Ичээсэй билээ Энэ авгай
“Бас нэгэн мунхаг сүсэг буюу Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул” нийтлэлийн дараахи зарим хүмүүсийн хандлага миний зөв гэдгийг нотлоод эхэллээ. Уг нийтлэлийг бичихдээ би Мөнхсаруул гэдэг хүнийг хувь хүн талаас нь ер хөндөөгүй, тэр хүний боловсрол, туулсан амьдрал, байр суурийг нь бичээгүй. Нийгэмд сөрөг үр дагавартай байж болох үзэгдэл (феномен) гэдэг утгаар нь асуудлыг гаргаж тавьсан.
Тодорхой санхүүжилттэй, зорилготой, хар цагаан пиар хийж сурсан бүтэц нэлээд чадварлаг ажиллаж байгаа болов уу, энэ хүний хэлээд хийгээд байгааг улстөрийн агуулгатай болгоод байна уу даа гэж хардаж байгаагаа илэрхийлсэн. Үүний хариуд Галаарид гэдэг хүн ямар өчүүхэн, мэдлэггүй, хогийн хөгийн нэгэн болохыг батлах аян өрнөөд эхэллээ. Хүнийг хэн ч биш болгож, үгийнх нь үнэ цэнийг унагах шилдэг арга л даа. Хар бараан мөртэй, хаах нуух юм ихтэй улстөрчид л ийм аргад эмзэглэдэг байх. Надад бол хүртээл алга. Яагаад гэвэл би үнэнийг л хэлсэн. Нэг ч болов хүнийг төөрөгдлөөс нь гаргахыг хүссэн.
Зарим нь намайг “Чи ер нь үр хүүхэдтэй хүн үү?” гэж онлайнаар асууж сураглаад эхэллээ. Сануулгыг нь ойлгосон. Тэглээ гээд ямар худлаа хэлж, олон түмнээ мунхаг харанхуй руу дуудалтай биш дээ. Энэ нийгэмд чинь яасан ч муухай хар хүч давалгаалж байх юм бэ дээ. Тэгэх тэгэхдээ монголчуудын үеийн үед дээдэлж ирсэн Мөнх тэнгэрийн нэрийг барьж, наанаа сайхан ярьж, цаанаа хүнийг үр удмаар нь хүртэл айлгахыг оролдох ч гэж дээ. Харамсмаар.
IMG3Мөнхсаруулын “айлдваруудыг” уншаагүй, үзээгүй, ойлгоогүй байж ийм юм бичлээ гэж нэг хэсэг нь намайг буруутгаж байна. Би сэтгүүлч, судлаач хүн. Үгийн үнэ цэнэ, үр дагаврыг аль эрт ойлгосон хүн. Асуудлыг ул суурьтай хөндөх арга барилыг би зарчмаа болгодог. Үүний тулд эхлээд бичих гэж байгаа зүйлээ аль болох сайн судалдаг. Хүүхэд наснаасаа эхлэн 36 жил бичиж нийтлэхдээ алдаа гаргаж, хэрэг заргад орж байгаагүй. Яагаад гэвэл үргэлж баримт түшдэг. Би Мөнхсаруулын багийнхны YUOTUBE-д байршуулсан нэвтрүүлэг, бичлэгүүд, надад 2012 онд үлдээсэн өөрийнх нь тэмдэглэлийг бүгдийг үзсэн, уншсан. Гурван ч удаа уулзахад юу ярьж байсныг нь нэг бүрчлэн эргүүлэн санасан. Үүнтэй адил төстэй үзэгдлүүдийн талаар мэдээлэл цуглуулж харьцуулж дүгнэсэн. Тэгээд ямар үзэгдэл буюу феномен бэ гэдгийг л хэлсэн.
Крайон шиг чэннэлинг хийдэг хүн Монголд яагаад байж болдоггүй юм бэ гэж зарим нь загнаж байна. Уучлаарай, Би Крайоны тухай цагтаа бичиж л байсан. Тэгэхдээ Lee Carroll түүхэнд байсан агуу хүмүүсийн сүнсийг дуудаж, хойд дүр тодруулаагүй, олон нийтийг ийм хийрхэлд дуудаагүй юм шүү. Өөрийгөө Kryon гэж танилцуулсан бодит биегүй субъект надаар дамжуулан хүн төрөлхтөнд ийм мэдээлэл дамжууллаа гэж л ярьдаг хүн. Олон ном бий. Системтэй мэдээллийн тогтолцоо бий. New age гэдэг ойлголт, нэр томъёог хүртэл бий болгож, түгээсэн. Үүний цаана их том, соёлтой бизнес явж байх шиг санагддаг нь бас үнэн. Гэхдээ тэр үхэгсдийн сүнсээр оролдоогүй, хар пиараар зэвсэглээгүй гэдгийг хэлье. Бас Ли Кэррол гэдэг хүн өөрөө ингэж далд мэдээлэл авч байгаа үйлдлээ чэннэлинг гэж нэрлэсэн, үндсэндээ Крайон тэр хоёрт л хамаатай нэр томъёо гэдгийг дашрамд хэлчихье.
“Бас нэгэн мунхаг сүсэг буюу Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул” нийтлэлийг бичсэнээрээ хүмүүсийг шашны хагаралдаанд дуудахыг би хүсээгүй. Ийм юм байж болохгүй. Би хаана ч хэзээ ч “Монгол бол цөөн хүнтэй атлаа олон шашинтай орон. Бид аливаа шашныг хүндэтгэн харьцдаг түүхэн уламжлалаа хадгалах ёстой шүү” гэж хэлж анхааруулдаг. Гэхдээ энэ нь хүмүүсийн итгэл сүсгийг буруу зүйлд ашиглахыг хүлцэн тэвч гэсэн үг биш л дээ.
Мөнхсаруул гэдэг эмэгтэй хэлэх юмаа хэлж л байг, энэ Галаарид гэж нэг их мэдэгчид ямар хамаа байна гэж загнаж байна. Үнэн үг. Би эцсийн мөч хүртэл дуугүй л байсан. Намайг судал, тодруулж зарла гэж шахаж шаардахад нь дуугүй л холдсон. Өөрөө энийг хийхгүй бол Завхан аймгийн харьяат Доржнамжим гэж хүнийг оронд чинь сонголоо шүү гэхээр нь “Тэг ээ” л гэсэн. Гэтэл телевизээр “Намайг судлах ёстой хүн Галаарид. Тэр хүний сүнсний өгөгдөл нь тийм” гээд олон нийтэд дахин дахин зарлаад, миний нэрийг хавчуурга болгон ашиглаад эхэлсэн. Би дуугүй л байсан. Сүүлдээ хаан тодруулах юм болоод явчихсан. Олон хүн намайг энэ үйлд чухал оролцоотой гэж бодож, надад хандан учрыг асуугаад эхлэхээр нь л дуугүй байх нь бурууг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзээд дээрх нийтлэлийг бичсэн.
Энэ муусайн бөө нарыг шийтгэх хэрэгтэй гэж олон хүн бичжээ. Мөнхсаруул бөө ч биш, лам ч биш. Гэхдээ шарын шашны нэрийг барьж зан үйл хийх нь илүүтэй юм уу даа. 1181 бурхан тодруулна гэдэг. Өөрийгөө Өндөр гэгээний энэ цагийн дүр гэдэг. Олон сүм хийдийг ариусгах зан үйл хийсэн тухайгаа бичсэн байна лээ.
Өвөг дээдсийн сүнс гэж их ярьдаг. Дуудлаа, буулгалаа, сэрээлээ гэж байна. Монголчууд талийгаачийн сүнсийг сэрээж болохгүй, нас барагсдын нэрийг нь дуудвал сүнс нь ирнэ гээд хэлэхээс цээрлэдэг заншилтай, айх ичих юмтай хүмүүс. Ингэж завсар зуурын юмыг битгий бужигнуулаарай гэж учир мэдэх хүмүүс үргэлж хэлж захидаг. Гэтэл Мөнхсаруулын технологи нь хүмүүсийг тийм ийм хаан, хатны дүр гэж тодруулан зарлаад, тодорхой бүтэц зохион байгуулалтад оруулж, хий үзэгдлийн хаант улс буюу пирамид босгох оролдлого болж хувираад байна.
Анх бол арай өөр 8 гэгээн тэргүүтэй шашинлаг бүтэц бодож зурж байсан нь тэмдэглэлийн дэвтэрт нь байгаа. Харин одоо болохоор шашинлаг хөрстэй төрт бүтэц бий болгохыг зорьж байгаа нь харагдаж байна. Дагаж хурайлж яваа хүмүүс нь энэ пирамидын сүүдэр уртасвал ямар хортойг анзаарахгүй байх шиг байна. Мунхаг сүсэгт автсан хүн эрүүлээр сэтгэх, харьцуулан дүгнэх чадвараа алдаж, нэг л зүйлийг туйлын үнэн гэж итгэн хийрхдэг.
Пирамидын оройд байгаа, эсвэл пирамидыг далдаас удирдаж байгаа нэг буюу хэсэг бүлэг хүний хэлсэн ярьсныг зарлиг мэт даган юу ч хийхээс буцахгүй улайрдаг. Нийгмийн оюун санаа ингэж сохордгийн сонгодог жишээ хүн төрөлхтний түүхэнд олон бий. Гашуун үр дагавар нь ч сургамж болон үлдсэн л байдаг. Ухаантайхан байх юмсан даа.
2015.06.27.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
солиорол болиочээ чавганцаа.
Наад чинь мунхруулаад шалихгүй ээ. Харин та ингэж байхаар сэтгүүлч хүн байж Харри Поттер шиг кино зохиол бичээд зардаг газарштээ.