“Цурхай” Ерөнхий сайд, “Хун” Ерөнхийлөгч, “Хавч” УИХ-ын дарга
Оросын нэрт ёгт зохиолч Иван Крыловын хун, цурхай, хавч гурвын тухай нэгэн ёгт үлгэр байдаг. 1814 оны бүтээл л дээ. 200-гаад жилийн өмнө энэ нөхөр төр, засгийнхаа тэргүүнүүдийг ийнхүү нисдэг, сэлдэг, мөлхдөг гурван амьтнаар төлөөлүүлэн шүүмжилсэн байгаа юм. Гол санаа нь аливаа ажлыг хийхдээ хоорондоо тун сайн тохиролцохгүй бол ямар ч үр дүн авчирдаггүй, харин ч зовлон болдог гэсэн утгатай. Мөн тухайн хүний төрөлхийн авир араншинг ямар ч албан тушаал өөрчилдөггүй гэсэн айхтар санаа агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хун хэзээ ч усан дор амьдарч, цурхай хэзээ ч нисэхийг хүсэхгүй гэдгээр дээрхи санаагаа илэрхийлсэн байдаг. Товчхондоо хэл амаа ололцдоггүй, ололцох хүсэл эрмэлзлэлгүй, ололцохын тулд угаасаа чармайдаггүй авир араншинтай хүмүүс улс гүрнээ хөгжүүлж чадахгүй л гэдгийг хэлээд байгаа нь тэр л дээ. Гол мораль нь энэ.
Өнөөгийн манай төр, засгийн удирдлага яг иймэрхүү дүр төрхтэйгөөр явж ирлээ гэвэл та зөвшөөрөх үү? “Монгол Улс” гэсэн “ачааг” ирээдүйд диваажингаа байг гэхэд түүний ойролцоо аваачих үүрэгтэй Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван албан тушаалтан сүүлийн 20 гаруй жил яг л дээрхи үлгэрийн баатрууд шиг зүтгэлээ. Ялангуяа Н.Энхбаярын үед үнэхээр дэндүү байсан шүү. Ёстой л наран гэрэлт, түмэн наст Богд хаан шиг эрх мэдэл эдлэх гээд Ерөнхийлөгч Н.Багабандитайгаа яаж тэрсэлдэж байлаа даа. Олны нүдэн дээр инээмсэглэн гар барьсан хүмүүс харагдах ч цаашаа ороод л бөөн дайсагнал. Бөөн үгүйсгэл. Уг нь “нэг хонхор” буюу нэг намаас гарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэгсэн хэрнээ л улс гүрнээ урагш нь олигтой ахиулаагүй юм. Харин ч авлига энэ тэрийг жинхэнэ цэцэглүүлээд, ард түмнээ хэд хувааж талцуулаад буусан л даа. Өөрөөр хэлбэл ёгт үлгэрийн баатрууд болох хун, цурхай, хавч гурав шиг тал тал тийшээ зүтгэсээр байгаад дууссан юм. Тиймээс нөгөө “ачаа” нь сууринаасаа бараг хөдөлсөнгүй. Ялангуяа ёс суртахууны хувьд.
Хамгийн харамсалтай нь энэ байдал засагдалгүй ужгирсаар өдийг хүрэв. цаашдаа ч нэг иймэрхүү дүр төрхтэй байх төлөвтэй. Энэ удаа төр, засгийн тэргүүн дээр заларч байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мөн л “нэг хонхор” буюу нэг намаас гарч ирэн, “Монгол” хэмээх аралтай тэргэн дээр ард түмнээ аччихаад ирээдүйн сайн сайхны зүг зүтгэж яваа ухаантай юм. Гэтэл нөгөө л хун, хавч, цурхай гурвын үлгэрийг давтаж эхлэх нь тэр дээ. Ажаад, анзаараад байхад ёгт үлгэрээс ялгарах бага зэргийн юм бий. Гэхдээ эцсийн үр дүн нь энэ үлгэртэй усны хоёр дусал шиг адилхан оршиж буйд хамаг учир байгаа юм.
Уг нь тэд чиг чигтээ мулгуу юм шиг зүтгэхгүй байгаа мэт харагддаг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь цурхай нь хун шиг нисэх гэж оролдоод л, хун нь усан доогуур зүтгэж үзээд л, хавч гуай нисэх гэж үйл тамаа цайгаад л. Өөрөөр хэлбэл үүргээ умартаад, нэг нэгийнхээ өмнүүр орон тал тал тийшээ үсчээд байхаар нөгөө “ачааны” толгой эргэчих юм байна шүү дээ. Хэн удирдаад байгаа нь чөтгөр бүү мэд. Ерөнхийлөгч нь байн байн тариа ногооны ургац ямар байгааг шалгаж, хогийн цэг дээр давхиж очин хэрүүл хийгээд, УИХ-ын дарга нь гутлын үйлдвэрээр орж, түрийний нь зузаан нимгэнийг шүүмжлээд байхаар Ерөнхий сайд нь энэ завсар яг ямар үүрэгтэй, юу хийхээ мэдэхгүй бүүр үүлгэртчихсэн сууж байх жишээтэй. Орчин үеийн хун, цурхай, хавч гурвын өнгө төрхийг нь бага зэрэг өөрчилсөн үлгэр мөн байгаа биз.
эх сурвалж: 24 цаг.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хөгжлийн банк Худалдаа Хөгжлийн банкыг санхүүжүүлэн Худалдаа Хөгжлийн банкны байрнаас 1мкв талбайг 8,000,000 найман сая төгрөгөөр худалдан авахаар болжээ. Хөгжлийн банкны мөнгө Монгол төрийн мөнгө мөн бол, энэ оны сүүлээр улс нь дампуурлаа зарлах гэж байгаан бол, төр засагт мөнгө хэрэгтэй яг энэ үед хөгжлийн банкны зорилгот нийцэхгүй хөрөнгө оруулалт буюу өөрсдийн тав тухыг хангасан тансаглаж байгаа нь зүйд нийцэж байна уу? Төрийн олон барилга дотор байрлаж болдоггүй байгууллага юм уу? Эдийн засгийн ийм таагүй үед Хөгжлийн төслийг санхүүжүүлэх банк хувийн банкыг дэмжиж ХО хийж болдог юм уу? Холбогдох газрууд нь шалгаж буруу зүйлийг нь залруулаач ээ.