Монголчууд бидний дотор “Од” байгаа юу?

Сэтгэл гэгч яг үнэндээ гарт үл баригдах, бас үл харагдах эд хэдий ч бидний ихэнх нь л барьж үзчихсэн бас мэдэрчихсэн мэт байдаг их сонирхолтой эд эрхтэн юм. Энэ эд эрхтэн хордвоос шилжүүлэн суулгах, эсвэл нөхөх боломжтой эд мөн үү гэж би өөрөөсөө хааяа асуудаг. Би өмнө нь Америкт ирээд эмгэн, өвгөний ажил хийдэг байхдаа сэтгэл гэгч эрхтнээ Солонгос олон ангит кино үзэж, хамт уйлж, улайрч, бүр дүрдээ орж, гоймон ч идмээр санагдах хүртлээ улайрч үздэг байсан. Солонгос кино шимтэн, хайж үзэх бүрдээ үнэндээ өөртөө дургүй хүрдэг байсан ч за энэ газар би өөр юу хийж сэтгэлээ зугаацуулах юм бэ гэж ирээд л өөрийгөө өмгөөлчихдөг байсан.

32_9029b5c35c6aed6629e0010311e4f2bf6faf20eb

 

Өдрөөс өдөрт Солонгос кинонд дурлаж, автаж тэдний эрчүүдийг, бас хүүхнүүдийн хөөрхөнийг, тэр ч бүү хэл ямар янзтай донжтой дэгжин хувцаслаж буйг шүтсээр байлаа. Тиймээ Монголд ч гадаадад ч бид бүгд Солонгосын хоорондоо маш сайн уялдаа холбоотой,маш өчүүхэн сэдвийг чадварлагаар том болгон хийсэн Со киногоор оюун тархиа хордуулсаар байсан. За тэгээд эмгэн өвгөн харах ажил зогссоноор Чикаго хотод ирж, удалгүй Солонгос дэлгүүрээр холхиж, бас Солонгосчуудын дунд ажиллаж эхлэхдээ л би нүдээ нээж хартал үнэндээ тэр Солонгос кинонд гараад байдаг хөөрхөн, сайхан хүүхэн харчуултай за үнэхээр үзээд хайгаад ч, энэ муу хоёр сиймгэрээ томруулаад томруулаад таарсангүй ээ.

 

Найман жил хагасын дотор эдэн дотроос харсан хамгийн царайлаг ганцхан Солонгос гоо сайхны салоны эзэн хүүхэн, хумсны салоны эзэн залууг эс тооцвол.Кинонд амилсан гоо сайхан Со нарыг олж хараагүй юм. Учир нь энд байдаг Солонгосууд засуулаад, тануулаад ч жирийн нэгэн Монгол охид хөвгүүдийг гүйцэхгүй.Гэтэл захын Монгол хүүхнүүд, залуус дотор сайхан, хөөрхөн нь таарсаар л байсан юм даг. Би бүр ихэд гайхаж хамт ажилладаг Солонгосуудаасаа асуулаа. Би танай Солонгос кинон дээр гардаг шиг хөөрхөн сайхан хүмүүстэй яагаад нэг удаа ч болохноо таардаггүй юм бол? Танай энд байдаг Солонгосууд яагаад бүгд ийм нэгэн хэвийн царай зүстэй юм бэ гэж асуухад тэд олигтой хариулт ч өгч чадаагүй ээ.Түүнээс хойш би өөртөө Солонгос кино үзэхээ боль гэж тушааж тэр тушаалаа ч сайн биелүүлж явна. Би Монголдоо байхдаа ч заавал телевизийн хөтөлбөр авч, үзэх зүйлээ доогуур нь зурж цагаа харж үздэг байсны хүчээр охин минь ч зурагт бага үздэг болж сурсан юм. Америкт ч ялгаагүй би тэгтлээ их зурагт үзээд суудаггүй.

Харин сүүлд бага минь гарснаас хойш манай гэрт энэ хүний л эрх мэдэл ноёлож хүүхэлдэйн киноны суваг л ганц ажилдаг болоод удаж байна. Солонгос кино үзэхийн давуу тал нь бүрэг ичимхий Монголчууд бид бие биенээ өвгөөн, хөгшөөн гэж дууддаг байсныг халж хайраа гэх болжээ бид. Бас хувцаслалт донж маягт бас чамгүй их хувь нэмэр оруулсан юм. Гэхдээ эрчүүдийг эмэгтэйлэг болгоход бас их үүрэг гүйцэтгэж,зарим нэг залуу хосууд биенээ үүрч ч байх шиг, тэр нь ядаж байхад бидэнд зохимжгүй харагдах нь яана ккк. Гэх мэтээр сөрөг үзэгдлүүдийг авчирсан юм. Гэхдээ би Солонгосчуудын нэг зүйлийг биширч байна. Тэр бол түүхэн кино. Байхгүй байгаагүй баатрууд, хаан хатдыг гайхамшигтайгаар амилуулж чадах аж. Аргагүй л айхтар ард түмэн юм.Үүгээрээ дамжуулж үр ач нараа Би бол агуу Солонгос хүн гэж бахархах бахархалтай болгож өсгөж чадаж байна. Гэтэл хөөрхий бид Монголчууд уг нь бүр жинхэнэ байсан түүхэн мундаг хаан, хатад, баатруудаараа олигтой кино хийчих ур чадвар, санхүү алга.

Дээр үед хийгдсэн Цогт тайж, Мандухай сэцэн хатан, Ард Аюуш гэх мэтийг мөн сүүлд зохиолч Шүүдэрцэцэгийн хийсэн АНУ хатан киног эс тооцвол монголчууд бид өөрийн түүхгүй ард түмэн гэж ойлгогдохоор. Гэтэл өнөөдөр дэлхий даяар Солонгос кинонууд хүчээ аван тэлсээр л байна. Яагаад үргэлж бид эд мөнгөөр ч сэтгэл зүйгээр ч бусад орны хүмүүсээс ядуу байдаг юм бол гэж гайхнам. Тэнгэр заяатай агуу гэж цээжээ дэлдэж чарлахаас бус, нэгнийхээ хийсэн чадсан уруу нус шүлс, шээсээ л сайн асгаж чадхаас, уухайлан дэмжиж өмгөөлөн хамгаалах нь ховор шахуу юм даа.

Ер нь өөрийгөө үнэлдэггүй хүнийг өрөөл бусад үнэлдэггүй тэй адил түүхээ зориуд мартсан мартагнуулж байгаа улс орныг гаднынханд яаж үнэлэгдэх билээ дээ. Нэгнийхээ хийсэн амжилттай зүйлийг нийлээд өөд татаж чадах аваас уг нь Монголчууд бидэн дотор мундаг мундаг хүмүүс бишгүй л их байх шиг мунхаг надад харагдах.За тэгээд ер нь бол цэл залуу насанд л хайр дурлал энэтэрд сэтгэл гэгч жолоо цулбуургүй амаа авч давхидаг морь шиг байх гээд байдаг болохоос бус, жаахан юм юм үзээд ирсэн насанд бол ер нь нарийндаа хазаарлаж, зогсоож, болдог л эрхтэн юм байна билээ шүү дээ.

Тиймээс сэтгэл хэмээх эрхтэнээ хайрлаж хямгадаж амьдарцгаая. Бидний сэтгэл ухаан санаа хогын сав биш шүү дээ. Сайныг нь аваад саарыг нь хаяж бас хэт автаж Солонгос кинонд дурладгаан зогсооцгооё. Зарим нэг нь намайг Солонгос шиг гэж хэлдэг гэж баярлаж баясаж сүйд болох юм, гэтэл Солонгос хүүхнийг чи Монгол шиг юм байна гэвэл уурлаж гутарч сүйд болдог юм шүү дээ ккк. Манайхан л Япон, Солонгостой адил харагдвал хачин их баярлах. Хөөрхий тэр Япон ч тэр Солонгос ч тэр улсын хажууд Монголчууд бид эр нь ч эм нь ч уг нь маш сайхан төрх, зөв галбирлаг хүмүүс юм шүү дээ .За тэгээд хэн нэгэн нөхөртэй адил болох гэж засуулж тануулж болноо, энэ бол таны л эрх. Гэхдээ бүү Монголоо доош хий. Гаднынханд өөрсдийгөө муулж өөрийгөө дөвийлгөж байна гэвэл эндүүрэл. Гаднынхан биднийг бүгдийг нь Монгол, Монгу гэж хоорондоо ярихаас бус Энхээ, Болдоо тэгээд гэж ярихгүй шүү дээ. Бусдын аманд багтаж амьдрах шаардлага алга. Тэр тусмаа Монголчууд бид түүхэндээ дэлхийн талыг хурааж хумьж чадсан өвөг дээдэс, үнэн түүхтэй ард түмэн юм шүү дээ. Харийн нутаг зорьсон Монголчууд ихэнх нь хэн нэгэн Солонгос Кимийн дор бөхөлзөн ажиллаж гэртээ очоод амарч суухдаа ч гэрийнхээ зурагтаар өнөөх л нэг өвдсөн зовсон, өсөрхсөн ах дүүс найз нөхөд хоорондоо дурлалцсан Солонгос кино үзэж, гоймон сорсоор, Солонгос залуу, хүүхнийг шүтсээр амьдрах нь бас л өөрсдийгөө дорд үзэж байгаатай агаар нэгэн буйзаа гэж мунхаглан бодном.
Өөрийгөө, өөрсдийгөө дорд үзэх тусам өрөөл бусад улам л биднийг дорд үзэх билээ л. Хорин таван жилийн дотор Монголчууд бид хошгирч сайн сурчээ, бас өөрт байхгүйд шунаж сурлаа. Өрөөл бусдыг шүтэж, өөрсдийгөө муучилж сайхан сурлаа. Нэгнээ болж л өгвөл доош хийж, тэр юу чадах юм гэж өөлж сайн сурлаа . Монголд од байхгүй ч гэх шиг . Яагаад бидэнд од байж болдоггүй билээ? 3 хан саяулаа болохоор тэр үү?Монголдоо нэртэй цуутай хүмүүс маань бандааш нь хүртэл бренд биш болохоор, эсвэл хувьдаа онгоцгүй, зарц шивэгчингүй болохоор тэр үү?!? Солонгос, Япон хятад гээд улс орон бүрд өөр өөрсдийн урлаг соёлын, спортын гээд одууд байна. Харин яагаад бидэнд болхоор байж болдоггүй хэрэг вэ? Япончуудын үндэсний спортод гэхэд л Монголын хүчирхэг хөвгүүд үргэлж тэргүүлж, дэлхийг дэлдийлгэсээр. Монгол хүн шүтээд баясаад байгаа Солонгос, Япончуудаас юугаараа дорд байгааг би олж харахгүй байна. Үргэлж үгүйсгэж, доош хийж санаагаа амраана.

Үр дүн нь тэгээд юу хожих гэдэг юм бол? Ингэж өөрсдийгөө өөрсдөө муулж доош хийсний үр дүнд нь хаашаа ч тэлэх аргагүй болсон шавааралдсан Улаанбаатар хот, өглөө босоод гарахдаа орой амьд ирэх үгүй нь үл мэдэгдэх аймшигтай замд хэзээ нурж унаж толгой дээрээс дарж алах нь үл мэдэгдэх шинэ байшинцарууд. Баярхсан эмс, харчуул, бренд шүтсэн морь унасан толгойгүй монголчууд, залуу үе, нам дагаж дарга болж хоол олж идэх гэж яарах залуу үе.Авч буй цалингаараа аав ээждээ сүү бариад очих сэтгэлгүй атлаа компьютер тоглоом, мөрийтэй тоглоом өвсөнд донтох залуус.Эх эцгээ үхсэний дараа үнэн худал нь үл мэдэгдэх, ухаан сууж уйлалдах шагшилдах дүүрэн яруу найрагчид, дуучид. Айл бүрд байх бөө, лам хуврага, уншигчдаасаа их зохиолчид.

Бас болоогүй энэ муу арилжааны зохиолч, би мундаг сэтгэлгээний зохиолч, энэ манай эхнэр л сайн, бусад нь муу ч гэх шиг агуу их үгүйсгэлийн дэмийрэлд өвчлөгсөд, дандаа бусдад дүн тавих гэж яардаг агуу хүмүүс.Элит гэж балайрагсад. Амархан баяжихыг зүүдлэн хэвтэх үнсгэлжингийн үлгэр мөрөөдөх охид. Энэ бол бидний сүүлийн 25 жилийн хөгжлийн үр дүн. Аяа албан тасалгааны цонхоор байтугай алсад суугаа миний сэтгэлд Монголын минь ирээдүй бас заримдаа бүрхэг харагдана. Монгол хүмүүс бид дэмжиж шүтээд байгаа Солонгос, Япон шигээ яагаад хөгжиж чадахгүй гэж?!?! Бид тийм лойчихсон хор шаргүй ард түмэн гэж үү? Би тэгж бодохгүй байна. Монгол хүн бүрийн цус нь буцалж, эх оронч болохыг би уриалан дуудмаар байна. Атаархал жөтөөрхөлөө биш хор шараа асаамаар байна.

Муулаад байдаг муусайн Хужаа нар чинь гэхэд л хажуу хавирганд байх Эрээн хотоо мандуулж, цэцэглүүлж өгч хөгжүүлж өгч байна. Харин гэтэл бид нөгөө л нэг байрандаа, ус, тог нь олон хоногоор тасарсан хэвээр л…. Бид чинь Монголчууд шүү дээ. Би хавчиг мөртэй будмал зормол, хайваг яйваг алхаатай Солонгостой биш,майжиг хөлтэй Япон хүүхэнтэй биш, би өндөр, өргөн шанаа хацартай, гэрт орж эм, гадаа гарч эр болж чаддаг гайхамшигтай чадвартай Монгол бүсгүй шигээ харагдахдаа ичиж биш баярлаж бахдаж байна. Эцэст нь чангаас чанга ам бардам хэлхэд одоо ч цаашид ч Монголчууд бидэн дотроос улс орондоо ч, цаашлаад дэлхийд данстай урлаг соёл, спортын, шинжлэх ухааны гээд одууд төрсөөр байх болно. Бие биенээ хүлээн зөвшөөрч сурцгаая. МОНГОЛД ОД БАЙСАН ЧИГ БАЙХ Ч БОЛНО. Эрхэс тэнгэрийн ивээлээр гэхэд л шөнийн тэнгэртээ тоо томшгүй одон ирмэлцэж, харвалцаж байдаг орон бол Монгол билээ. Харин миний байдаг энэ газар гэхэд л би эрхэс тэнгэрийн одыг харалгүй даруй 8 жилийг үдэв.

 

Яруу найрагч Хулганайн Тэргэл 2014 Чикаго хот.
(Номын хэсгээс авав)


URL:

Сэтгэгдэл бичих