Экспресс баасан гариг
Манай улс төрд экспресс баасан гариг гэж бий. Энэ бол УИХ-ын хаврын юм уу, намрын чуулган хаагдах сугар гаригийг нэрлэж буй хэрэг. Энэ л өдөр УИХ-ын гишүүд төр түмнийхээ “төлөө” хуулийг бөөндөж баталдаг нь бараг уламжлал болсон зүйл. Нөгөөтэйгүүр наадам,шинэ жил гэх мэт баярын уур амьсгалыг тохиолдуулж байгаад олны хараа хяналтаас гадуур, хулгайн зарчмаар зарим ашиг сонирхол шингэсэн хуулиудаа баталдаг нь нэгэнт ил болсон тул сонгогчид ийм өдрийг “хар баасан” гариг ч гэж нэрийддэг билээ. Яг ийм өдөр удахгүй тохиох гэж байна. Засаг төрийн бүтэц ганхаатай байгаа учир хаврын чуулган энэ сарын 10-нд буюу ирэх баасан гаригт завсарлахгүй байж мэднэ. Гэвч наадмыг далимдуулсан экспресс үйл ажиллагаа өмнөхийн адил явж таарах юм. Ялангуяа энэ удаагийн хаврын чуулганаар З.Энхболд даргатай 73-ын бүдүүн бүлгийнхэн маш муу ажилласан гэдэг үнэлгээ авчихсан байгаа учир хуулиудаа экспрессдэхээс өөр аргагүй. Уг нь сөрөг хүчингүй парламент байсан учир хамгийн сайн ажиллах ёстой байлаа. Хаврын чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд эхэлсэн. Нээлтийн үеэр спикер “Бидний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил үлдэж байна. Цаг бага, шийдэх асуудал их байна. Үндсэн чиглэлийн хуулиудаас гадна сонгуулийн тухай, эрүүгийн тухай, захиргааны хариуцлагын тухай, улс төрийн намын тухай гэх мэт олон хууль хэлэлцэгдэнэ. Эдгээр хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэх нь чухал болохыг гишүүд ойлгож байгаа байх” хэмээж байв. Харин хаврын чуулган хаагдахад дөрөв хоног дутуу байхад дээрх нэр заасан хуулиудын нэг нь ч батлагдаагүй байна. Ер нь энэ удаагийн чуулганаар төлөвлөснөөсөө хамаагүй цөөн хууль баталсан учир хамгийн муу ажилласан гэдэг нэр авчихаад буй юм. Нэгэнт муу дүн авсан парламентын гишүүд наадмаас өмнө ямар хуулиуд батлахыг сонирхож үзье.
Хаврын чуулганы эхний өдрөөс гацаа нь эхэлсэн Тавантолгойн нүүрсний орд газрыг хөгжүүлэх тухай тогтоолын төсөл ямар ч байсан зарим нэг бүлгийнхний хүслээр намрын чуулган руу шилжиж байна. Харин энэ долоо хоногт УИХ-аар түргэвчилсэн горимоор батлагдах хуулиудын жагсаалтыг хуваарь болгон гаргаж тавьжээ. Цаг давчуу учраас маргаашаас эхлэн УИХ-ын чуулган гурав хоног хуралдана. Энэ хугацаанд10 гаруй хууль, тогтоолын төслийг гараас гаргахаар жагсаасан байна. Эрт батлах тусам сайн гэгддэг, нам, бүлгийнхний ашиг сонирхол хамгийн их тусгагдах ёстой Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай гэх мэт хуулиуд мэдээж хойш тавигдсан. Тэгээд ч одоо Засгийн газраа нааш, цааш болгох гэж байхад юун тэдэнтэй зууралдах манатай байна. Харин наадмын өмнө амжуулах хуулиуд дотроос УИХ-д гурав дахь удаагаа өргөн баригдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийн төслүүд олны анхаарлыг татна. Чухамдаа хэн нэгнийг өршөөх агуугатай энэ хуулиуд батлагдвал татвар төлөлгүй эд хөрөнгөө нуусан хүмүүс ил гарч, өдгөө шоронд ял эдэлж буй 8000 гаруй иргэний ял хөнгөрч, тэдгээрийн тэн хагас нь чөлөөлөгдөнө гэж үзэж буй юм. Чухам иймээс л татвар төлөгчдийн мөнгийг идсэн хүмүүс завшаад, гэмт хэрэг үйлдсэн иргэд хожих вий гэсэн эсрэг тэсрэг байр суурь, хардлага маш их байгаа. Ямар ч байсан энэ хуулийг гурав дахь удаагаа оруулж ирж буй учир чуулган хаагдахаас өмнө батлагдах хуульд тооцогдож байна. Үүний дараагаар мэдээж Эрүүгийн хууль орно. Өмнөхөөсөө сайн, муу аль нь болох тухай маргаан энэ хуулийн төсөл дээр яг одоо өрнөж байгаа. Хэрэв энэ хууль хэлэлцэгдэж байгаагаараа батлагдвал өдгөө ял эдэлж буй хүмүүсийн нэлээд нь дээрх Өршөөлийн хуультай хамааралгүйгээр ялаа хөнгөлөх, чөлөөлөгдөх магадлалтай юм билээ. Цаашид бусдад учруулсан хохиролтойгоо дүйцэх ял оноодог байхад Эрүүгийн хуулийн шинэчлэлт гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Экспресс баасан гариг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, Л.Цог нарын Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаарх Ерөнхий сайдын тавьсан асуулгад хариулснаар өндөрлөх хуваарьтай юм байна. Гэвч нэгнээ Засгаасаа шахсан энэ үед яаралтай горимоор Засгийн бүтцийн асуудлаа оруулж, Оюутолгой болон бусад хуулийн төслүүд цаашаа болж, энэ хаврын чуулган сунах эсвэл ээлжит бусаар хуралдах магадлал өндөр юм. Тэгээд ч энэ удаагийн чуулганаар иргэдийн амьдралд хэрэгтэй ганц ч хууль баталсангүй шүү дээ.
Наадмаас өмнө УИХ-аар батлах хууль, тогтоолын төслүүдийг parliament.mn цахим хуудаснаас уншаарай.
Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: