Шинэ замын хашлага эвдэрч эхэлжээ

Сансарын ШТС-аас Шадивлан хүртэлх 12.7 километр замын засвар өргөтгөлийн ажлыг Хятадын “НКВ интернэшнл холдинг” компани гүйцэтгэж байгаа.

Харин замын ажил дуусаа ч үгүй байхад хашлага боржуур нь эвдэрч эхэллээ. Зуурмагийг газрын хөрсөнд суулгалгүй нарийн цувьж, хэвлэж дарах нь тус компанийн шинэ технологи гэнэ. Харин цутгасан боржуураа гялгар цаасаар бүтээх нь нар, салхинд хагарахаас хамгаалж байгаа бололтой. Хоёроос гурав хоногийн өмнө цутгасан хашлага нь хөл хүрмэгц үйрч байгаад иргэд “хот тохижуулах ажил биш хог тарьж байна” хэмээн бухимдах болов.

Хашлагыг харахад нээрээ ч цемент нь багадсан, ихэнх нь элс гэмээр санагдана. Ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс хэлэхдээ “бэхжээгүй байхад нь иргэд өшиглөх, машинаар дайрах зэрэг бусармаг үйлдэл гаргаж байна. Зарим нь согтуу ирээд хятадуудыг дарамтлах нь бий” хэмээн иргэдийг буруутгаж байв. Энэ тухай тус замын хяналтын инженер Д.Ганбатаас тодруулахад: “Нийслэлийн лабораторийн шинжилгээнд орсон зуурмагаар хашлагыг хийж байгаа. Харин нурсан хэсгийг шинжилгээнд оруулаад шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарвал хусуулж, дахин шинээр тавиулна. Бид замын бүх хэсгийг газар дээр нь хяналт тавин ажиллаж байна. “НКВ интернэшнл холдинг” компани улсдаа туршсан шинэ технологиор манай замыг тавьж байгаа” гэсэн юм.

Хашлагын гадна талд явган хүний зам цутгаж, дундаа асфальтан хучлага хийхээр хөдөлгөөнгүй болох гэнэ. Замын ажил дууссан хойно суурь нь хөдлөхгүй юм гэхэд хагарч нураад байвал яах вэ. Уг нь Нийслэлийн авто зам хяналтын газрын лаборатори 20 куб метр тутамд зуурмагийн дээж аван шинжилгээ хийдэг аж. Шинжилгээний хариу долоо хоногийн дараа гардаг бөгөөд чанарын шаардлага хангасан гэж үзвэл тухайн ажлыг эхлүүлдэг гэнэ.

Дээрх хашлагын зуурмагийг шинжлүүлсэн эсэх талаар Нийслэлийн авто замын материал шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Энхтуяагаас лавлахад “Шадивлангийн замын зуурмагийг бид шалгахад орц нь технологийн дагуу хийгдэж байсан. Хашлагыг тэд өөрсдийн зуурмагаар цутгаж байгаа.

Тухайн замд “Минжит булган ХХК”-ийн боржуураар хашлага хийж байгаа бол бид чанарын шинжилгээ хийдэг. Манайхан орц хэмжээгээ багцаалдаг учраас технологи алдагдах нь бий. Харин шинэ технологийн боржуур эвдэрч байгаа бол шинжилгээ хийж, муу байвал дахин шинээр цутгуулна. Нэг хэсгээс авсан зуурмагийг долоо, 14, 28 хоногийн шатлалтай шинжилгээ хийдэг юм. Бид нийслэлд тавигдаж буй бүх замд шинжилгээ хийдэг учраас цаг тухайд нь хүрч ажиллаж чадахгүй тал бий” гэлээ.

Үнэхээр иргэдийн буруугаас эвдрэв үү, чанарын шаардлага хангахгүй байна уу гэдгийг удахгүй шинжилгээний дүн харуулна.

М.Наран


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих