Д.Сүхбаатарын хөшөөг наадмын өмнө нураах уу

Жанжины хөшөөг эхлээд талбайгүй болгосон. Одоо хөшөөг нь үгүй хийх нь бололтой. Тэр тусмаа наадмын өмнө Д.Сүхбаатарын хөшөөг солих нь гэсэн яриа ч явж хэллээ.

uls_5590d1f018f0b_1 uls_5590d1f018f0b_1

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр нэгэн анхаарал татсан асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Уг хуулийн гол зорилго нь Лондонгоос манай улсыг зорьсон Чингис хааны хөшөөг хил гаалиар хөнгөлттэй үнээр оруулж ирэх асуудал юм. Ингээд уг хуулийн төслийг хуралд оролцсон гишүүдийн 83.9 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хууль санаачлагдаас хөшөөг хаана байрлуулахаар төлөвлөж буйг асуухад Засгийн газрын гишүүн С.Баярцогт гадаад дотоодын олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэсэн хариулт өгсөн.

Хэрэв үнэхээр тийм бол нийгэмд дахин нэг хэрүүл, маргааны сэдэв гарч ирлээ. Уг хөшөө ирээд түүнийг Сүхбаатар жанжины хөшөөний оронд сүндэрлүүлэх юм бол монголчууд бараг бүгд дургуйцэх нь тодорхой.

Сүхбаатар жанжины хөшөөг зүгээр ч нэг босгочихоогүй юм. Өөрийн гэсэн түүхтэй. 1921 оны долдугаар сарын 8-нд жанжин Д.Сүхбаатар цэргүүдтэйгээ Хүрээнд орж иржээ. Зүүн Хүрээний өмнөх гол чөлөөнд хүрээнийхэн баяр хөөр болон угтаж, цэргүүд мориныхоо амыг татсан гэдэг. Яг энэ үед жанжны морь шээсэн байна. Үүнийг харсан “ясан толгой” Гаваа гэгч цэрэг “Бүх цэргийн жанжны морь шээснийг бодоход энэ газар тун их бэлгэ дэмбэрэлтэй газар юм” хэмээн бодоод тэр орой нь дэлэм хэрийн урт төмөр гадас авчирч зоож орхижээ. Хожим 1946 онд жанжны хөшөөг хаана босгох асуудал хөндөгдөхөд Х.Чойбалсан тэр газрыг санаж, хөшөөг босгох шийдвэр гаргасан байдаг.

Дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг УГЗ алдарт уран барималч С.Чоймбол гуайн урласан Жанжин Сүхбаатарын хөшөөгөөр солих нь хэр зөв шийдэл вэ. Үүнийг АН-ынхан эрх барих хугацаандаа МАН-ын гэх тодотголтой болгоныг үгүй хийх гэж байна гэж үзэх нь ч байгаа.

Магадгүй үүнийг намуудын өрсөлдөөн хэмээн харах нь үнэний ортой. Учир нь МАН бол ардын хувьсгалаар үүсгэн байгуулагдсан 90 гаруй жилийн түүхтэй. Тийм дээ ч ардын хувьсгалын дурсгалт өдөр болгоныг хүндэтгэн тэмдэглэж өнгөрүүлдэг учиртай. Харин АН бол 90 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар өөрсдийгөө зарлан тунхаглаж гарч ирсэн. АН-ынхан “Чингисийн одон” гэх зэргээр эзэн хааныг хүндэтгэж явдаг. Мөн дэлхийн түүхэнд байсан хамгийн ардчилсан хаан гэх зэргээр намтайгаа уялдуулж холбогдог. Товчоор хэлбэл хоёр том нам түүхийн томоохон хоёр он цагаар нууцхан өрсөлддөг.

АН-ынхан 2012 оны сонгуулийн дараа төв талбайн нэрийг өөрчилж Чингис хааны талбай болгосон. Мөн улст тунхагласан түүхт баярын өдрийг тэмдэглэлт өдрийн жагсаалтаас зэрэг бууруулж оронд нь Чингис хааны төрсөн өдрийг бүх нийтээр тэмдэглэх болсон. Энэ бүгд нь тухайн үедээ иргэдээс тодорхой хэмжээний шүүмжлэлийг сонсож л байлаа. Одоо ч хууль зөрчсөн учраас асуудал нь шүүх дээр яваа. Харин энэ удаа жанжины хөшөөг авч хааны хөшөөг залвал байдал улам эвгүйтэх магадлалтай.

Асуудал үүсгээд буй уг хөшөөг УИХ-ын гишүүн “ажнай” Д.Бат-Эрдэнэ гурван сая еврогоор худалдаж авсан гэнэ. Анх хөшөө 500.000 ам.долларын үнэтэй гэж яригдаж байсан. Гэтэл УИХ дээр 3 сая еврогоор авчирч байгаа гэж яригдав. Яагаад ингэж үнэ нь хадуурав. Засгийн газрын зүгээс хөшөөг эх орондоо авч ирэх болсон шалтгаанаа “Дэлхийн даяарших үйл явц хүрээгээ тэлж буй энэ үед Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, хувь хүний итгэл үнэмшил, соёлын үнэт зүйл, халдашгүй байдлыг бэхжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах нь чухал болоод байна” гэж тайлбарласан.

Тэгвэл нэг түүх соёлоо хадгалан үлдэхийн тулд, суралцахын тулд, сэргээн дэлгэрүүлж, хадгалан хамгаалахын тулд нөгөөг нь үгүй хийдэг нь ямар учиртай юм бол доо. Аливаа улс орон түүхийн үнэт өв соёлоо хайрлан хамгаалахын тулд аль болох урт удаан хугацаанд хадгалахыг хичээж байхад манайх үгүй хийх гэж байдаг. Хэрвээ үүнд дээр хэлсэн шиг ямар нэгэн улс төрийн асуудал байгаа бол болих хэрэгтэй.

Сүхбаатар болон Чингисийн хөшөөн талбай дээр зэрэгцүүлэн тавихгүйгээс хойш төв талбайд тавина гэдэг санаагаа болиод оронд нь Ялалтын талбай эсвэл бүр хотоос зайдуу соёл амралтын цогцолбор байгуулах арга хэмжээг авах зүйтэй.

Бэлэгдэлийн хувьд ч нийцэхгүй. Д.Сүхбаатарын хөшөө бол ард түмнээ хөгжил дэвшилд уриалан дуудсан, мөнхийн дуудлага болсон, тусгаар тогтнол эрх чөлөөг сануулсан агуулгатай хөшөө. Гэтэл Чингисийн гэх энэ хөшөө бол унтаж байгаа үлгэр, домгийн хөшөө юм. Засгийн газар дээрх шийдвэрээ нэн яаралтай эргэн харах хэрэгтэй.

Г.Бат


URL:

Нэр: зочин Огноо: 17 July 2015

Та нар буулгаад үзээрэй ард түмний тэвчээр барагдах удахгүй шүү новшнуудаа араг яс шиг юмаа баярцогт гэрийнхээ гадаа зал тэнэг хог

Нэр: зочин Огноо: 17 July 2015

Бат үүлээ хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг үгийг санаач хар тэнэгүүдээ энэ олны хэл амнаас айхгүй их цусалж бнаа та нар

Сэтгэгдэл бичих