ЛИДЕРИЙН хомсдолд орсон АН
Ардчиллыг АН-ынхан өмчлөх дуртай. Автор нь ч тэд, маргах аргагүй. Харамсалтай нь, сонгууль болгоноор тугаа болгодог ардчиллаа сонгуулийн дараа хогтой хутгадаг нам нь АН өөрөө болжээ. Сууж байгаа мөчрөө хөрөөддөг, түүнийгээ “ардчилал” гэж тайлбарладаг АН-ын ээлжит үйлдэл нь МАН-ыг засгаас хөөх тухай Гүйцэтгэх зөвлөлийнх нь шийдвэр байлаа. Магадгүй ээ, МАН засгаас гарах нь, зургаан сайдаа татах нь цаг хугацааны л асуудал байсан биз. Гэхдээ хөөх шийдвэр гаргах эрх нь АН-д, тэр тусмаа Гүйцэтгэх зөвлөлд нь байсан уу гэвэл эргэлзээтэй юм.
Ардчиллын автор болох уралдаанд ямагт тэргүүлдэг АН-ынхан 25 жилийн өмнө юуг уриалж байлаа. Өөрсдөө мартчихсан бол би сануулъя. Нам, төрийн байрыг солих нь тэдний дэвшүүлсэн нэг том зорилт, монголчуудын хамтдаа хүрсэн бас нэг амжилт байсаан. Гэтэл МАН-ыг засгаас хөөх тухай шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь эхэлж гаргаад, үүнийг нь УИХ дахь бүлэг нь албажуулж байх юм. Процедураас нь харахад л 25 жилийн өмнө ярьж байсныхаа яг эсрэгээр төр нь эхлээд биш, нам нь эхэлж шийдвэр гаргажээ. Монголын ард түмнээс сонгогдоогүй, тэднээс мандат аваагүй хэдхэн хүн хуралдсан болоод л Монгол Улс маргааш ямар Засгийн газартай байхыг шийдэх нь тэгээд ардчилал уу?! гэж асуумаар байна.
Сонгуулийн дараах суудал хуваарилалт байсан бол АН-ын Гүйцэтгэх зөвлөл дангаараа шийдэж болохсон. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал тэс ондоо байгаа шүү дээ. Эдийн засаг хүндэрчихсэн, үндэсний зөвшилцөл шаардсан энэ үед хамтарсан Засгийн газар байгуулах санаачилга АН-аас эхэлж гарсан. Тэгээд ч УИХ-д олонх биш, олон суудалтай байгаа АН-ын хувьд эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед дангаараа засгийн хувь заяаг шийдэх нь хэр зохистой вэ. Яахав тэдэнд эрх нь байж болох ч энэ шийдвэрийг нь парламентад сонгогдоогүй гишүүд нь парламентын гадуур хуралдаж байгаад гаргах эрхтэй юү?
Захын гишүүн нь парламентын гадна талаас Засгийн газрын дараагийн бүрэлдэхүүнийг зурдаг, тэгээд УИХ-аар албажуулах гээд сууж байгаа нь АН-д лидерийн хомсдол нүүрлэсний шинж. Ер нь бол засагтаа урьсан АН-д ч, засагт нь багтсан МАН-д ч тэр манлайлагч гэвэл өнөөдөртөө алга. Энэ хоёр намын дарга нь рейтингээрээ бие даагч С.Ганбаатарыг ч давдаггүй гэхээр Монголын улс төр бүхэлдээ лидерийн хомсдолд оржээ. Харамсалтай нь, улс төр нь лидерийн хомсдолд орсон иймэрхүү завсарын үед хувь улстөрчид тодордог болохоос улс орон хөгждөггүй. Тэд бүхнийг эсэргүүцдэг, бүгдийг үгүйсгэдэг. Үр дүнд нь улс орон нь урагшилдаггүй яг байрандаа, өөрсдийнх нь рейтинг л урагшилсан байдаг. Гэвч хэзээ ч хувь улстөрч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар хариуцлага хүлээдэггүй. Монголын улс төрийн бодит байдал өнөөдөр яг ийм л байна.
Шулуухан хэлэхэд, С.Баяр шиг, эсвэл Н.Энхбаяр шиг засагласан шиг засаглаж чаддаг лидерүүд Монголын улс төрд үгүйлэгдэж байна. 2008 оны сонгуулиар МАН 45 суудал авч дийлэнх олонхийг бүрдүүлсэн хэрнээ л том төслүүдээ хөдөлгөх гэж, Оюутолгойг урагшлуулах гэж С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулж, АН-ыг урьж байлаа. Түүнтэй харьцуулахад АН-ынхан 35 суудалдаа бардаж байгаа нь үнэндээ энэ нам лидерийн гүн хомсдолд орсныг л илтгэнэ. Н.Энхбаяр ч ялгаагүй тогтвортой засагласан, санаснаа хэрэгжүүлж чадсан Ерөнхий сайд байсан. Тэр саналаа оруулдаг, тэрийг нь Их хурал баталдаг л байлаа. Үүний хажууд Ч.Сайханбилэг бол Ерөнхий сайд гэсэн сайхан намтартай л хүн болж дуусах нь. Гаднаас нь харахад, ардаа УИХ-ын 73 кноп багцалсан “бүдүүн бүлэг”-тэй, танхимдаа бүх намыг багтаасан тогтвортой засагтай юм шиг боловч түүнд УИХ-аар асуудлаа аваад гарах гол эрх мэдэл дутаж байна.
Гацууртыг хэд хэдэн удаа унагаснаас, Тавантолгойг хэдэн сараар гацааснаас, бас хоёр намын гэрээнд заагдсан Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн нэгдсэн хуулийн сураг алга байгаагаас харахад л Ч.Сайханбилэг үнэндээ “тоглоомын Засгийн газар” удирдаж ч байгаа юм шиг. Энэ бол эргээд л эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой ардчиллын суурь зарчмыг АН-ынхан зөрчсөнтэй холбоотой. Өнөөдөр эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга хийж байгаа үед Ерөнхий сайдын оруулсан асуудал парламентын босго давахгүй нь хэнд ч ойлгомжтой боллоо.
Тэгээд АН-ын лидер хэн бэ гэж үү. Ч.Сайханбилэг бол дархлаагүй Засгийн газрын эрх мэдэлгүй Ерөнхий сайд л хийж байгаа хүн. Түүнд намын даргын эрх мэдэл дутаж байгаа нь гарцаагүй үнэн шиг З.Энхболдод гүйцэтгэх эрх мэдэл үгүйлэгдэж байгаа нь ч бас үнэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хувьд асуудал зангидаад аваад явах хэмжээний улстөрч болсон эсэх нь эргэлзээтэй. Их улс төрд явсан хугацаа нь яах аргагүй түүнд тодрох хангалттай боломж олгохгүй байгаа биз. АН-ын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй Л.Эрхэмбаярын хувьд нэг ч сонгуульд ялж үзээгүй, намын генсекээрээ ч жинхлээгүй яваа нэгэн шүү дээ. Иймээс АН-ын лидер хэн бэ гэвэл өнөөдөртөө намын гишүүнчлэлээсээ хуулийн дагуу түдгэлзсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг, аж ахуйн асуудалтай “зууралдаж” яваа хотын дарга Э.Бат-Үүл хоёрыг л нэрлэж болж байна. Үүнээс өөрөөр бол АН-д лидер алга.
МАН-ын дарга М.Энхболдыг нэг намын С.Баяртай нь харьцуулах боломж алга. Ядаж л түүнд эрх барих хэмжээний кноп байхгүй гэдгээр зөвтгөж болох. Тиймээс л АН-аас лидер хайж, тэрийгээ тойрч бичиж байгаа юм. Хашиж буй албан тушаалтай нь харьцуулж үзвэл яах аргагүй Ч.Сайханбилэг лидер байх учиртай юм шиг. Тэр гадна талаас хөрөнгө татах гэж, Монголын нэр хүндийг өсгөх тал дээр хангалттай сайн ажиллаж байгаа Ерөнхий сайд. Дараалсан айлчлалуудаас нь, хийж байгаа уулзалтуудаас нь ч энэ бүхэн тодорхой харагдаж байна. Хамгийн гол нь тэр нь эндээ, Монголдоо эргэлзээтэй болж байгаа нь хөрөнгө оруулагчдыг итгэл алдахад хүргэлээ. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх нь бус, Монголын хууль эрх зүйн орчин нь тогтвортой, хэлсэн ярьсан нь хэрэгждэг байх нь л чухал. Ч.Сайханбилэгийн ярьсныг дараагийн Ерөнхий сайд нь үгүйсгэдэг биш, үргэлжлүүлдэг байх нь л хөрөнгө оруулагчдад хэрэгтэй. Үүн шиг Монголын ард түмэнд ч МАН-ынхан засагт байна уу, байхгүй юу хамаагүй. Тэдэнд У.Хүрэлсүх нь сайд байна уу, Г.Уянга нь сайд байна уу ялгаагүй. Гол нь бизнес нь тэлээсэй, эдийн засаг тогтворжоосой, эрх зүйн орчин сайжраасай л гэдэг зүйл ард түмэнд хамаатай. Харамсалтай нь, ийм үед АН, МАН-ынхан өөрсдөө л сайд болох ёстой юм шиг, өөрсдөөс нь л өөр хүн сайд болбол болохгүй юм шиг загнах юм. Эвсэлд орсон МАН нь ч Засгийн газрынхаа эсрэг ярьж, эргээд овоо босгоод байгаа нь АН-ынхны эгдүүг хүргэж байгаа нь ч үнэн шүү дээ. Овоо босгочихвол суух шаазгай АН-д хэдэн зуугаараа л байна. Харин лидер л алга.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: