Зайсангийн аманд завсар үлдсэнгүй

Зайсан толгойн ойр орчмыг улсын тусгай хамгаалалттай газар гэж нэрлэсээр олон жил боллоо. Гэтэл эрх мэдэл, мөнгөтэй “хүмүүс тэнд байшин, барилга барьсаар Зайсангийн аманд завсар үлдсэнгүй.

Байдал ийм байхад Зайсан толгойг улсын тусгай хамгаалалттай газар хэмээн нэрлэж, гадаадын жуулчид, хүүхэд багачуудыг хуурах ямар хэрэг байна. Хэдэн жилийн өмнө нийслэлчүүд “Завтай хүн Зайсан руу” гэлцдэг байв. Тухайн үед Зайсангийн аманд барилга байшин байгаагүй, бараг хүн амьдардаггүй байсан гэж болно. Гэтэл одоо бүр уулыг нь ухаж барилга барьж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, түүхийн дурсгалт газрыг барилга, байшингаар сольж эхэлсэн байна. Тэр үед Зайсан руу нэг автобус явдаг байсан бол одоо байшин барилга баригдахын хэрээр автомашины хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл байнга гардаг болжээ. Мөн барилга, байшин барих газар нь олдохоо байгаад уулын хажууг ухаж барилга барьж эхэлжээ. Зайсангийн амнаас урсдаг усны урсгал далан руу ордог байтал, даланг нь эзлэн барилга барьж байгаа учир автозам руу борооны ус цутгадаг болгочихож.

Нэгэнт л Зайсангийн аманд завсар үлдээгүй юм чинь хүмүүсийг баян ядуу гэж ялгалгүй тэнд газар өмчлүүлдэг болъё. Улсын тусгай хамгаалалттай газар гэдэг сүржин нэр Зайсангийн аманд дэндүү гоёдох нь. Нөгөөтэйгүүр Зайсан толгойн ойр орчмыг Зайсан хотхон, эсвэл Зайсан хороолол гэж нэрлэвэл яасан юм бэ.

Барилга барьж буй хэд хэдэн газраар очиж сонирхлоо. Эхний очсон газар бол Зайсан толгойн хажуу дахь Бурхан багшийн хөшөөний хажууд барьж байгаа барилга байв. Хамгаалагчаас “Ямар компани хэчнээн давхар барилга барьж байгаа”-г асуухад “мэдэхгүй” гэхээс өөр тодорхой хариу өгсөнгүй. Инженертэй нь уулзаж болох уу гэхэд “Байхгүй” гэв. Барилгын компанийн нэрийг мэдэхгүй юм чинь үл мэдэх барилга гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Барилгын хашааны гадна хэзээ барьж дуусгах талаар мэдээллийн самбар өлгөөгүй байна.

Үл мэдэх барилгыг өнгөрөөд цааш явтал Япон Улсын буцалтгүй тусламжаар барьж буй Цэнгэг усны төвийн барилга харагдав. Тэд барилгын ажлыг хэзээ дуусах, ямар барилга барьж байгаа талаарх бүдүүвч зургийг өлгөжээ. Цааш явахад “Жинхэнэ уянга” компани 5-7 давхар барилгыг орон сууцны зориулалтаар барьж байна. Тэнд шинээр баригдаж байгаа орон сууцны барилгууд шил шилээ даран сүндэрлэжээ. Улсын тусгай хамгаалалттай газар нэрээр халхавч хийж баячуудад газар зардаг газрын наймааны бичигдээгүй хууль манайд бий.

Тэнд ганц бие чинээлэг Хятад эрчүүдийн амьдардаг байрууд байдаг бөгөөд Монгол охид гэрийн үйлчлэгч хийдэг гэсэн мэдээлэл дуулддаг. Гэрийн үйлчлэгч хийдэг нэгэн охин “Би нэг хятад ахынд гэрийн үйлчлэгч хийдэг. Дуудсан цагт нь очиж гэрийг нь цэвэрлэж, хоолыг нь хийж өгөөд Цагийн 20 мянган төгрөг авдаг. Хятад эрчүүд залуухан Монгол охидыг гэрийн үйлчлэгчээр ажиллуулах дуртай.

Тэд мөнгөө өгөхдөө боодол 20 мянгатын дэвсгэрт барьж байгаад нэг нэгээр нь сугалан гайхуулж өгдөг нь муухай санагддаг. Над шиг дуудсан цагт нь очиж гэрийн үйлчлэгч хийдэг охид олон бий” гэв. Гэрийг нь заагаад өгөөч гэхэд “Хэлмээргүй байна. Ажилгүй болчихно” гэснээр бидний яриа өндөрлөв. Тусгай хамгаалалттай газар тусгай гэрийн үйлчлэгчтэй Монголын болон гадаадын баячууд олон байдаг бололтой.

ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ЗАЙСАН ТОЛГОЙН СҮЙРЭЛД ХЭН БУРУУТАЙ ВЭ?

Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр буюу Зайсангийн аманд өнгөрсөн жилийн байдлаар 400 айл зуслангийн зориулалтаар газар эзэмшдэг гэсэн судалгаа гарсан. Энэ тоо хэд дахин нэмэгдсэн нь ойлгомжтой. Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авчихаад хуулийн хориглох заалтыг зөрчин, орон сууцны барилга барих, улмаар иргэдэд үл хөдлөх хөрөнгө болгон худалдах явдал гардгийн зэрэгцээ барилгын суурийн ажил эхлүүлсэн зөрчил олон бий.

Зайсангийн амыг 2015 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө нэртэй аялал жуулчлалын бүс. хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлийг дагаж гарсан менежментийн төлөвлөгөө байхгүй. Гэтэл 2008 он хүртэл ажиллаж байсан Байгаль орчны үе үеийн сайд нар, 2004 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удаа дараа тавьсан шаардлагыг хэрэгжүүлэлгүй, иргэн, аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалттай газар олголтыг эмх замбараагүй хийснээс энэ байдалд хүрчээ. Богдхан уулын дархан цаазат газрын амуудад л гэхэд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулалгүй, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал эрхлэх дэд бүтцийн хангамж нөхцлийг тооцолгүй, аялал, жуулчлалын зориулалтаар 391 иргэн, аж ахуйн нэгжид хэт хавтгайруулан, эмх замбараагүй газар ашиглах эрх олгожээ.

Зайсангийн аманд 152 иргэн, аж ахуйн нэгжид нэгдор төвлөрүүлэн аялал жуулчлалын зориулалтаар ямар ч төлөвлөлтгүйгээр газар олгосон байна. Мөн Монгол Улсын “Жуулчны баазын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS-4934-2002 стандартын жуулчны бааз хооронд 10 км байхаар заасан зай хэмжээг тус тус зөрчжээ. Газар ашиглалтыг төлөвлөлтгүй олгосноос газрын даац хэтэрч хязгаарлалтын бүсийн экосистем алдагджээ.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтан бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заажээ.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн нэг дэх заалтад “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэжээ.

Байгаль орчин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2003 оны 90/168/127 тоот тушаалаар Зайсангийн аманд аялал жуулчлалын бүс хөгжүүлэх бүсчлэлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. Энэ бүсчлэлийн ерөнхий төлөвлөгөөнд А-амралт, сувилал, жуулчлалын бүс, Б-Стратегийн хөрөнгө оруулалттай аялал, жуулчлалын бүс, В-Амралт үйлчилгээний бүс, Г-судалгаа, шинжилгээ сургалтын бүс, Д-Цэцэрлэгт хүрээлэн, түүх соёлын бүс, Е-Цэцэрлэгт хүрээлэн, спорт үйлчилгээний бүсүүдийг тогтоосон боловч түүний дагуу ерөнхий төлөвлөгөө боловсруулсангүй.

Үүгээр тогтохгүй Монгол улсын тусгаар тогтнолын түүхэн дурсгал болж сүндэрлэн байдаг Зайсан толгойн бэл хормойг тойруулан өгсүүлж, мөн голын сав газрыг хамруулан газар олгож хашаа барьсан нь байгалийн тогтоц, төлөв байдалд нөлөөлж байгаа аж. Зайсан толгой “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 3.1.17-д заагдсан түүх, соёлын дурсгалт цогцолбор газарт хамаарагддаг бөгөөд мөн хуулийн 17.6, 17.7 дахь заалтууд зөрчигдөж, түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсэд байшин, барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт мөрдөгдөхөө болиод удаж байна.

О.Эрдэнэбүрэн


URL:

Сэтгэгдэл бичих