14-р дунд сургуулийг хэзээ ашиглалтад өгөх нь тодорхойгүй байна

Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14-р сургууль 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах ямар ч боломжгүй болж багш, сурагчдаа эхний ээлжинд дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтайгаар хичээллэж байгаа. Энэ нь иргээд хичээлийн бус цагаар нэмэлт секц, дугуйлан давтлагад хамрагдаж чадахгүй зэргээр, аль аль сургуулийнх нь сурагчдийн сурлага, амжилтад сөргөөр нөлөөлж байгааг тухайн үед нь багш нар нь мэдэгдэж байсан. 

Тиймээс яалт ч үгүй тус сургуулийг сэргээн засварлах эсвэл шинээр барьж байгуулах шаардлага гарсан. Тухайн үед төр засгийн удирдлагууд даруй арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байсан ч өдгөө мартагдах шахаад байна. Иймд энэ талаар БЗД-ийн ИТХ-ын дарга Ц.Батхүүгээс тодрууллаа.

9ce97c2c5ab443834362a345e4b21aff

- Шилжилт хөдөлгөөн хамгийн идэвхитэй бүсэд ордогийнхоо хувьд БЗД-т сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэвч сургууль, цэцэрлэгийн тоо төдийлөн хангалттай бус. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

- БЗД-ийн хувьд өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар дөрвөн цэцэрлэг, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар гурван цэцэрлэгийг тус тус ашиглалтанд оруулаад байгаа. Хувийн гэр цэцэрлэгүүд ч нэлээдгүй байгуулагдлаа.

Үндсэндээ арван хүүхдийн тав нь л сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байсан бол энэ тоо өсч долоод хүрээд байгаа. Үлдсэн гурван хүүхдийн хувьд, Нийслэлийн бодлогоор хэрэгжиж байгаа бага сургууль цэцэрлэг барина гэх төсөлд хамруулахаар төлөвлөөд байна. Энэ баригдаад эхэлбэл, тухайн хороодод цэцэрлэг, сургуулиуд шинээр бий болно л гэсэн үг.

- Гэвч Нийслэлийн 14-р дунд сургуулийг каринтылснаас хойш ашиглалтанд оруулах тал дээр дорвитой ажил хийсэнгүй. Одоогоор тус сургуулийн хүүхдүүд хичээллэх байргүйгээс дөрвөн ээлжээр хичээллэхэд хүрээд байгаа. Энэ хичээлийн жилдээ багтаагаад ядаж шийдвэрт хүрч чадах уу?

- Бид нарын зүгээс холбогдох байгууллагууд, Боловсролын яам, Нийслэлийн байгууллагуудад удаа дараа санал хүргүүлсэн. 14-р сургууль бол байрлал сайтай, дээрээс нь нураагаад байшин барихад бүрэн боломжтой.

Угтаа Боловсролын яам төсөвтөө суулгана гэх хариуг өгөөд байсан ч суулгасан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Ирэх оны төсөвт суулгаад, энэ жилийн тодотголоор баталчих аваас, бушуухан бариулахын төлөө л явж байгаа шүү дээ.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих