 

Ямартай ч иргэдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан дээрх байгууллагууд нэг сарын хугацаанд барагдуулаагүй иргэдийн хохирлыг буцаан олгох ажлын дахин нэг сарын дотор барагдуулах үүрэг авав.

 

Энэ мэт байдлаар иргэдийг луйвардсан “Хаан даатгал” ХХК иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар бид эргэн сурвалжлах болно.

Б.Батчимэг

www.24tsag.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих