Засаг огцорч, мүднякууд алх цохих хувилбар

714Намын тамгаа атгаагүй Ерөнхий сайдын зовлонг Ч.Сайханбилэг сайд амсаж эхэллээ. Будант Альбионд бууж мордох төдийд нь хамтдаа хашаа хатгаж, ханаа дугуйлсан Ардын намынхныг нь Гүйцэтгэх зөвлөл нь хөөчихлөө. Засаг тоггвортой, хууль нь найдвартай байна хэмээн хөрөнгө оруулалт татах гэж бэдэрч явах айлчлал бүрийг нь араас нь АН-ынхан баллуурдаж байна

“Өөх ч биш, бугтчирхай ч биш явснаас дангаараа хариуцлага хүлээнэ” гээд АН-ын Гүйцэттэх зөвлөл Ардын намынхныг засгаас хөөх шийдвэр гаргасныг ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдэгдлээ. Сүүлийн арваад хоногт өрнөсөн улс төр өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр ингэж эцэстээ хүрлээ. АН-ын генсекийн мэдэгдсэнээр Ардын намтай нэгдсэн энэ хагас жилийн дотор ажил урагшилсангүй гэнэ. Ингэснээрээ муулаад байсан Н.Алтанхуягийн Засгийн газраасаа муу ажиллалаа гэдгээ Ардчилсан намын удирдлагууд үндсэндээ хүлээн зөвшөөрлөө. Өмнөх парламентын үед Ардын намын засагт хадаг барин орж ирэхдээ хөөсөн ч явахгүй хэмээж байсан АН-ынхан сонгууль болохоос хагас жилийн өмнө хаалгаа саваад гарч явсан. Одоо 2016 он хүртэл хамтран ажиллана гээд урьж ирүүлсэн намтайгаа учраа ололцохгүй хөөж туух болжээ.

Энэ нь ч гэнэтийн зүйл биш, анх л хамтарсан Засгийн газар байгуулагдаж байхад Ц.Нямдорж гишүүн, Ө.Энхтүвшин гишүүн нар “Явдалтай айлын гэрт орж ирж суулаа шүү” хэмээн намынхандаа анхааруулж байсан. Нэг ёсондоо хамтарсан засгаас хөөх энэ шийдвэр Ардын намынханд ч, ард түмэнд ч шинэ мэдээ биш байлаа. Цаг хугацааны хувьд харин арай цааш тооцож байсан байж магадгүй юм.

Гэхдээ Ерөнхий сайдыг эзгүйд гаргасан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр эцсийнх ч биш. МАН-ын сайд нарыг огцруулахыг намын бүлгийн олонхи зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. МАН-ынхан гарлаа гэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар тэсч үлдэх магадлал бага учраас тэр. МАН-ын зургаан сайдыг огцруулаад орыг нь нөхөөд явах бололцоо үнэндээ Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хомс байгаа. Засгаас хөөгдсөн МАН-ынхантай, өмнөх Засгийн газрын огцорсон сайд гишүүд, “Алтангадас” фракцынхан хамтрах магадлалтай. Хамгийн бодит аюул нь дараагийн Засгийн газрыг байгуулж сайд болох мөрөөдөл тээсэн фракцуудын төлөөлөл, ялсан намын дарга байж гүйцэтгэх засаглалаа тэргүүлээгүй намын даргын хүсэл. Энэ хүслээ биелүүлэхийн тулд “Шонхор” фракцынхан УИХ-д олон төлөөлөлтэй мүднякуудтай хамтарна, гүйцэтгэх засаглалаа З.Энхболд дарга авч, спикерийн алхыг “МҮДН”-ийнхэнд өгнө гэсэн яриа улс төрийн хүрээнд өрнөсөн нь оргүй хоосон таамаг ч бас биш. Магадгүй хамгийн бодит, биелэхэд ойрхон хувилбар нь ч байж мэднэ. Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат гээд УИХ-ыг удирдахад болохгүй гэхгүй лидерүүд АН-ын “МҮДН” фракцид байгаа хойно доо. Хагас сайн болгонд Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн Чингис бондоос санхүүжүүлсэн төслүүдтэй танилцаж байгаа З.Энхболд даргын үйлдлээс харахад түүний халаасанд Ерөнхий сайдын суудал, ирэх сонгуульд тугаа болгон орох мөрийн хөтөлбөртэйгөө хамт явна. Ирэх сонгуулийн хөзөр нь АН-ынхны хувьд мөнөөх муу хэлээд байсан Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн, Н.Батбаяр сайдын санаачилсан бондын төслүүд байх биз ээ.

Одоо өрнөх улс төрд ерөнхийдөө Ардын намынхан ажиглах байр суурьтай, АН-ын фракцуудын дотоод зодоон ихтэй өрнөх байх. Учир нь, хөөх хийгээд хариуцлага тооцох АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн мэдэгдлийн хариуд барих бэлэн хөзөр МАН-ынханд байгаа. Энэ нь хоёр нам хамтрах тухай гэрээ. АН-аас М.Батчимэг, Ардын намаас Су.Батболд гишүүн ахалж байсан Зөвшилцөх ажлын хэсгийн боловсруулж, батлуулсан гэрээний зүйл заалт бүр нь Ардын намынханд энэ цаг үед ашигтай тусах юм гэж хэн санах билээ. Ардын намынханд ашигтай тусаж байгаа хэмээн тодотгосны учрыг гэрээний заалт тус бүрээр тайлбарлахыг хичээе.

Гэрээний эхний заалтад Эдийн засгийн хүндрэлийг даван туулах 1.6 жилийн хөтөлбөр, дунд хугацааны стратегийн баримт бичгийг хамтран боловсруулна гэсэн байгаа. УИХ-ын 41 дүгээр тогтоолоор үүнийгээ хоёр нам баталгаажуулсан. Харин энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гуравт даалгасан байгаа. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг нь нь зааж өгсөн, харин хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээх албан тушаалтнууд нь дээрх гурван эрхэм байх нь. Ерөнхий сайд УИХ-д олон суудалтай АН-аас томилогдсон, Монголбанкны ерөнхийлөгч нь цагтаа АН-ын квотоор Хөрөнгийн биржийг толгойлж явсан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь АН-ын даргын зөвлөх байсан гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Хоёрдугаарт нь, уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх, тэр дундаа Оюутолгойн орд дээр одоогийн гэрээг муутгахгүй, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлнэ, аливаа асуудлыг ил тод шийдвэрлэнэ хэмээн гэрээнд тусгажээ. Тавантолгой зэрэг бусад орд дээр ч энэ зарчмыг баримтална хэмээн тодотгосон байгаа.

Гэрээний энэ заалтыг АН зөрчсөн гэж МАН-ынхан маргах бүрэн эрхтэй юм. Яагаад гэвэл Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх “Дубайн гэрээ”-г байгуулахдаа МАН-тай, тэр бүү хэл УИХ-тай ч зөвшилцөж чиглэл аваагүй. Зургаан тэрбумын хөрөнгө оруулалт татах урсгалыг нээсэн гэдгээрээ ач холбогдолтой ч энэ төлөвлөгөөг байгуулснаар Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээгээ саармагжуулсан гэсэн маргаан дагуулсан олон асуудал босч ирээд байгаа. Энэ гэрээг байгуулахдаа процедурын алдаа гаргасан уу, Монголд хохиролтой болсон уу гэдгийг шалгах ажлын хэсэг гарсан, удахгүй дүнгээ танилцуулна гэсэн. Тэгэхэд Оюутолгойн гэрээг өмнөхөөсөө дордуулсан уу, эсвэл дээрдүүлсэн үү гэдэг нь улам тодорхой болно. Аль ч тохиолдолд стратегийн орд газрууд дээр харилцан ойлголцож, ил тодоор шийдвэр гаргана гэсэн үндсэн заалт нь Ардын намд ашигтай хэвээр үлдэнэ. Учир нь “Дубайн гэрээ” бол Ардын намынхнаас асар хол хийгдсэн зүйл. Энэ зүйл заалтын бас нэгэн чухал хэсэг нь Тавантолгойн гэрээг ашигтай байгуулах тухай. Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байсан Монгол Улсын сайд М.Энхсайханы хэлснээр гэрээг сайнаар харвал энэ жилийн сүүлээр батлаж магадгүй, харин муугаар харвал хэзээ ч батлахгүй. Өрнөсөн үйл явдлыг өнгөц харахад л Тавантолгойг гацаагч нь Ардын нам бус спикерийн дэмжлэгтэй, Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг гэдгийг түм мэдэх байх аа.

Гуравдугаарт: Засгийн газрын гадаад өрийг нэмэхгүй, хуульд заасан төсвийн шалгуурыг өөрчлөхгүй, өрийн эрсдэлийн менежментийн эрх зүйн орчныг бий болгоно хэмээн гэрээний гуравдугаарт заажээ.

Өрийн менежментийг сайжруулна гэдэг зүйлийг оруулахдаа 2017 оноос төлж эхлэх Чингис бондын эхний хэсгийн хүүгийн төлбөрт зориулан сан байгуулна гэж байсан. Гэсэн ч шинээр сан байгуулах нь бүү хэл, Тогтворжуулалтын санд хуримтлагдсан хөрөнгийг хэрэглэхээр хуульд өөрчлөлт оруулаад явж буй. Шинэ сангийн шавыг ч тавиагүй байж Тогтворжуулалтын сангаа хоосолж байгаад Ардын нам ч, Ардчилсан нам ч буруутай.Төрийн өмчийн хувьчлалын бодлого, Үндсэн чиглэлийг харилцан зөвшилцөн хамтран боловсруулна гэсэн. УИХ-д оруулж ч ирсэн. Харин хувьчлах байгууллагуудын жагсаалтыг АН дангаараа гаргасан байжээ гэдэг нь өргөн барьснаас хойшхи үйл явдлуудаас харагдана. Гэрээний заалтаа зөрчин дангаараа оруулж ирсэн учраас л МАН-ынхан Хөрөнгийн бирж, Мэдээлэл холбооны сүлжээ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн бирж зэргийг хувьчлах жагсаалтаас хасуулсан байж таарах нь.

Парламентын засаглалыг боловсронгуй болгож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2015 онд багтаан хамтран шийдвэрлэнэ гэж гэрээндээ тусгажээ. Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн үндсэн тохиролцоондоо хүрчихсэн, төслөө бэлэн болгосон байгаа. АН-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан, бас л АН-ынхан олонхи байгаа ажлын хэсгийнхэн харин тодорхойгүй шалтгаанаар төслийг өргөн барихыг хойшлуулсан.

Сонгуулийн хуулийг шинэчлэн батална, тэгэхдээ сонгуулийн үр дүнг нэр дэвшигчийн хүсэлтээр гар тооллогоор баталгаажуулах, бүх шатны сонгуулийн хорооны 50-иас доошгүй хувийг улс төрийн намын төлөөллөөс бүрдүүлэх, сонгуулийн зардлыг багасгах зэргийг хуульд тусгахаас гадна сонгуулийн тогтолцоог нэг тойрог-нэг мандат гэсэн зарчмаар тохиролцоно гэсэн зүйлийг гэрээнд тусгажээ. Өөрөөр хэлбэл гэрээнд тусгаснаа баримталбал сонгуулийн санал хураалтыг гараар тоолж баталгаажуулахаар байв. Үндсэн энэ заалт дээрээ тохиролцоогүй учраас Р.Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг нам гүмхэн байгаа.

Улс төрийн намын гишүүнчлэл, өмч, эд хөрөнгөтэй холбоотой одоогийн эрх зүйн зохицуулалтыгхадгалж, намын төлөвшил, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод болгох хүрээнд хуульд өөрчлөлт оруулахыг Улс төрийн намын тухай хуульд тусгахаар гэрээнд зааж өгчээ. Гэсэн ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтын ахалж байгаа ажлын хэсэг энэ хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байгаа.

Орон нутаг дахь хамтын ажиллагааны хүрээнд АН орон нутгийн ИТХ-аас хуулийн хүрээнд гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр баталгаажуулжээ. Ингэснээр орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан ч засаглах эрхээ алдаад байсан гурван аймагт МАН-ын ялалтыг баталгаажуулах байв. Өөрөөр хэлбэл, Дорнод, Говьсүмбэр, Дундговь аймагт ялалт байгуулсан ч эрхээ эдэлж чадаагүй МАН-ынхан засаглах эрхээ авах байлаа. Гэрээний энэ заалт Дорнод аймагт л хэрэгжжээ.

Гэрээний есдүгээрт АН арван сайд, найман яам, МАН зургаан сайд, таван яам авна гэж баталгаажуулжээ. Хоёр намын гэрээний заалтуудаас хамгийн сайн биелсэн албан тушаал хувиарласан энэ заалт. АН Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайд С.Баярцогт, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт, МАН Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү гэсэн сайд нартай.

Ерөнхий чиг үүргийн яамдыг 50:50 хувийн харьцаагаар хувааж авна гэдгийг энэ заалтад тусгажээ. Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн АН-аас, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат, Байгаль опчин. нотон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол нар МАН-аас томилогдсоноор гэрээний энэ заалт хэрэгжжээ. Гэрээг хэрхэн баталгаажуулах, хэрэгжих хугацаа, хүчингүй болгох нөхцөлийг энэ заалтаар тодруулжээ. Тодруулбал, энэ гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажна, 2016 оны сонгууль хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө, аль нэг тал дангаар цуцлахыг хориглоно хэмээн энэ зүйл заалтад тэмдэглэжээ. Засгийн газраас МАН-ыг хөөснөөрөө АН мөн л энэ заалтыг зөрчжээ.

Энэ бүхнээс харвал хагас жилийн өмнө байгуулсан гэрээ бүхэлдээ МАН-ын талд ашигтай үлдэж, тэд хөзрийн тамга атгачихсан сууж байна. Мэдээж тэд хөөгөөд байхад нь явахгүй гэхгүй байх. Гэрээгээ зөрчсөн, хөөсөн гэсэн нэрийг АН-ынхантай үлдээгээд ирэх сонгуулийн салхийг сөрөн алхана.

Я.Цэвэлийн толиос “Гэрээ” гэдэг үг ямар утгатай болохыг сонирхов. Тольд дурдсанаар “гэрээ гэдэг нь гэрч тэмдэг болох, баталгаа баримт” гэсэн утгатай үг. Бүр ухвал зүгээр л нэг цаас төдий биш, баталгаатай баримт бичиг ажээ. Баабар гуайн өгүүлснээр“Монгол хэлний орчин цагийн тайлбар толь бүтээх анхны оролдлогыг Шагж хийсэн юм. Харин хожим жараад оны үед Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” нь өнөө үеийн шаардлага хангахуйц дажгүй бүтээл болсон ба түүнээс хойш хагас зууны турш өнөө хүртэл бараг энэ төрлийн бараг цор ганц хэрэглэгдэхүүн болсоор явна”.

 

 

С.ОНОНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: irgen Огноо: 6 July 2015

zasgiin gazraa togtvortoi ajilluulaasai

Сэтгэгдэл бичих