Нийслэл Д.Дэмбэрэлийг буруутгасан мэдэгдэл гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Та 2015.06.30-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үеэр “Нийслэл хотын төрийн болоод удирдах ажилтны тоо 5800 байсан бол 24000 болтлоо нэмэгдсэн байна” хэмээн мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлд дурдагдсан баримт үндэслэлгүй, баримжаагүй тоо гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

2e4k89dqbnbikfg0jc553lkjdl
2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон түүний харьяа байгууллагуудын төрийн албан хаагчдын тоо нийт 29580 байгаагаас Улс төрийн албан тушаалтны тоо 203, Төрийн захиргааны ажилтны тоо 3648, Төрийн тусгай чиг үүргийн байгууллагын ажилтны тоо 1602 байна.  Мөн төрийн үйлчилгээний ажилтнуудын тоо 24127 болсон байна. Үүнд бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн болоод нийтлэг үйлчилгээний албаны ажилтнууд багтдаг гэдгийг та эрхбиш мэдэх биз ээ.  Эндээс үзвэл нийслэл хотын төрийн болоод удирдах ажилтны тоо УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Таны хэлснээр 5800-гаас 24000 болтлоо огцом өссөн зүйл байхгүй болно.
Парламентад хамгийн олон буюу зургаан удаа сонгогдож, төр, түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-ын дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж явсан эрхэм гишүүн таныг баримжаагүй, үндэслэлгүй, худал мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлж байгаад харамсч байна. УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг зарчим бий. Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч, хариуцлагатай мэдэгдэл хийх нь төрд байх хүнд тавигдах зүй ёсны шаардлага болов уу.  Зөвхөн бусдын ажлыг хараар будахын тулд муулж байгаа аливаа шүүмжлэл төр, түмний ажилд нэмэр болдоггүйн хор уршгийг та юу юунаас илүү мэдэх ахмад улстөрчийн хувьд цаашид аливаа мэдээллийг нягталж, үнэн зөв бодитой баримтад тулгуурлан хариуцлагатай мэдэгдэл хийнэ гэдэгт итгэж байна.   Хойшид Нийслэлийн ажлыг муулахын тулд бүгдийг харлуулж, гуйвуулж, гүтгэдэг увайгүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих