Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны 6 дугаар сарын 9, 30 болон 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд тус тус хуралдаж, мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.
Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэлд “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 5 дугаар сарын эцэст 8.0 хувь, Улаанбаатар хотод 7.5 хувь болж бууран, суурь инфляци алгуур буурсаар 10.2 хувьд хүрээд байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляци ирэх саруудад нэмэгдэхээргүй байгаа тул 2015 оны инфляцийн зорилт хангагдахаар байна. 2015 оны эхнээс төлбөрийн нийт тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч, оны эхний хагаст алдагдалгүй гарах нөхцөл бүрдэж байна. Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1 хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн хэвээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх чиглэлд өөрчлөх боломжийг хязгаарлаж байна” гэж онцолжээ. Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалж, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг үргэлжлүүлэн дэмжих эерэг нөлөөтэйг мэдэгдэлд мөн дурджээ.
Хэрэв 2015 оны 2 дугаар хагаст гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын төсөвт эерэг өөрчлөлт гарвал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж мөнгөний бодлогын зөвлөлөөс үзэж байгаа аж.
Мөнгөний бодлогын зөвлөл он гарсаар нийт гурван удаа бодлогын шийдвэр гаргасан бөгөөд эхний удаад бодлогын хүүг 1.0 нэгж хувиар өсгөн 13.0 хувьд хүргэсэн бол удаах хуралдаануудаар бодлогын хүүг өөрчлөөгүй байна.
Б.Цолмон
URL: