Алтан улиасаа алдсан хээрийн зэрлэг шувууд
Улсын их хуралд зөөлөн суудалд тухлахын тулд дүүрэг хорооныхоо иргэдийн амин цэгийг нь олж харах нь хамгийн чухал. Ингэж чадвал тухайн сэдвээрээ өөрийн дүүрэгтээ худал үнэн ярьж шоу хийн рейтингээ өсгөн, иргэдийг 4 жил хөдөлгөх хүчээ болгон ашиглах боломж бүрдэнэ. Тэгвэл Зайсангийн уугуул иргэдийн газрын маргаантай асуудал бол Хан-Уул дүүргийнхний амь тэнцсэн асуудал байсаар ирсэн юм. Угтаа бол тусгай хамгаалалтын газрын нутагт айл өрх байлгах боломжгүй гэж үзэн уугуул цөөхөн хэдэн айлаас бусдыг нь тус хэсэгт байлгахгүй гэж шийдвэрлэсэн байдаг ч тус дүүргээс сонгогдсон үе үеийн сайд нар зарахыг нь зараад, зарж чадахгүй нэгэн нь сонгуулийн амлалт болгон ашигласан байх жишээний. Үүнээс үүдэн уугуул гэх 100 хүрэхгүй айлын тоо өнөөдөр 600 хол давжээ. Л.Болд сайдын үед тухайн асуудал аль нэг тийшээ шийдэгдэх нь гэж иргэд их л горьдсон доо. Даанч мань хүн 3 жил салбарын сайдын албыг хашиж, тус дүүргийн иргэдийн амлалтыг ашиглахдаа эргүүлээд газрын асуудлыг нь шийдээд өгчихөө мартав. Дүүргийн иргэд тулгамдаж буй асуудлаараа байсхийгээд л хуран чуулж өнөөх сайдаа дуудна. Сайд чуулганыхаа цайны цагаар хальт мульт үзэгдэж, хоёр өгүүлбэрээр иргэдийн сэтгэлийг хуурсан болоод л өнгөрнө. Магадгүй жил жилийн сонгуулийн амлалт болгож ашиглахаар өдийг хүртэл асуудлыг үлдээсэн байж ч болох.
Гэвч цаг цагаараа байдаггүйн жишээгээр нэг л өдөр суудлаасаа ховхорч УИХ-ын гишүүн, Д.Оюунхоролд сайдын алба шилжлээ. Д.Оюунхорол сайдын хувьд ажлаа аваад зургаан сар болж байгаа. Л.Болдод хууртсан иргэд жагсаал цуглаан зохион байгуулж Л.Болдыг тасдаад идчихгүй байхыг бодвол шинэ сайдтайгаа ойлголцоод яваа бололтой. БОАЖНХ-ын сайд Д.Оюунхорол ч Зайсанд нэгэнт үүссэн суурьшлын бүсэд амьдарч байгаа иргэдэд газрыг нь ямар нэгэн байдлаар олгох тухай ирэдэд амлалтаа өгөөд байгаа юм.
Гэтэл сонгууль ч дөхлөө. Хуучин массаа эргэн санасан Л.Болд, Ц.Оюунгэрэл нар “анхны хайраа мартсан” иргэдийнхээ хайрыг татахаар дахин “сээтэгнэж” эхэллээ.
Ингэхдээ тэд сайдын өрөөнд хэвлэлийнхэн олноороо цугласан байх үед очин ёстой л чавганцын хэрүүлийг утгаар нь үзүүллээ. Ингэхдээ тэрээр “Би 1990 оноос хойш улс төрд холбогдсон. Өөрөөс чинь дутахгүй хүн. Миний олон жил хөөцөлдөж, иргэдийнхээ төлөө олгох гэсэн газрыг боомилж байна” ухааны юм ярьж, цаашид ч энэ асуудлаар хэрүүлээ хийн сайдын үүдээр байн байн эргэлдэхээ “Батаарын” яамны сайд асан Ц.Оюунгэрэлийн хамт толгой дохилцон илэрхийлэв.
Угтаа аз таарч сайдын суудалд заларсан бол тухайн хугацаандаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дараа нь эргээд ирэх нүүртэй байж чадсан бол ингэж хэлэх эрх түүнд байх байлаа.
Эрт урьдын цагт үржил шимтэй өргөн уудам нутагт нэгэн алтан улиас ургадаг байжээ. Алтан улиас нь алтан алим ургуулна. Харин алтан алим бүхий улиасанд нэгэн хэрээ ирэн үүрээ засчээ. Удалгүй нутагт нь сүрхий ган гачиг болж, хэрээ ч улиасыг услаагүй учир улиас хатаж хорчийн үр жимс гарахаа больжээ. Тиймээс хэрээ улиасыг орхин энэ дэлхийгээр өөр бут хайн хэрэн хэсүүчилжээ. Харин хэрээний услаагүйгээс болж хатаж хорчийсон алтан улиасанд өөр нэгэн шувуу ирэн үүрээ засч, улиасыг усалснаар алтан улиас эргэн алтан алимаа ургуулж эхэлжээ.
Тэгтэл энэ байдлыг харсан хэрээ буцан ирж, алтан улиасыг булаацалдсан ч авч чадсангүй. Эцэст нь хэрээ алтан улиасны дээгүүр өдөр бүр гуугачин “минийх минийх” гэж эргэлдсээр энэ насыг баржээ.
Өнөөдөр Л.Болд, Ц.Оюунгэрэл нар алтан улиасаа алдсан хэрээ адил БОАЖНХ-ын яамаар эргэлдэн нисэж эхэлжээ.
С.Мөнх-Од
Эх сурвалж: ene.mn
URL: