Монголын Оюутолгой руу хүрхэрсэн Дорнын луугийн барьц лавширчээ
Өмнөд хөршийн Төрийн өмчит хөнгөн цагааны корпораци гэх тодотголтой “Чайналко” улам хүчирхэгжиж, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөө бүхий гигантын хэмжээнд хэдийнэ хүрсэн. “Чайналко”-г Дорнын луу гэж уул уурхайн салбарынхан нэрлэдэг. Тиймээс ч “Монголын Оюутолгой руу Дорнын луу хүрхэрч байна” гэж ажиглагчид цоллож байв. Тэгвэл Дорнын луу зангарагаа харуулж, охин компани нь Монголын Тавантолгойн нүүрсийг өөрсдийн үнээр худалдаж авах гол түншээр тодорчихоод байна. Тэгээд зогсохгүй баруун цанхийн хөрөнгө оруулагчийн тендерийн сүүлийн мэдээгээр 40 хувийн эрхийг гартаа атгаад байгаа Хятад улсын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Ёгинг “Зэсийг хөгжлийнхөө дараагийн гол зорилго” гэж тодорхойлж буйгаа мэдэгдэж байсанчлан, тэд одоо Оюутолгой төсөлд оролцох хүслээ гүйцэлдүүлэхийн тулд барьцаа лавшруулж байна. Хятадын талаас ийм хүсэлтэй байгаагаа төр засгийн өндөр, дээд төвшний уулзалтууд болон Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр нэг бус удаа илэрхийлж байсныг, Оюутолгой эсвэл “Айвенхоу Майнз” компанид хувь эзэмших хүсэлтэй байгаа гэдгийг Эрдэс баялгийн сайд хэлсэн. Мөн тэрбээр Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын протоколд “БНХАУ-ын талаас Оюутолгой төсөлд оролцох саналыг судална” гэсэн өгүүлбэр бий тул тэрхүү өгүүлбэрийн агуулгад нийцүүлэн ажиллана гэдгээ мэдэгдсэн нь өмнөд хөршийн хүсэлт биелэлээ олох цаг ойртон ирсэний дохио гэж харагдаж байгаа юм.
Тэгэхээр Оюутолгой төслийг удирдан ажиллахаар Айвенхоу Майнзтай тохиролцсон Рио Тинто Чайналкотой харилцаагаа сайжруулчихсан. Харин энэ хоёрын хамтарсан төсөл, гэрээ болгоны 51 хувийг буюу гол эрх мэдлийг Чайналко атгаж байгаа. Тэр утгаар нь ч, Рио Тинтогийн Айвенхоу Майнз дахь хувь эзэмшлийн өсөлт, Оюутолгой дахь нөлөөлөл улам бүр нэмэгдэх тухай мэдээлэл Хятадын Чайналко-гийн Оюутолгойд оролцох хүслийг дэмжих нь гэсэнтэй агаар нэг байв. Уг нь Рио-гийн Гүйцэтгэх захирал Том Албанезе “Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр 34 хувийн хувьцаанд халдахгүй бас “Чайналко”-г дагуулж ирэхгүй” гэсэн мэдэгдлийг хийж байсан. Харин энэхүү мэдэгдлийн утгыг Монголын Засгийн газар өөрөө гажуудуулж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. 34 гэдэг хувь хэмжээнд асуудал гараагүй ч “Чайналко” болон БНХАУ-ын бусад компанийг нэмүү өртөг шингэсэн томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах асуудалд нааштай хандах боломжтой гэдгээ илэрхийлчихээд байна.
Дээр өгүүлсэнчлэн Чайналко анх манайхны харж байсанчлан Рио-гоор шууд дамжуулж бус, харин Айвенхоу Майнзтай тохиролцох боломжийг эрэлхийлж ирсэн. Р.Фрийдланд нарын удирдлагууд нь “Чайналко”-той хамтарч ажиллах талаар хэлэлцээр хийсэн нь дэлхийн хэвлэлүүдийн хуудаснаа гарч л байсан. Гол нь Рио Тинто” “Айвенхоу майнз”-ын хамгийн том хувьцаа эзэмшигч. Харин “Чайналко” “Рио Тинто”-гийн хамгийн том хувьцаа эзэмшигч” тул Чайналко-д ихээхэн боломж эхнээсээ л байж. “Рио Тинто” 19.5 тэрбумын гэрээг Чайналкотой байгуулахаас татгалзсаныхаа төлөө нэлээд хохирлыг үзсэн. Гэхдээ Их Британийн “BHP Billiton”-ы удирдлага Мариус Клоперсын лоббигоор Рио Чайналкогоос татгалзсан гэдэг нь нэгэнт ил болсон асуудал. Нөгөө талаас, гол нь тэв эвлэрээд, хаана л ашигт малтмал байна тийшээ хамтын хүчээр дайрч, ашиглахаар санаа нийлсэн.
Тэрчлэн Оюутолгойд хувь эзэмших Чайналкогийн хүслийг биелэхэд Рио-гийн зүгээс шууд утгаараа дэмжлэг үзүүлж чадахгүй мэт үзэгдэвч, өөрийн хамгийн их хувьцааг нь эзэмшдэг Айвенхоу Майнз компанидаа хувь эзэмших талаас нь байр суурийн дэмжлэгийг тэд үзүүлж чадна. Хэдийгээр Айвенхоу Майнзын зүгээс Риотой олон улсын шүүх дээр нүүр тулаад байх үедээ “Рио Тинто Оюутолгойд хятадуудыг оруулж ирэх гээд байна” гэсэн мессежийг цацаж байсан ч, тэрнийхээ дараа өөрөө Чайналко-той тохиролцохоор нэг ширээнд сууж байсан. Тэгэхээр хэн нь ч ялгаагүй, ашигт малтмалын баялгаар барьцаа хийн, их мөнгө олохыг л чухалчилж байгаа. Ашиг л чухал.
Тэрчлэн Английн Бизнес Мониторинг Интернешнлийн хийсэн судалгааны тайланд өгүүлсэнээр “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз” –ыг Монголын уул уурхайн салбарын гол тоглогчид гэсэн. Тодорхой хэлбэл Монголын ашигт малтмалд шунасан тоглогчдын жагсаалтыг тэргүүлэгчид гэж болно. 2013 оноос Оюутолгой төсөл утгаараа хэрэгжиж, үйлдвэрлэл нь явагдаж эхлэх бөгөөд Монголын уул уурхайн өсөлтийн оргил үе тохионо гээд байгаа. Тэгэхээр тэр тэсрэлтийн үед эргэлдэх их мөнгөний айсуй чимээ дэлхийн гигантуудыг амар тайван суулгахгүй байгаа нь аргагүй юм. Тиймээс л Чайналко Монголын уул уурхайд хүчирхэг тоглогчийн байр суурийг эзлэхээр хүрхэрсээр байна.
Э.Богема
URL: