Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танаа

05ab0bd1a326438coriginalНЯЦААЛТ ӨГӨХ ТУХАЙ
Таны удирдлага дор ажилладаг Тамгын газар, хэвлэл мэдээллийн алба миний нэр дээр намайг УИХ-ын чуулганд мэдэгдэл хийсэн болгож, тэр мэдэгдэлдээ үндэслэлгүй, баримжаагүй тоо хэлж, түүгээрээ олон нийтийг төөрөгдүүлсэн, Улаанбаатарын ажлыг хараар будсан мэтээр сүржин, гүтгэлгийн мэдэгдэл гаргаж, олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлүүлжээ.

1. Юуны өмнө УИХ-ын чуулган дээр би ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Би Засгийн газраас оруулан хэлэлцүүлж байгаа 2014 оны санхүүгийн тайлангийн материалаас асуулт асуусан. Тийм болохоор нийтэд мэдэгдэл хийсэн мэтээр намайг гүтгэх нь учир утгагүй зүйл юм.

2. Таны Тамгын газар, хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд миний тавьсан асуултын “Нийслэл хотын төрийн болоод удирдах ажилтны тоо” гэсэнд эмзэглэж байгаа юм уу гэж үзлээ. Гэтэл та нарын ирүүлсэн мэдэгдэлд “2015 оны нэгдүгээр захиргааны байгууллагууд болон түүний харьяа байгууллагууцын төрийн албан хаагчийн тоо нийт 29580 байгаа”-г тэмдэглэжээ. Энд та нарын бичсэн “төрийн албан хаагчийн тоо” миний “нийслэл хотын төрийн болоод удирдах ажилтны тоо” гэж хэлсэнд зарчмын өөр зүйл байхгүй нь ойлгомжтой байна.

3. Мөнхүү мэдэгдэлдээ “УИХ-ын гишүүн таны хэлснээр 5800-аас 24000 болтлоо огцом өссөн зүйл байхгүй болно” гэжээ. Огцом өссөн баримтаа та нөхөд өөрсдөө одоо болтол олж хараагүй юм уу. Засгийн газрын өргөн барьсан тайлангийн 251 дэх талд “нийслэлийн ажиллагсад 2014 оны төлөвлөгөөгөөр бол 5803, харин гүйцэтгэл 24102” болж 18299 хүнээр нэмэгдэж нэг жилийн дотор 4 дахин өссөнийг тусгасан байна. Та нарын ийм байх ёсгүй, ард түмнийг төөрөгдүүлсэн гээд байгаа энэ огцом өсөлтийг чинь л би лавлаж асуусан шүү дээ. Асуудлаа бүрэн ойлголгүй гаргасан мэдэгдэлдээ “үндэслэлгүй, баримжаагүй тоо гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн надтай холбосон байна. Та нарын энэ сүржин үгс надад биш, харин Засгийн сарын байдлаар Нийслэлийн төр газар тайландаа тусгасан баримтуудын тухайд өгч байгаа хариу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн захиргаа нь Засгийн газрын гаргасан тайлантай марган мэдэгдэл хийж байгаа чинь төрийн алба, түүний албан хаагчдын албаны ёс зүйтэй хэрхэн нийцэж байгаагаа та нэг эргэцүүлэн бодно уу. Харин цаана нь таны мэдэгдэл хийгчдийн намайг “баримжаагүй, үндэслэлгүй хуцал мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлж байгаа” мэтээр гүтгэн гүжирдсэн зүйл үлдэж байна.

4. “Хойшид нийслэлийн ажлыг муулахын тулд бүгдийг харлуулдаг” гэх мэт учир утгагүй зүйлийг мэдэгдэлдээ дурдаж, ийм үйлдлийг зогсоох шаардлага тавьсныг тань миний бие бүр ч хүлээж авах боломжгүйг мэдэгдэж байна. Ажиллагсдын тоо огцом өссөн тодорхой баримтыг асуухаар нийслэлийн ажлыг харлуулсан болдог юм уу? Энэ мэдэгдлийн цаана УИХ-ын гишүүн миний үгээ хэлж, асуулт асуух эрхийг мухарлан боогдуулах гэсэн хууль бус арчаагүй оролдлого бас нуущаж байна. Үүний зэрэгцээ нийслэлийн ажлын талаар ямар нэг дутагдалтай зүйл хэн нэг нь ярих ёсгүй мэтээр үзэх ихэмсэг зан авир, өөрсдийгөө бөөцийлөн хамгаалах хүнд суртал, төрийн албан хаагчдад байж болшгүй санаархал чинь илэрч байна. УИХ-ын гишүүн Нийслэлийн төрийн албаны тоо асуухад хариуд нь мэдэгдэл хийдэг юм байж. Харин жирийн иргэдийн тухайд Нийслэлийн засаг захиргаа тэнгэр хол, газар хатуу гэдгийн үлгэр болж байгаа юм биш биз.

Парламентын хэлэлцэж буй асуудалтай холбон далим гаргаж миний нэр дээр гаргасан мэдэгдэлдээ баримт үндэслэлгүй, баримжаагүй худал, олон түмнийг төөрөгдүүлсэн, ор үндэслэлгүй зүйл ярьсан хэмээн гүжир, гүтгэлэг явуулсандаа уучлал гуйхыг танаас шаардаж байна. Энэ шаардлага эс хангагдах аваас төсвийн мөнгө хөрөнгийн нөөцийг ашиглаж, төр, засгийн байгууллагын албаны мэдэгдлээр хувь хүнийг дарамтлан, албаны болон миний нэр хүндийг зориуд санаатай зохион байгуулалтайгаар гутаасан тухайд хуулиар асуудал шийдэгдэх ёстойг та ойлгох биз ээ.

улсын их хурлын гишүүн Д.ДЭМБЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих