Монгол улс авилгын эсрэг НҮБ-ын конвенциас татгалзах уу

c45694809e4edd40originalН.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед АТГ-аас шалгаж буй гэмт хэргийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрын тэргүүний ойрын хүрээллийнхэн тэргүүлж, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тодорхой болсон. Л.Гансүхийн, Г.Дэнзэнгийн гэх зэргээр нэрлэсэн хэргээс үүдэн АН-ын нэр хүнд шалдаа унаж, тэдний рейтингээс чангаасан юм. Зөвлөх Л.Гансүхээ ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь хорих ангид зөвшөөрөлгүй эргэж, хуулийг нулимж байсан экс Ерөнхий сайд тухайн үедээ АТГ-ыг татан буулгах төлөвлөгөө боловсруулж байжээ.

Тодруулбал, тэрбээр ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогт-Очиртоо л онц чухал нэг үүрэг өгсөн байдаг. Д.Цогт-Очир 2014 оны наймдугаар сарын 5-нд ШШГЕГ, ЦЕГ, Тахарын алба, ХХЕГ, УЕП зэрэг хууль сахиулах байгууллагуудад “2012 оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл АТГ-аас тус байгууллагад ирүүлсэн албан бичиг, түүнд өгсөн хариу”-г явуул гэж үүрэгдсэн гэдэг. Экс Ерөнхий сайд энэхүү бичгээс олсон оноо, алдаагаар АТГ-ыг татан буулгах ажлаа эхлүүлэх гэж байсан боловч амжаагүй огцорсон юм. Ийнхүү түүний тус газарт шалгуулж байсан зөвлөх, хүргэнээ аврах, уснаас хуурай гаргах төлөвлөгөө замхарч байлаа.

Гэвч Н.Алтанхуяг нэг жилийн дараа энэ оролдлогоо дахин эхлүүлэв. Энэ нь УИХ-д хэлэлцэхээр боловсруулж буй Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон Мөрдөх албаны тухай хуулийн төслийн өмнүүр дараалал дайран өнгөрсөн зургадугаар сарын4-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ дагуу нэгэн хууль оруулж ирсэн юм. Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэн УИХ-ын даргад өргөн бариад буй. УИХ тэр дундаа парламент дахь АН-ын бүлэг шүүрэн авч Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар бүтэн өдөржин хуралдсан боловч төслийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй буцаав.

Угтаа бол АТГ-ыг татан буулгах тухай асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчих зүйл биш аж. Н.Алтанхуягийн зүтгүүлж байгаа хуулийн төсөлд АТГ-ын хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг харьяаллын хэргүүдээс хээл хахууль өгөх, авах, зуучлахаас бусад албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд, Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлэх тухай санал яваа. Хэрвээ Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчих юм байна. Нөгөө талаар “Авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна” хэмээн гомдоллож байсан Ерөнхий сайд асны саналаар шийдэх асуудал биш аж.

Төрийн албан хаагчид төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хувь хүний сонирхолтойгоо хутган, эрх мэдлээ ашиглан өөрт болон ойрын хүндээ ашигтай шийдвэр гаргаж, ашиг олсон байж мэдэх хэргийг шалгах үүрэгтэй энэ газрыг татан буулгахад хүрвэл Монгол Улс энэ байр сууриа олон улсад мэдэгдэх ёстой аж. Тухайлбал, Монгол Улс2005 оны аравдугаар сард Авлигын эсрэг НҮБ-ын гишүүн орнуудын нэгэн адил Авлигын эсрэг конвенцийг мөрдөж, тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, ажиллах үүрэг хүлээсэн. Энэ дагуу АТГ-ыг 2006 онд байгуулж байв. Энэхүү олон улсын конвенцид нэгдэн орсныхоо төлөө УИХ Авлигатай тэмцэх газрыг татан буулгахдаа тулбал эхлээд“Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн2003 оны аравдугаар сарын31-ны өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенциос татгалзах ёстой аж. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөсөө хойш нэг жилийн дараа цуцлах учиртай.

АТГ-ыг байгуулсны дараа олон улсын байгууллагууд Монгол Улсын авлигатай хийх тэмцэл сайжирсныг онцолж байсан бол сүүлийн жилүүдэд авлига улам бүр өсөн нэмэгдэж буйг мэдээлж байгаа. Хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулсан Монголын нэр хүнд улам бүр шалдаа унаж байгаа энэ үед Авлигын эсрэг НҮБ-ын конвенциос татгалзаж буйгаа зарлавал бид даяаршиж буй бөмбөрцгийн хаахна шингэх юм бол. Энэ тухай бодлыг“улс орны эрх ашиг” ярьж, цээжээ дэлддэг эрхэм гишүүд, АТГ-ыг татан буулгахаар улайрч буй экс Ерөнхий сайд бодож үзсэн болов уу.

У.Мичид


URL:

Сэтгэгдэл бичих