Өнгөрсөн цаггүй хүмүүс

pamyatПавел Одинцов

2000 оны хавар тосгоны эмнэлэгт гучин тав орчим насны, ажилчны хувцас бүхий эрэгтэйг авчрав. Хаврын тариалалтын өмнө тосгоноо тойрон үзэж явсан нутгийн агрономич эмэгтэй өвчтөнийг авчирчээ. Замаас холгүй толгойгоо гараараа атган базсан хүн газар суухыг тэр харжээ. Түүний бие нь муудаж хэмээн санасан агрономич дөхөж очоод:

-Та яав? гэж асуужээ.

Үл таних хүн зөвхөн толгой сэгсэрлээ.

-Зүрх чинь өвдөө юү гэж эмэгтэй асуув.

Эрэгтэй түүн рүү арга тасарсан мэт ширтсэнээ гэнэт уйллаа.

-Би хаана байна? Би хэн бэ гэж тэр эцэст нь нэг юм дуугарав.

Хачин хүнийг мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж агрономич бодов. Ийнхүү тэр хүний зовлонгийн далай эхэллээ. Үзлэгт оруултал хараа багахан мууг эс тооцвол физиологийн талаас ямар ч өөрчлөлт байсангүй. Биенд нь ямар ч гэмтэл алга байлаа.

“Үл таних хүн” хэвийн уншиж бичих атлаа яагаад юу ч санахгүй байгаа нь ойлгомжгүй байлаа. Өмнөх амьдралын дадал зуршил нь арилаагүй аж. Хувийн дурсамж төдийгүй ахуйн дадал нь арилчихдаг ой санамжаа алдах өвчнийх шиг бүхнийг шинээр зааж сургах хэрэг гарсангүй.

Ой санамжаа алдсаныг нь эмч “стрессийн байдалд орсон байх боломж”-оор тайлбарлав. Өвчтөн өөрөө хаанахынх болохоо ч, өөрийн нэрээ ч, мэргэжлээ ч, гэр бүлээ ч санахгүй байлаа. Тэрээр удалгүй тосгоны эмнэлгээс мужийн эмнэлгийн сэтгэцийн тасагт шилжлээ.

Мэдрэлийн эмч нарт төрсөн эхний бодол нь ямар нэгэн мансууруулах бодисын хордлого гэсэн онош байв. Гэвч өвчтөнд ямар ч тарианы сорви байсангүй. Цусны шинжилгээ ямар ч бодисын үлдэгдэл илрүүлсэнгүй. Тархины органик мөхлийн шинжилгээ ч юу ч өгсөнгүй. Өвчтөн юу ч санахгүй байсан болохоор хоёр сар эмнэлэгт байлаа. Түүнийг компьютер дээр маш сайн ажилладгийг санамсаргүй олж мэдэцгээлээ.

Анагаах ухааны нэгэн бага хурал дээр мэдрэлийн тасгийн ерөнхий эмч ой санамжаа алдсан энэ тохиолдлыг дурдан илтгэл тавив. Завсарлагаанаар түүн дээр Тархины хүрээлэнгийн эмч хүрч ирлээ. “Үл таних хүн”-ийг яг ийм асуудлыг судалдаг тусгай төв рүү илгээлээ. Тэнд ч гэсэн ажил огт урагшилсангүй.

Цагдаа ч чадлаараа ажиллаж, түүний хэн болохыг тогтоохоор бүх аргаараа оролдлоо. Хурууны хээ ч, сураггүй бологсдын зураг ч, өөр бусад арга ч үр дүнгээ өгсөнгүй. Эцэст нь бүх Орос даяар зарлалаа.

Харин эмч нар түүнийг дахин дахин ховсдож үзжээ. Тодорхой болсон цорын ганц зүйл гэвэл “үл таних хүн” галт тэргээр иржээ. Хаанаас ирсэн, хайшаа явж байсан, зогсоол дээр яагаад буусан, яах гэж тосгоны замаар явсан нь нууц хэвээр үлдэв.

Найдварын оч хэдэнтээ гялсхийв. Хаягдмал эхнэрүүд, хүүгээ алдсан эхчүүд түүнийг харахаар ирсэн ч тэд ерөөс таньсангүй. Орон нутгийн телевизийн сэтгүүлч сэтгэцийн өвчлөлийн асуудлаар материал цуглуулж байхдаа түүний гэрэл зургийг өөрийн хөтөлбөрөөр үзүүлье гэж санал болголоо. Амжилт олно гэж хэн ч найдсангүй. Гэвч телевизийн нэвтрүүлэг гарснаас хойш арав хоногийн дараа студи рүү нэгэн догдолсон эр хүн ярилаа. Гэрэл зургийг хараад тэрээр аль эрт Барнаулд ажиллахаар явсан том ахыгаа мөн болохыг таньжээ. Түүний яриагаар бол хэдэн жил холбоо тасарсан аж.

“Үл таних хүн” дээр ийнхүү зочин ирлээ. Зүгээр ч нэг зочин биш, төрсөн дүү нь. Эмч нар энэ уулзалтад ихээхэн найдаж байв. Төрөлх нүүр царай заримдаа ийм өвчтөний ой ухааныг сэргээдэг билээ.

Гайхамшиг тохиосонгүй. Өвчтөн дүүгээ таньсангүй. Тэр бүү хэл гараа дэлгэн тэврэх гэхэд нь хачин хариу үйлдэл хийж, цааш эргэн зугатах гэв. Сувилагч нар түүнийг нялх хүүхэд шиг аргадаж, дүүтэй эсэхийг нь асуувал ямар ч эрэгтэй, эмэгтэй ах дүүгүй гэв. Дүү нь түүнд өмнөх амьдралынх нь талаар ярихыг оролдож, хоёулаа, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ цуг авахуулсан гэрэл зургуудаа үзүүлсэн ч үр дүн гарсангүй. Эмч нар зөвлөлдөөд өвчтөнийг эмнэлгээс гаргах бичиг баримтыг нь бэлтгэж эхэллээ. Төрөлх гэрийн уур амьсгал түүнийг өнгөрснөө санахад нь тусална гэж тэд боджээ.

Гэтэл урьдчилан хараагүй зүйл боллоо. Гадаа зүг чигээ сайн олдгоо харуулсан өвчтөнд хотоор зугаалахыг аль эрт зөвшөөрсөн байж. Ээлжит зугаалганаас тэрээр эргэж ирсэнгүй, усанд шидсэн чулуу мэт алга болов. Эрэн хайх ажиллагаа үр дүнгүйтлээ. Дүү нь хэсэг зуур горьдоод сарын дараа нутаг буцав…

Амгалан дөлгөөн өвчтөн яагаад гэнэт оргов? Хэд хэдэн хувилбар гаргацгаалаа. Нэг хувилбараар бол түүнийг буруу таньсан. Үүний нотолгоо нь дүү нь гарч ирэхэд үзүүлсэн хариу үйлдэл. Өөр нэг  хувилбараар  бол  өвчтөн   ховс  эмчилгээг давтан хийгээд ч өөрчилж чадахааргүй сэтгэл зүйн хүчтэй “боловсруулалтад” орсон. Хүний үйлдлийг заагч хөтөлбөрчлөлд орсон байх бүрэн магадлалтай. Өөр нэг хувилбар нь өвчтөн өөрийг нь аюултай гэж үзсэн хүмүүстэй тааралдаад тэд түүнийг устгасан байж болно.

Аль ч хувилбар нь байлаа гэсэн ямар нэгэн үл мэдэгдэх үйл явдал, эсвэл үл анзаарагдам үг оргох шалтаг болжээ. Бичиг баримтгүй энэ хүнийг эрэн хайх ажил одоо хүртэл үр дүнгүй байна.

***

Тэтгэвэртээ гарсан цэргийн албан хаагч Н 1999 оны зургадугаар сарын 2-ны зуны сайхан өдөр Пенза хотоос Саратов мужийн Татищев хот руу хүргэгчийн хувиар ачааны машинтай гарчээ. Зарах бараа хүргэх ёстой байлаа. Н ээж нь суудаг Сердобскоор дайран өнгөрөхөөр шийджээ. Энэ явалтад этгээд хачин юм байсангүй, ердийн аялал байлаа. Сердобскод Н ээжийнхээрээ багахан хугацаагаар ороод гарахдаа зүв зүгээр байв. Гэвч тэрээр Татищев хүрсэнгүй… Түүний ойр төрлийнхөн 19 хоног түүний талаар юу ч мэдсэнгүй. Ачаатай холбоотой гэсэн цуу үг гарч байлаа. Цагдаагийн газар Н-ийг сураггүй алга болсон гэж зарлалаа. Алуулсан гэсэн хамгийн аймшигтай таамаг дэвшүүлцгээв. Өнөөдөр ямар ч шалтгаангүйгээр хүн алдаг новшнууд цөөн гэж үү? Гэвч зургадугаар сарын 21-ний үдэш Н-ийн эхнэр рүү Саратовоос утасдаж “Нөхөр чинь олдлоо. Тэр мэдрэлийн эмнэлэгт байна. Ир” гэв.

Юу болов? Яагаад мэдрэлийн эмнэлэгт хэвтэв? Хэргийн учир Н ой санамжаа алдсанд байлаа. Ухаан ормогц хамгийн түрүүнд хэн бэ, хаанаас ирэв, хаашаа явж байна гэсэн асуулт тулгарлаа. Н ойд, горхины дэргэд зогсож байлаа. Үдэш болжээ. Ойр хавьд хэн ч алга. Ухаан санаа нь манантай хэвээр байсан тул эдгээр асуултдаа хариулж чадаагүй. Н халаасаа ухан хайрцаг шүдэнз олоод дулаацахын тулд гал өрдөв. Тэгээд галын дэргэд өглөө болтол суулаа. Өглөөгүүр Н хажуугаар гарсан зам олоод бяцхан зогсоолд хүрэн эхэлж таарсан хүнээс хаана байгаагаа асуулаа. Орон нутгийнхан түүнийг сэжиглэн ойрын цагдаагийн хэсэгт хандахаар тогтлоо. Н эцэст нь цагдаагийн хэлтэст очив. Цагдаа нар ой санамжаа алдсан хүний хачин түүхийг ердийнхөөрөө нэгжиж, хурууны хээ авч, гэрэл зургийг нь авч, харуул хамгаалалт дор үлдээх маягаар хүлээн авчээ. Тэд Н-ийн эрээн хүрмийг анхааралдаа авч цэргийн хүн байж мэднэ хэмээн таамаглав. Үүнийг хэрхэн шалгах вэ? Цагдаа түүнд сумгүй гар буу өгөөд задалж угсар гэлээ. Н энэ даалгаврыг сурцаараа түргэн зуур тун дажгүй гүйцэтгэв. Зэвсэг задалж угсрах чадвар нь гийчний армид хамааралтайг мэдээж нотлохгүй. Харин энэ хүн армид алба хааж байсан гэж баттай хэлж болно. Цагдаа нар яаж хичээгээд ч түүний хэн болохыг тогтоож чадсангүй. Тэгээд орон нутгийн “мэдрэл”-д хэвтүүлж л тус боллоо. Өөрийн нэр хаягаа мэдэхгүй хүнийг өөр хаана ч байлгах билээ дээ?

Н тийнхүү Саратовын мэдрэлийн эмнэлэгт хэвтжээ. Тэрээр энэ газрыг одоо хүртэл жийрхэхгүйгээр санаж чаддаггүй. Бүхэл бүтэн гурав хоног тэрээр өвчтөнүүдээс дутуугүй “мэдрэл” сувилагчийн хяналт дор өнгөрөөв. Үүний дараа л нэг юм арай илүү тухтай хоёр өрөөтөд оруулав. Түүний аз болоход хөрш нь Саратовын бизнесмен, төрсөн эх нь энд тушаачихсан дажгүй эрүүл эр байлаа. Тэрээр Н-тэй тун болгоомжтой харьиаж, бүх зүйл сайн сайхан болно гэж алгуур итгүүллээ. Тэгээд нэг удаа   Н  тун  удахгүй өөрийнхөө хэн болохыг санана гэв.

Н үнэхээр саналаа. Шөнө нойрон дунд нь түүний өөрийнх нь нэр орж ирсэн төдийгүй бяцхан охины царай харагдав. Энэ охин хэн болохыг тэр санахгүй ч өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэрч байлаа. Н өөр дээр нь тасралтгүй ирсээр байгаа цагдаа нарт энэ тухай шууд хэлэв. Тэд тэр бол Н-ийн охин байх гэж шууд таав. Тэд шуурхай эрэн сурвалжилж “Н-ийн хаана байгааг хамаатнуудад нь дуулгав. Гэхдээ мэдрэлийн эмч нарын гараас тийм ч амар мултарсангүй. Эхнэрийнх нь гуйлт, цагдаагийн шахалт ч нөлөөлж чадсангүй. Эмч нар Н-ийн тохиолдлыг илүү нарийвчлан судлахыг хүсчээ. Мэдрэлийн эмнэлэгт удаан хугацаагаар суухаас гагцхүү холбооны аюулгүйн албаны ажилтан түүнийг авахаар ирсэн нь л аварлаа. Пензад хохирогчийг хардаж сэжиглэцгээв. Даргын шахалтаар ажлаасаа халагдлаа. Энэ ч ойлгомжтой. Ой санамжаа алдсан ажилтан хэрэггүй гэж үзжээ. Түүнийг улаан нүүрэн дээр нь “нууц албаны далд туршилтын дараах хаягдал” гэж шууд хэллээ. Ойр тойрныхон нь хайрлаж халамжилж байвч гэр бүлийн амьдралаа түвшитгэхэд хэцүү байлаа. Амьдралын нэгээхэн хэсэг нь ийнхүү “харанхуй”-д үлдэв. Н түүнийг сэргээн санаж чадсангүй. Н бага нас, залуу насаа санана. Харин сүүлийн таван жилийн амьдралаа үл санана. Ой санамжаа алдахаас өмнө хэнтэй уулзаж юу хийсэн, алга болсон 19 хоногийн турш хаана байсан гэдгээ санахгүй…

Н-ийн асуудлаар хавтаст хэрэг нээсэн боловч одоо хүртэл үр дүнгүй байна.

Сэтгэл зүйчид ой санамжаа алдах нь заавал шалтаг шалтгаантай байх ёстой гэж үздэг. Анагаах ухааны доктор, профессор Юрий Актропов “Өнгөрсөн амьдралын тухай ой санамжаа алдах үзэгдэл нь ихэвчлэн гавлын яс-тархины гэмтлийн дараа илэрдэг. Нэг хоёр жил, бүр хорин жил ч зүв зүгээр мэт байснаа гэнэтхэн л өнгөрсөн амьдралаа ор тас мартаж орхино. Өөхших гүвэн, даралт зэрэг судасны өвчлөлүүдийн үр дагавраар ийм өвчин тусч болно. Гэхдээ хүн өнгөрсөн цагаа бүрэн мартана гэдэг үнэхээр онцгой тохиолдол” гэж ярьж байна.

2000 оны наймдугаар сард телевизийн ВИД компани Н-ийг мөн адил ой санамжаа алдсан долоон хүн, сэтгэл мэдрэлийн бөөн эмч нарын хамт нэвтрүүлэгт оролцуулав. Орон даяар мэтгэлцээнийг анхааран үзлээ. Эмч нарт тавьсан асуултууд их энгийн. Энэ хүмүүс ой санамжаа яагаад бүрэн алдав? Юу эднийг ийм болгосон байж болох вэ? Хүч хэрэглэсэн ул мөр олдоогүй, олон хохирогчийн цусанд мансууруулах болон хорт бодис байгаагүй шүү дээ.

Олон, гэхдээ бүгд биш. Н болоод өөр хэдэн хүний цуснаас тийм бодис илэрсэн. Эмч нар хүчтэй үйлчлэлтэй психотропын бодисын ул мөр илрүүлсэн. Энэ бодисыг харьцуулан судалж чадаагүй. Тэрээр маш их сүйтгэх чадвартай нь л тодорхой байлаа. Пензагийн нэг эмч хэрвээ Н-ийг ямар нэгэн үл мэдэгдэх бодисоор хордуулсан бол энэ нь нэг эм биш, харин мансууруулах бодис дээр түшиглэсэн хэд хэдэн бодисын холимог гэдэгт итгэлтэй байна. Энэ бодисыг хэн хэрэглээд байна вэ? Хэн хүмүүсийг туршилтад оруулаад байна? Ой санамжаа алдагсдын нэг “боолчлол”-оос зугатаж амжсан байдаг. Тэрээр яалтгүй гэмт хэргийн бүлэглэлийн ямар нэгэн архины үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд түүнийг үл мэдэгдэх тариагаар тарьж байжээ.

Ой санамжаа алдсан хүний нэгэн түүх орос даяар түгсэн билээ. Тийм болохоор би түүний яриаг дахин дамжуулалгүй, “Парламентская газета”-д нийтлэгдсэн өгүүллийг бага зэрэг товчлон хүргэе.

б

“Энэ нууцлаг түүх 2002 оны хоёрдугаар сард Германы Пенеберг хотод эхэлсэн юм. 2002 оны хоёрдугаар сарын 3-нд 34 настай бизнесмен Питер Флек зэргэлдээ хотоос өөрийнхөө “Мерседес” машинаар гарлаа, цагийн дараа гэртээ очно гэж эхнэртээ утсаар хэлжээ. Гэвч цагийн дараа ч, хоногийн дараа ч, долоо хоногийн дараа ч хамаатангууд нь Питерийг олж харсангүй… Флекийнхэнд ХБНГУ-ын цагдаагийн газар юу ч хэлж чадсангүй. Нутаг даяараа амжилтгүй эрэн хайсны эцэст олон улсын хэмжээнд хайлт зарлав.

Гурван долоо хоногийн дараа Волгоград мужийн хөдөөгийн хотхон Камышинад ямар ч бичиг баримт, мөнгө төгрөггүй үл таних этгээд бий боллоо. Камышины сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмч нар залуу эрийг өөрийгөө танихад нь туслах гэж гурван сар хагас амжилтгүй оролдлоо. Гэтэл “Жди меня” нэвтрүүлэг санамсаргүй тус боллоо. Эмч нарын нэрлэснээр Камышины Гээгдмэлийн зургийг Германд амьдардаг ах дүүс нь хараад таньжээ.

Энэ түүхийн баатар Питер Флек Волга орчмын жижигхэн хотын гудамжинд байгаагаа санамсаргүй мэджээ. Тэрээр нэрээ ч мэдэхгүй, энд хэрхэн ирсэн, хаа байгаагаа ч мэдэхгүй байлаа. Тэрээр зөрөн өнгөрсөн цөөн хүмүүсээс энэ тухайгаа асуухад тэд мэдээж үүнийг нь тэнэг тоглоом хэмээн хүлээн авч цагдаа дуудна гэж сүрдүүлж байлаа. Цагдаагийн тухай сонсмогцоо үл таних хүн баярлаж, өөрийг нь Волгафад-Москвагийн галт тэрэг дөнгөж сая авчирсан төмөр замын буудал руу явжээ. Буудал дээр тэрээр Дотоодыг хамгаалахын шуурхай жижүүрийг олж уулзан “Надад тусалж… хэн болохыг минь тогтоож өгөөч” гэжээ.

Журам сахиулагчид өмнө нь боловсролтой, соёлтой  боловч  яалтгүй  ой  санамжаа  алдсан хүн сууж байгаад удалгүй итгэцгээв. Волгоград-Москвагийн чиглэлийн вагоны үйлчлэгч түүнийг унтаж байхад нь Камышина хүрэхийн өмнөхөн сэрээж, өрөөн дотуур тарааж хаясан эд зүйлсээ цуглуулахад нь туслаад “Чиний буух газар. Бууж үз” хэмээн бараг л түлхээд буулгачихаж. Цагдаа нарын бүх асуултад тэрээр “Уучлаарай, би мэдэхгүй байна…Санахгүй байна… Мартчихаж…” хэмээн хариулж байлаа.

Тэрээр худлаа яриагүй, харийн хотод мөнгөгүй, бичиг баримтгүй, хамгийн гол нь ор тас арчигдсан ой санамжтай байгаадаа үнэхээр сэтгэл зовж буй нь илт байлаа. Үл мэдэх эрийг бас нэг таагүй явдал хүлээж байжээ. Түүний яриаг буулгасан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэтэл уншиж ч, бичиж ч чадахгүй байгаагаа тэрээр ойлголоо. Үүндээ хэрхэн шаналж байгааг нь харсан цагдаа нар онцгой тохиол болсныг ойлголоо.

-Хөөрхий амьтныг эсвэл ой санамжаа алдтал нь балбаж орхиж, эсвэл мансууруулах бодис шахаж орхиж. Эмч нар түүнтэй учраа ололцсон нь дээр…

“Манарсан иргэн” хотын төв эмнэлэгт гурав хоног болсны дараа асуултууд бүр ихээр нэмэгдэв. Өвчтөний бие дээр хүч хэрэглэсэн ямар ч ул мөр байсангүй. Цусанд нь шинжлэх ухаанд мэдэгдсэн ой санамж устгах үйлчлэлтэй ямар нэгэн мансууруулах бодис, эмийн найрлага илэрсэнгүй. Түүнээс гадна тэрээр насандаа баймгүй эрүүл, биеэ туйлын цэгцтэй авч явж байлаа. Хотын төв эмнэлгийн эмч нар “бие эрүүл ” гэсэн онош тавиад цагдаад эргүүлэн тушаахдаа Камышины мэдрэлийн эмнэлэг рүү илгээхийг зөвлөөд “Мэргэжилтнүүд бүрхэг бараан сэтгэл санаанаас юуг ч ухаж мэднэ” гэцгээжээ.

Камышины мэдрэлийн эмнэлгийн эмч нар гурван сарын турш түүнийг өөрийгөө санахад нь туслах гэж үр дүнгүй оролдов.

Тэгээд хөдөлмөр эмчилгээ хийхээр шийдлээ. “Булчингийн баяр” өөрийгөө олох сүүлийн боломж гэдгийг ойлгосон Питер галзуурсан мэт ажиллав. Эмнэлгийн хашааны гадна, эмч нар цэцэрлэг байгуулахаар аль эртнээс хүссэн газарт хүч ихтэй бульдозер ч дийлэмгүй олон зуун настай, хатаж хувхайрсан хайлааснууд байдаг байв. Зөвхөн хөрөө, хүрз хоёроор зэвсэглэсэн, хөдөлмөрлөх урам зориг дүүрэн герман эрийн гарт тэд бүгдээрээ үгүй боллоо.

Хайлааснуудыг зайлуулсныхаа дараа Гээгдмэл эмнэлгийн аж ахуйн хашааг цэмцийлгэн журам тогтоож, гал тогооны тогооч нарын юугаар ч сольшгүй туслах нь боллоо. Сэхээтэнлэг, санаа цагаан, чих зөөлөн, ер бусын хөдөлмөрч тэрээр удалгүй   бүхний   хайрыг  татсан   нэгэн   болов.

Гагцхүү нүднийх нь булан дахь уй гуниг л туулсан зовлонг нь илчилнэ.

-Бүү ай. Чиний бүх зүйл хэвийн болно. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй хэмээн ерөнхий эмч Виталий Балезин түүнийг үргэлж тайвшруулах гэж оролдоно.

Нийгэмшихийн тулд түүний өвчтөн үгүйдээ гэхэд л хүнд суртлын уул овоог эргүүлэх хэрэгтэй болно гэдгийг ерөнхий эмч сайн ойлгож байлаа. Эмнэлгийн хаалгаар гармагц Гээгдмэл хаа нэгтэй заавал амьдарч ажиллаж таараа. Эмнэлгийнхний хайртай хүний хувь заяанд ямар нэгэн гайхамшиг бий болохыг хүлээлгүйгээр ерөнхий эмч Камышины хэд хэдэн байгууллагын даргатай “өөрийн нэгэн тун сайн танил”-аа түр хугаагаар ажилд оруулах тухай ярьж байлаа. Аз болоход ингэх хэрэггүй байж.

Дотоод хэргийн тасгийн мөрдөн байцаагч Александр Назаркинд бусдын зовлонд хайнга ханддаггүй хүнийх нь хувьд талархах хэрэгтэй юм. “Мартамхай иргэн Гээгдмэл” орон нутгийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэх зуур Назаркин цаг алдсангүй. Тэрээр Волгофад-Москвагийн галт тэрэгний үйлчлүүлэгч нарыг байцааж, том том хотуудын дотоод хэргийн газарт асуулга илгээжээ. Өөр мөрдөн байцаагчид аль хэдий нь гараа унжуулах байтал Александр ер бусын алхам хийлээ. Тэрээр үл таних эрийн гэрэл зургийг телевизийн “Намайг хүлээ” нэвтрүүлгийн хаягаар илгээжээ.

Питер Флекийн хөрш нь энэ нэвтрүүлгийг санамсаргүй хараад төрөл садангуудад нь хэлжээ. Тэр дор нь Питерийн эхнэр, ах, мөн нэг сайн найз нь алс холын Камышиныг зорив. Хамаатан садангуудын уулзалт зөвхөн тэднийг төдийгүй хөндлөнгийн хүмүүсийн ч нулимсыг унагажээ. Тэгэх учир ч байв. Хүрч ирсэн германууд баяр хөөрөө багтааж ядах нь дотнын хүмүүсийнхээ царайг анхааралтай ширтээд танил төрх огтоос олж хараагүй Питер Флекийн сэрэл мэдрэмжтэй эрс зөрөлдөх аж. Түүний ой санамж эргэж ирсэнгүй.

-Бурхан минь, энэ мөчид гайхамшиг бүрдэж бүхнийг санана гэж би ямар их итгэв ээ гэж хацраа даган урсах нулимсаа гараараа шудран байж тэрээр дэргэдээ зогсох Балезинд хэлжээ. Германууд явахдаа камышины эмч нарт чин сэтгэлээсээ талархаж, Пенебергт зочлон ирэхийг урьжээ. Энэ бүх хугацаанд Питер ойртон дотноссон цагаан нөмрөгт хүмүүс нь Камышинд мөнхөд үлдэж, өөрөө болохоор хамаатан садангуудаа дахин шинээр хайрлах хэрэгтэй болно гэдгийг ойлгон өөрийн болоод өрөөлийнхнийг түгшин харж байлаа.

Ингэхэд энэ түүхэнд аз жаргалтай төгсгөл ч эцсийн цэг тавьж чадсангүй. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл асуулт нь хариултаасаа олон байсаар байна. Жишээ нь, Германы нутаг даяар цагдаагийнхан эрж хайгаад олж чадаагүй Флекийн “Мерседес” хаана байна? Мөнгө, виз, бичиг баримтгүй атлаа Питер хэрхэн хоёр улсын хил дамжин Оросын гүнд орж ирэв? “Намайг хүлээ” нэвтрүүлгээр (Питер Флекийн гэрэл зургийг харуулсан тэр удаагийн нэвтрүүлэг) ярьсан бодит баримтаар баталгаажсан мэдээлэл энэхүү хөндөж тавьсан асуудлыг улам нухацтай болгож байна. Тэр нэвтрүүлгээр эмч нар зөвхөн өнгөрсөн жилийн дотор гэхэд ийм тохиолдол есийг бүртгэсэн гэж ярьсан байдаг. Хүмүүс харих замдаа алга болоод хэсэг хугацааны дараа төрөлх газраасаа алсад ой санамжаа алдчихсан олддог.

Камышины сэтгэл мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмч Виталий Балезиний бодлоор бол Питер Флекийн өвчин өөрөө аяндаа бий болсон байх боломжгүй. Энэ өвчнийг яалтгүй хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл өдөөсөн. Энэ асуултад хариу авахаар би Доод Повольжийн нэр хүнд бүхий физикч, химич, эмч, тусгай албаны ахлах офицерүүд, орон нутгийн уфологчид (UFO харь гаригийн хөлөг зэрэг гоц мэдээлэл, үзэгдэл судлагчид Орч)-той холбогдсон юм.

Нэрээ нууцлахыг хүссэн ярилцагчдын маань бодлоор энд орчин үеийн “инженер гарин”-ууд хүмүүс дээр туршиж буй химийн бодис, психотронын зэвсгийн тухай яригдаж байж мэднэ. Эцэст нь тооцооноос гаргаж үл болох бас нэг хувилбар бол хүмүүсийн ой санамжийг арчих нь харь гаригийнхны гайхалтай туршилт байж мэднэ.

Энэ хүмүүс яагаад ой санамжаа алдчихав аа? Эсвэл тэдний өнгөрсөн үеийг нь үгүй болгох хэрэгцээ хэн нэгэнд ямар нэг шалтгаанаар байв уу? Хэн тэдний сэтгэцэд нөлөөлөв? Ой санамжаа ингэж хачнаар алдсан гэж бүртгэгдсэн хориод хүний ойр дотныхны нотолж буйгаар хэн нь ч парапсихологийн арга хэрэглэж далд ухамсарт нөлөөлдөг янз бүрийн зөн билэгтэн, ховсч, анагаагч нарт хандаж байгаагүй, ямар нэгэн хатуу чанд ёс бүхий бүлэглэлийн гишүүн байгаагүй аж.

Мэргэжилтний тайлбар

Игорь Смирнов /Психоэкологийн хүрээлэнгийн удирдагч, академич/

-Хүмүүс яагаад ой санамжаа алддаг вэ? Энэ талаар олон таамаг байдаг. Хүний ухамсрын нэгээхэн хэсгийг зохиомлоор тасдаад хаячихдаг гэх багаж, технологийн тухай ярих нь цөөнгүй.

Тэр энэ үйл явдлын гэрчийг бие махбодын хувьд устгах биш, харин энэ үйл явдлын тухай дурсамжийг нь авчихна гэсэн үг. Дурын хүний ухамсарт нэвтэрч, тархин дахь мэдээллийнх нь хэсгийг арчиж, тэр бүү хэл хувь хүнийх нь хувьд өөрчилж болдог аргууд үнэхээр бий. Сэтгэцийн гүн хямралд орсон хүнийг эмчлэхийн тулд эмч нарын бий болгосон иймэрхүү зарим арга гэмт хэргийн бүлэглэлийн гарт орсон байж болно.

Хүний ой санамжийн тодорхой хэсгийг психотропын хэрэгслийн тусламжтайгаар, мөн хүний далд ухамсарт нэвтрэх орчин үеийн электрон аргуудыг ашиглан арчиж болно. Хүн хүчтэй стресст орсон үедээ гаднын нөлөөгүйгээр ой санамжаа хэсэгчлэн алдах тохиолдлыг ч шинжлэх ухаан мэднэ. Энэ бол бие махбодын хамгаалалтын үйлдэл юм. Тархи тухайн хүн амиа хорлож ч мэдэхээр хүнд хэцүү учралын тухай мэдээллийг өөрөөсөө гарган зайлуулдаг… Гавлын яс-тархины гэмтэл, тархинд цус харвах зэргээс болж хүн ой санамжаа алдах тохиолдол олон байдаг.

Хэдийгээр зуун хувийн баталгааг хэн ч өгөхгүй ч орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан ой санамжийг нөхөн сэргээж болно. Тэр бүр эмнэлгийн байгууллага үүнийг хийж чадахгүй. Ой санамж заримдаа цаг хугацааны явцад өөрөө нөхөн сэргээгддэг. Эмч нарын тусламжтайгаар эргэж сэргэв үү, тархи өөрөө алгуурхан хэвийн байдалдаа оров уу гэдгийг тодорхойлоход хэцүү.

Манай хүрээлэн дээр бид тийм өвчтөнүүдтэй ажиллаж байсан. Далд ухамсарт нь хүрэх замаар тэдний ой санамжийг ямар нэг хэмжээгээр нөхөн сэргээж байсан. Үгүйдээ гэхэд хүн өөрийгөө, ойр дотныхноо, намтрынхаа зарим хэсгийг санах хэмжээнд нөхөн сэргэж байсан.


URL:

Сэтгэгдэл бичих