МАНАН-ын үлдээсэн хар толбо-¹ 2
- Энэ газрын “гох”-ыг дардаг хурууны эзэд үнэхээр хүчтэй байгаагаа мэдрээд л сууж байгаа. Гэхдээ АТГ гэдэг бууны ам хэзээ ч хамаагүй өөрийг нь онилж мэднэ-
АТГ, Н.Алтанхуяг хоёр дайсан болоод байна.
Н.Алтанхуяг АТГ-ын зарим эрх мэдлийг өөр тийш нь шилжүүлэх хуулийн төсөл санаачилсан. АТГ-ын дарга “…Бид цаашид ажиллах боломжгүй боллоо” гэж мэдэгдсэн. УИХ энэ төслийг хэлэлцэхийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “хориг” тавьчихаад байгаа.
Хэд хоногийн өмнө Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж, УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдахгүй байхыг шаардлаа. Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа энэ зөвлөлийн гишүүн байсан учир “хориг”-ийн эзэнд шаардлага хүргүүлсэн нь энэ.
Сүүлийн сар шахмын хугацаанд ийм үйл явдал өрнөлөө.
Үүнийг хоёр жилийн өмнөөс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, садангийн охины нөхөр “хүргэн”Дэнзэн, улмаар түүний охин А.Саранзаяа нарыг АТГ “сонирхож” эхэлснээс үүдэлтэй гэж олон нийт дүгнэж байгаа.
Гэхдээ энэ бол эндүүрэл. Шалтгаан нь АТГ-таа ч байгаа юм биш.
Н.Алтанхуягт АН-ын туг болж явсан үе бий. Тэр цаг саяхан. 2012 оны УИХ-ын сонгууль, түүнээс хойш болсон сонгуулиудад АН ялсан. Н.Алтанхуяг намын дарга байлаа. Тэр намынхаа тамгыг улстөрийн “тоглоомын тойрог”-ийн гадна байхаас нь л барьж, нэг ёсондоо бууриа сахиж суусаар ялалтын туг мандуулж чадсан нэгэн.
Харин ялалтын дараа намын даргын хувиар Ерөнхий сайд болсон. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх барьж буй намын даргын хувьд 2012 оны сонгуулиас хойшх Монголын улстөрийн шийдэл үндсэндээ түүнээс хамаарч байв. Тэр үед Н.Алтанхуягт нэгэн том бэрхшээл тулгарсан гэдэг. Бусад нам улстөрийн хүчин бус, нам доторх фракцуудыг зохицуулах үнэнхүү хүнд ажилтай тулжээ.
АН төрийн эрх барих болсны дараа фракцууд нь идэвхжиж, намын байр нь тарж одсон гишүүдээр дүүрч, албан тушаал, бялуу хүртэх хүсэлтнүүд намын даргаа тойрон гороолж эхэлсэн. Энэ бүхний ард гарах гэж тэр оролдсон.
Н.Алтанхуяг өрсөлдөгч намууд хийгээд олон нийтийн хэл амыг үл тоон төрийн албан хаагчдын тоог занхайтал нэмж, “Чингис”, “Самурай” бонд гаргасан. Бондууд хэрхэн зарцуулагдсаныг бүгд мэднэ дээ. Тэр олон фракцын уулга, нэхлийг дарахад зарцуулсан гэдгийг учир мэдэх улс хэлээд байгаа.
Мань эр ийн намынхаа дотоод дахь фракцуудыг зөөлөн аядуу, ижил тэнцүү бялуу хүртээх аргаар зохицуулах гэж үзэв. Угаас арга барил нь тэгж харагддаг л даа. Тэр ширүүн дориун хөдлөөд байдаггүй. Хэнд ч тал алдахгүйгээр асуудлыг зохицуулахыг хичээдэг улстөрч гэгддэг.
Хэрэв түүнээс өөр улстөрч 2012 оны сонгуулийн дараахь АН-ын дарга байсан бол тус нам дахь өнөөдрийн процесс хоёр жилийн өмнө лавтай болох байсан биз. Харин АН-ыг зангидсан гар мэт цул болгох ямар ч аавын хүү байхгүй бөгөөд тийм боломж ч үгүй юм.
Н.Алтанхуягийг энэ талаас нь харвал эвийг хичээсээр ирсэн мэт. Гэвч үгүй юм. Бараг л “ялсан” сонгуулийн дараахнаас “Женко” Х.Баттулга буюу МоАХ фракц түүнтэй дайтсаар ирсэн. АН-ын ҮЗХ-ны хуралд намын даргаас нь авч хаях саналыг хоёр ч удаа оруулсан. Гэхдээ чадаагүй. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын үгийг шууд хүлээж авдаггүй байсан гэдэг. Нэг ёсондоо намын даргын зангараг харуулсан харилцааг, түүний эрх мэдлийг намын нөхөд нь хүлээн зөвшөөрөхөө больж эхэлсэн байдаг. Энэ нь ужгирсаар 2014 оны сүүлтэй золгов.
Н.Алтанхуягийн нэг нүдээр үздэггүй улс төрийн хүчин бол МАН. Цагтаа засагт нь орж Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан ч дахиад хэзээ ч МАН-тай эвсэхгүй гэж тангараг тавьсан гэлтэй. 2012 оны сонгуулиас хэдхэн сарын өмнө тэрээр МАН-ын засгийг орхин гарч байлаа. Тэр нь хожмын ялалтын алхам байсныг тэр үед ойлгосон хүн ховор. Сонгуулийн дараа Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулах үед МАН нүдээ ширгэтэл урилга харсан гэж байгаа. Гэвч Н.Алтанхуяг тэднийг уриагүй. Урих байтугай МАН-ынханд хандсан гашуун үгийг тэр хэзээ ч харамлаж байгаагүй. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын хувиар УИХ-ын индэр дээрээс үг хэлэхдээ ч энэ байр сууриа хатуу илэрхийлж байсан юм.
Ийм учир шалтгаантай улстөрийн бүлэглэлүүд нийлж байгаад л АН-ын “ялалтын туг”-ийг хоромхон зуур татаад унагачихсан хэрэг. АН доторх МоАХ фракц, Ерөнхийлөгчийн талынхан, З.Энхболдын тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо, “Шонхор” фракц, дээрээс нь МАН-ынхан нэмэгдэж кноп дараад л Н.Алтанхуягийн эрх мэдэлд чөдөр зүүж орхисон.
Энэ чуулганы дараахан АН-ын ҮЗХ хуралдаж намын даргын суудлыг Н.Алтанхуягаас З.Энхболдод шилжүүллээ. Үнэн хэрэгтээ шилжүүлэн авсан гэхэд болно.
Ингээд гар мухар, сул гишүүн Н.Алтанхуяг болж хоцров. Одоогоос долоон сарын өмнө болсон явдал. Гэтэл түүнээс хоёрхон сарын өмнө л Н.Алтанхуягийн ажлын өрөөний үүд алба, амины ажил ярьсан хүний өөрийн хүнээр дүүрэн байлаа. Дарга аа, Ерөнхий сайд аа… гэсэн учирлал, гуйлт голдуу гэж байгаа.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ил болсон дайснуудын нэг бол АТГ. Гэхдээ АТГ-т хувийн сонирхол, ингэх эрх мэдэл гэж үгүйг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ л хэн нэгний гар хөл, гадаад маск нь АТГ болж байгаад Ерөнхий сайдыг ёвроод л байдаг байв. Ахлах зөвлөхийг нь хорилоо л гэдэг. Хүргэнийг нь тендер будлиантуулж мөнгө идсэн л гэдэг. Охин нь мөнгөний асуудалд орооцолдлоо л гэдэг. Ерөөс өнөөдрийн оршил явагдсаар л байж.
Энэ өнцгөөс нь харвал Н.Алтанхуяг хэнэггүй, бас ихээхэн гэнэн улстөрч мэт. Эсвэл ерөөсөө эрх баригч намын дарга, Ерөнхий сайд байгаагүй юм шиг.
Өнөөдөр Н.Алтанхуяг хэн болчихов оо? УИХ-ын “сул” гишүүн. “Алтангадас” фракцын тэргүүн. Гэвч жилийн өмнөх шиг хүчтэй “Алтангадас”-ын тэргүүн биш. Тэр фракц задарсан. Түүнд үнэнч хэдэн залуу, улстөрд насаараа хамт явсан тоотой хэдэн улстөрч амыг нь харсаар үлдсэн. Хүч нэмж байсан хэд хэдэн томоохон гишүүн нь гараад явчихсан. Тэд “Алтангадас”-аас биш Н.Алтанхуягаас холдсон хэрэг юм.
Тэр одоо АТГ-аас айж байна. Айхаас ч аргагүй. Өрсөлдөгчид нь нууж хаах юмгүй нийлээд авсан. Нэг хөнжилд орсон. МАНАН-гаа байгуулсан. АТГ-ыг хэвээр нь үлдээхээр “ажиллаж” эхэлж байна. Ахлах зөвлөхийнх нь хэргийг шүүхэд шилжүүлж байна. Хүргэнийг нь хорьчихоод суллахгүй байна. “Хаан жимс”-ийнх нь оффист үзлэг нэгжлэг хийлээ. Энэ улсын болж бүтэхгүй болгон Шинэчлэлийн Засгийн газар тэр дундаа Н.Алтанхуягт хаяглагдаж байна. Улстөрчид Н.Алтанхуягтай хамт байж, уулзаж байгаад бусдад харагдахгүй хүсэхээ болж байна. Түүнээс зайгаа авч байна.
Яг үнэндээ нөгөөдүүл нь том, жижиггүй Н.Алтанхуягаас айж байна. МАН засаг задалчих вий гэж, АН-ынхан ҮЗХ хуралдуулаад одоогийн бүтцийг самраад хаячих вий гэж айж байна.
Энэ бүхэн нэг л танил технологийн оршил хэсэг болж харагдаад байгаа юм.
Гурван жилийн өмнө нэгэн үйл явдал болж байлаа. Гэхдээ энэ бол дээрх технологийн өрнөл хэсэг байсан юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 13-ны 06:08 цаг хүртэл Монголын хууль хүчний байгууллага тэр чигээрээ ажиллаж байж нэгэн тушаал гүйцэтгэсэн байдаг. АТГ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд, 600 гаруй цагдаагийн албан хаагч оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь баривчилсан.
Монголын нийгэмд урьд өмнө болж байгаагүй, тэр тусмаа Монгол төрийн жолоог барьж асан удирдагчийг хүч хэрэглэн баривчилсан нь монголчуудын байтугай дэлхийн чихийг дэлдийлгэсэн.
Тухайн үед хэвлэлүүд баривчилгааг цаг минуттай нь сурвалжлан, зарим нь шууд дамжуулан нийтэд хүргэж байсан юм.
Дөрөвдүгээр сарын 13-ны хэвлэлүүдэд “…Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийн хурал зарлаж, 2008 оны долдугаар сарын долдугаар сарын 1-ний хэргийн дараа улс төрийн намуудын дарга нарын уулзалтын протокол болох 300 хуудас материалыг сэтгүүлчдэд тараасан. Түүний дараа өчигдөр орой МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчлахыг завдаж, улмаар өнөөдөр өглөө Удирдлагын академийн хашаанд байрлах гэрээс нь баривчиллаа. Өчигдөр чухам юу болсныг дэлгэрэнгүй хүргэе.
Буутай залуус МАХН-ын дарга Н.Энхбаяр руу дайрсан гэв
Оройны 21:10 цаг. Удирдлагын академийн хашааг цагдаа нар хамгаалалтад авсан байдалтай байсан юм. Гэхдээ хэвлэл мэдээллийнхнийг чөлөөтэй оруулж байлаа. Хашаанд ороход энгийн хувцастай залуус Н.Энхбаярын УБҮ 0055 дугаартай Ланд Круйзер машины жолоочийн талын хаалганы цонхыг хага цохисон байдалтай байлаа. Тэнд байгаа МАХН-ын гишүүд болон Иргэний хөдөлгөөнийнхөн Н.Энхбаяр дарга руу буутай залуус дайрч, машины шилийг хагалсан, чирч гулдарч авч явахыг завдсан тухай ярьж байсан юм. Энэ үйл явдал оройны 20:00 цагийн үед эхэлсэн аж. Улмаар намынхан болон бусад иргэний хөдөлгөөнийнхөн түүнийг хамгаалж, хэвлэлийнхнийг иртэл тэсч байсан бололтой юм. Биднийг очоод удаагүй байхад хар хувцастай залуус, цагдаагийн албан хаагчидтай нэгдэн Н.Энхбаярыг баривчлахаар гэр рүү нь дайрч эхэлсэн. Учир битүүлэг хар хувцастай залуус УНВ 18-47 улсын дугаартай “Форд экспедишн” маркийн машинтай ирсэн бөгөөд эл машины жолооч болон бусад залуус машин дотроо нуугдан сууж байсан юм. Үймээн болж буй Удирдлагын академийн орчимд нийт 70 орчим хүн цугласан байсан бөгөөд Н.Энхбаярын хоргодож буй байрны хаалгыг онгойлгохоор цагдаа нар хүч хэрэглэн дайрсан юм. Үймээнийг зохицуулах хүн байхгүй байгаа бөгөөд МАХН-ын гишүүд намынхаа даргыг баривчлуулахгүйн тулд хаалгыг нь хамгаалалтад авсан байсан. Үймээн болж буй газарт Б.Жаргалсайхан ирсэн байсан юм. Байдал ноцтой болж байхад цагдаа нар огт хөдлөхгүй, зөвхөн хоорондоо юм ярьсан шиг зогсч байсан юм. Тэр үеэр цагдаа Ариунбаяраас цагдаа нар яагаад хөдлөхгүй, иргэдийг хамгаалахгүй байгаа талаар асуухад юу ч ярихгүй байсан юм.
22:20 цаг. Үйл явдал нэлээд өрнөж байх үед буюу 22:20 цагийн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хүрэлцэн ирж, МАХН-ын гишүүдийг баривчлах ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүссэн юм. Энэ үеэр Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү гарч ирэн, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
-Нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Цагдаа нар нь хоёр талаар нь зогсоод, энгийн хувцастай хүмүүсээ дундуур нь оруулаад явдаг юм байна. Энд долдугаар сарын 1-ний өдөр ямар үйл явдал өрнөж, яаж хүмүүс дотогшоо дайрч орсны жишээг харууллаа.
-Та нарт ямар нэгэн баривчлах бичиг үзүүлсэн үү?
-Үзүүлэхгүй байна. Би хэлсэн. Хуулийн дагуу бол хүнээ яуулъя. Баривчлах гэж байгаа бол баривчлах бичгээ. Шүүхийн шийдвэр бол түүнийгээ үзүүл гэсэн. Би өмгөөлөгч нь байна, надтай харьцаач гэхээр харьцахгүй байна. Зүгээр хуулийн дагуу ярилцъя, би зуучилъя гэсэн. Үнэхээр бичиг баримтаа үзүүлээд, шаардлагатай гэвэл би дотогшоо ороод, дарга аа цагдаа нар юм байна, та хуулиа биелүүлэх хэрэгтэй. Ийм бичиг баримтын дагуу баривчилж байгаа юм байна. Та яв гэж хэлэх юм.
-Галт зэвсэг хэрэглэсэн гээд байгаа шүү дээ?
-Би яг хараагүй. Хүмүүс тэгж яриад байна. Би 21:00 цагийн үед ирсэн. Тэгээд удирдаж байгаа хүмүүстэй нь уулзах гээд олдохгүй байна. Ахмад, хошууч цолтой цагдаа нар олон байна. Тэгээд хандахаар чи муу өөрөө юу юм гэж байна. Ямар учиртай юм бэ гэхээр мэдэхгүй, чамд хамаагүй, хуц, нохой минь гэж баахан доромжилж байна. Одоо нэг даргатай нь яриад л үзэхээс.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өмгөөлөгчид шүүхийн шийдвэр танилцуулах талаар хэлж, машин руу явахаар болсон. Тэд эхлээд баривчлах гэж ирэхдээ шүүхийн шийдвэр танилцуулах ёстой байсан ч нэлээд орой хаанаас ч юм шүүхийн шийдвэр нэртэй цаас барьж, танилцуулах гэв. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас зарим зүйлийг торуулсан юм.
-Шүүхийн шийдвэр ийм орой гардаг юм уу?
-Шүүхийн шийдвэр аль хэдийнэ гарсан. Бид шүүхийн шийдвэрийг аваад ирсэн. Харамсалтай нь одоог хүртэл танилцуулах боломж олдохгүй байна. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.
-Хуульд буутай баривчлах журам байдаг юм уу?
-Би тогтоол авах хэрэгтэй байна. Нараа, тогтоол хаана байна.
-Яг ямар үндэслэлээр баривчлах гэж байгаа юм бэ?
-Эхлээд би ажиллагаагаа дуусгачихаад мэдээлэл өгнө. Эхлээд өмгөөлөгчид нь тогтоолоо танилцуулах хэрэгтэй байна.
-Ямар ямар хүмүүс ажиллагаанд оролцох гэж ирсэн байгаа юм бэ?
-Үндсэндээ АТГ-ын ажилтнууд, мөрдөн байцаагч нар байгаа.
-Танай АТГ-ын ажилтнууд буутай ирдэг болсон юм уу?
-Шаардлага гарвал гал зэвсэг хэрэглэх эрхтэй.
-Та нар яагаад ийм орой ирж байгаа юм бэ?
-Хуулийн дагуу явагдаж байгаа үйл ажиллагаанд саад болсон учраас одоог хүртэл бид ажлаа хийж чадахгүй байна.
-Тогтоолыг үзүүлж байж баривчлах ёстой биз дээ?
-Тэгэх боломж хаана байна вэ. Одоо би өмгөөлөгчтэй нь уулзаж, холбогдох тогтоолоо өгмөөр байна.
Энэ үеэр МҮАН-ын дарга М.Энхсайхан Н.Энхбаярын байрлаж байгаа байрнаас гарч ирэн Э.Амарбатад санал тавьсан юм. Тэрээр “Та нар ямар үндэслэлээр баривчлах гэж байгаагаа тайлбарла, бид яагаад үүнийг чинь буруу гэж байгаагаа тайлбарлая. Олон түмэн өөрсдөө шүүг. Би чамайг яг одоо хэвлэлийнхний өмнө урьж байна” гэж хэлсний дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат дотогшоо орсон юм.
Ингэсээр 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр рүү цагдаагийн хүчээр дайрч баривчлан авч явлаа” гэж тэмдэглэжээ.
Баривчлах операц эхэлсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд ноцтой асуудлын талаар хэвлэлийн хурал хийсэн. Тэрээр энэ өдөр долоон сарын 1-нд онц байдал зарлахаас өмнө улс төрд суудалтай намуудын дарга нартай хийсэн уулзалтынхаа олон хуудас протоколыг бүрэн эхээр нь дэлгэжээ. Түүний танилцуулсан материалд эрх баригчдыг буруутгах үндэслэлүүд байсан юм. Энэхүү хурлаас хоёрхон цагийн дараа баривчлахаар оролцож эхэлсэн байдаг.
Асуудал ингээд дуусаагүй ээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн “үхрийн бөөр шиг хэдэн юм нийлүүлээд” эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, улмаар шүүхээс ял оноосон. Тэрхүү “үхрийн бөөрнүүд”-ийг МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярын Америк даяар тарсан долоон хаустай харьцуулбал ч…
Н.Энхбаярыг намнаж эхэлсэн ажиллагаа өнөөдөр ч дуусаагүй байна. Түүнийг Монголд ирэхэд АТГ ажиллаад эхэлдэг нь гэм биш зан болчихоод байгаа.
Чухамдаа Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг МАН, АН-ын нөлөө бүхий лидерүүд, тухайн үд албан тушаал хашиж байсан эрхмүүд нийлж суугаад удирдаж байсан гэх мэдээлэл дараа нь яригдаж байв.
Ерөөс шуудхан хэлэхэд “үхрийн бөөрнүүд” бол зүгээр л шалтаг. Шалтгаан нь улстөрийн өрсөлдөгчөө намнах МАНАН-ы нэгдсэн сонирхол байсан юм.
Н.Энхбаяр Монголын улстөрийн толгойд 10 гаруй жил ажилласан хүн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг дараалан хашсан түүн шиг улстөрч өнөө хэр нь төрөөгүй л байна.
Ийм л учраас МАНАН нийлж байгаад түүнийг улстөрөөс шахан гаргахаар АТГ мэтийг ашигласан гэдэг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “намнах” энэ технологио МАНАН Н.Алтанхуягт хэрэглээд эхэллээ. Н.Энхбаярт наасан шиг “үхрийн бөөр” мэт асуудал Н.Алтанхуягт ч бас байна. Үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй. Хэрэв МАНАН Н.Алтанхуягийг улстөрд хүчтэй байсаар байна гэж үзэх юм бол ажиллагаагаа үргэлжлүүлнэ. АТГ түүнийг ямар нэг асуудлаар буруутгана. Аль эсвэл Алтанхуягийн хүргэн, охин нь ингэжээ тэгжээ гээд нэр бүхий хэвлэлүүдээр гараад эхэлнэ. Нийгмийн сэтгэлзүйг бэлдэж байгаа нь тэр. Н.Энхбаярыг мөн л ингэсэн байдаг.
АТГ-ыг өнөөдөр хөдөлгөж байна аа. Энэ газрын “гох”-ыг дардаг хурууны эзэд үнэхээр хүчтэй байгаагаа мэдрээд л сууж байгаа. Гэхдээ АТГ гэдэг бууны ам хэзээ ч хамаагүй өөрийг нь онилж мэднэ.
Нөгөөтэйгүүр МАНАН энэ газрыг авлигатай тэмцэх хоточ нохой бус улстөрийн өрсөлдөгчөө намнах зуудаг нохой болгочихсон. Тэгэхээр дараагийнх нь хэн бэ гэдэг асуулт аяндаа гарч ирнэ. Хэн нэгэн байж л таарна. Энэ бол МАНАН-ын Монголын үлдээсэн хар толбо бол мөнөөсөө мөн. Ийм технологи ихэвчлэн автор буюу эзнээ “зажилдаг” гэх юм билээ, түүхэнд.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: