КАРЬЕР ХААГДСАНААС ЗУСЛАНГИЙН ЗАМЫН АЖИЛ УДААШИРЧЭЭ
Зуслан руу машин, дугуй, явганы хос замтай болно
Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр, тэндээсээ Хандгайт чиглэлийн 16.3 км замын өргөтгөл,шинэчлэлийн ажил өнгөрсөн сард эхэлжээ. Дамбадаржаагийн уулзвараас Шадивлан хүртэл таван км замыг “Эрдэнэ зам”, “Тэгш плант” компанийн түншлэл шинэчилж байна.
“Эрдэнэ зам” компани ажлаа өнгөрсөн сарын 10-нд эхлүүлжээ. Одоогоор 60 хувьдаа хүрчихсэн гэнэ. Зуслангийн замын энэ удаагийн шинэчлэл ихээхэн онцлогтой гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор шийдэхээс гадна дугуйн замтай. Замын чанарын хувьд ч сайн. Суурийг нь цементээр бэхжүүлж, хоёр үе асфальтаар хучигдана. Дамбадаржаагийн уулзвараас эхний 2.5 км замыг хариуцаж авсан “Эрдэнэ зам” компанийнхан трасст орсон газруудыг бараг чөлөөлж, замаа тэгшлэн индүүдэж эхэлжээ. Зуслангийн 16.3 км замын туршид хашаа, байшин, ШТС гээд нийт 317 цэг трасст оржээ. Тэднээс эхний 2.5 км-т л гэхэд 16 цахилгааны шон, 23 айлын хашаа чөлөөлөгдсөн байна. Компанийн талбайн инженер Д.Өнөржаргалын ярьснаар иргэд газрын алба хоорондын ойлголцол цаг хугацаа алдаж байгаа гэнэ. Одоогоор тэдний хариуцсан хэсэгт гурван байшингийн эзэд газраа чөлөөлөөгүй аж. Уг нь тэд газраа чөлөөлчихвөл замын гэрэлтүүлэг, явган болон дугуйн замын ажлыг эхлүүлж болох гэнэ. Гэвч иргэд газрын албатайгаа тохиролцохгүй байгаагаас гол замынхаа ажилд анхаарч байгаа гэв.
Трасст орсон барилга байгууламж, ШТС-ыг чөлөөлөхийн тулд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үнэлгээний хороо байгуулагджээ. Тэд иргэдтэй тохиролцон газрыг нь шуурхайлан чөлөөлөх үүрэгтэй.
Чингэлтэй дүүргийн хувьд үнэлгээний хороог цаг алдан байгуулснаар зам засварын компаниудад багахан хүндрэл учруулж байгаа бололтой. Ямартаа ч хороо байгуулагдаад газраа чөлөөлж эхэлжээ. Хашаа, байшин нь трасст орсон зарим иргэн Газрын алба, үнэлгээний хороотойгоо тохиролцож амжаагүй байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Д.Балт зам дагуу 200 ам метр талбайтай хашаатай байсан бол 100 орчим ам метр талбай нь трасст оржээ. Үлдсэн 100 ам метр талбайдаа хүндхэн аж төрж байна. Автомашин оруулах хашаа, хаалга битгий хэл өөрсдөө гарч ороход бэрхшээлтэй болжээ. Гэвч Д.Балт “Газрын албаны охин замын ажил дууссаны дараа нөхөн төлбөр өгөх байх гэсэн. Хэдэн төгрөг өгөхийг мэдэхгүй. Улсын ажил юм хойно дараа нь ард иргэдээ хохироохгүй байх гэж найдаж байна” гэсээр итгэл тавин сууна.
Д.Балтын хашааны 200 ам метр талбайн 100 орчим ам метр нь трасст оржээ.
Вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг Э.Сэргэлэнгийн хувьд ч бас ажлын байр нь трасст оржээ. Доод давхартаа үйлдвэрлэлээ явуулж дээд давхарт нь өөрсдөө амьдардаг тэднийх барилгаа буулгахаас аргагүйд хүрсэн байна. Учир нь тэдний барилга байрлах газар дээр автобусны буудал баригдах төлөвлөгөөтэй аж. Өнгөрсөн сард үйлдвэрийнх нь хаалганд тулгаад газар тэгшилчихсэн учраас үйлдвэрлэлээ түр зогсоожээ. Барилгаа үнэлүүлэхээр холбогдох хүмүүст өргөдлөө өгчихсөн гэж Э.Сэргэлэн ярьж байв. “Энэ долоо хоногт шийдэж өгнө гэсэн. Таг л байна. Бид өөрсдөө нэг үнэ бодчихсон байгаа. Үнэлгээний хорооны санал биднийхтэй нийлвэл татгалзах зүйл алга” хэмээн саналаа хуваалцав.
Трасст орсон айл өрхүүд зуслангийн зам өмнөхөөсөө сайхан болох гэж байгаад ам сайтай байсан ч газраа үнэлэхэд тохиролцож чадахгүй байгаа аж. Газрын албаныхан томчууд нь байхгүй хойгуур хүүхдүүдэд нь газрыг нь үнэлсэн гээд 100 мянган төгрөг өгөөд явсан хэмээн уурсах эмэгтэй замын компанид агсарчээ.
Харин Дамбардаржаагийн уулзвараас цааш гурван км орчимд замын хөдөлгөөнийг бүрмөсөн хаажээ. Тэнд зуслангийн айл бус байнгын оршин суугчидтай учир хөдөлгөөн ихтэй юм. Усны машин, түргэний тэрэг орж гарах шаардлагатай учир зам хаагдчихаар иргэдэд багагүй хүндрэл учирч байгаа нь илт. Замын ажилчдаас “Машинтай явж болох уу” гэсэн иргэд тасрахгүй байв. Харин “Эрдэнэ зам” компанийн хариуцсан хэсгээс цааш буюу “Тэгш плант” компанийн замаар автомашин явахыг зөвшөөрчээ. “Тэгш плант” компанийн ажил “Эрдэнэ зам”-ийнхаас арай удаашралтай байгаа бололтой. Замын трассыг чөлөөлсөн ч гол замынхаа хучилтыг хуулаагүй, дүүргэлт хийгдээгүй байв. Үүнийг компанийн инженер А.Ганбат карьерын материал одлохгүй байгаа гэж тайлбарлав. Компанийн элс хайрга авдаг карьеруудыг Нийслэлийн байгаль орчны газраас хаажээ. Тиймээс дараагийн карьер олтол цаг хугацаа алдаж байгаа гэнэ. Нийт ажил 28 хувьтай байгаа ч ирэх аравдугаар сарын 1 гэхэд замаа хүлээлгэж өгнө гэж байлаа. Тэдний хариуцсан хэсэгт дөрвөн ШТС, 45 цахилгааны шон мөн “Кевико”-ийн 20 гаруй шон оржээ. Хашаа, байшин ч мөн нэлээд байгаа аж.
Замыг гурван хэсэгт хувааж, эхний таван км-ыг ийнхүү “Эрдэнэ зам”, “Тэгш плант” компанийн түншлэл ажиллаж байгаа бол дараагийн 4.6 км замыг “Төгс зам” компани, Шарга морьтын уулзвараас 6.7 км замыг “Наранбулаг” компани өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Шаргаморьтын хуучин төмөр бетон гүүрийг шинээр барихаар “Мотор сервис” компани, замын трасс, гэрэлтүүлэг, шугам сүлжээ, цахилгаантай холбоотой засварыг “Оффис сервис” компани хариуцаж авчээ. Ирэх аравдугаар сарын 1-нд зуслангийн зам ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: