Г.Сэрээнэндоржийн тал еэвэнгийн үлгэр ба “УБТЗ”-ийн 4.0 сая долларын өрийн түүх

14350220505588b2e279d6e“Жаст” дампуурсан. “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлсэнээс хойш 2 жил шахам хугацаа өнгөрч байна. Гэтэл “Хадгаламж”-аас Төрийн банкинд шилжиж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөх ёстой өр өдийг хүртэл барагдаагүй. Тэр ч байтугай Төмөр замынхан хуулийн дагуу үл маргах журмаар шууд төлөх ёстой өрийг төлөхгүй хэмээн шүүхдэж,  хугацаа хожсоор өнөөг хүрчээ.

Асуудлыг тодруулбал “Хадгаламж” банкинд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөх ёстой 4.0 сая ам.долларын энгийн вексель Төрийн банкинд ирсэн ч төлөөгдөөгүй байгаа гэсэн үг. . Вексель гэдэг нь өрийн бичиг. Албан тодорхойлолт нь төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлдэг. Өөрөөр хэлбэл вексель нь төлбөр тооцооны үнэт цаас юм.

Дээрх өрийн бичгийн түүхийг ярьвал, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Жаст групп” ХХК-ийн хооронд 2013 онд гурван ч удаа вексель үйлджээ. 2013 оны хоёрдугаар сарын 18-нд хүүгүй, 99 хоногийн хугацаатай 4.0 сая ам.долларын энгийн вексель, мөн яг тэр өдрөө жилийн 12 хувийн хүүтэй 285 хоногийн хугацаатай дахин 4.0 сая ам.долларын энгийн вексель, басхүү 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүүгүй, 121 хоногийн хугацаатай 2.5 сая ам.долларын энгийн векселийг үйлджээ.

“Жаст групп” ХХК дээрх гурван векселийг үйлдсэн өдөр нь Векселийн тухай хуулийн дагуу Дамжуулах бичиг үйлдэн, “Хадгаламж банк”-нд худалдаж, тус банкнаас “Жаст групп” ХХК-ийн дансанд 2013 оны хоёрдугаар сарын 18-нд 4.0 сая ам.долларыг хоёр удаа, нийт 8.0 сая ам.доллар, гуравдугаар сарын 1-нд 2.5 сая ам.доллар, бүгд 10.5 сая ам.долларыг шилжүүлсэн аж.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2013 оны зургадугаар сарын 12-нд хүүгүй 2.5 сая ам.доллараа “Хадгаламж” банкинд төлжээ. Дараа нь 2013 оны тавдугаар сарын 22-нд 2.0 сая, тавдугаар сарны 28-нд дахин 2.0 сая ам.доллар шилжүүлж хүүгүй 4.0 сая ам.долларын векселийн төлбөрөө төлжээ. Ингээд жилийн 12 хувийн хүүтэй 4.0 сая ам.долларын векселийн өр үлдэв.

“Хадгаламж”-ийг Төрийн банкинд шилжүүлэх үед хүүтэй 4.0 сая ам.долларын хугацаа дуусаагүй байсан тул ийн Дамжуулах бичгээр Төрийн банкинд шилжүүлсэн байна.

Ингээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс өрөө авъя гэтэл татгалзсан хариу өгч эхэлжээ. Тэгээд ч зогсохгүй уг векселийн хугацаа дуусахаас өмнө 2013 оны аравдугаар сарын 9-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихаж. Тухайн үед“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндорж ажиллаж байв.

Дээрх нэхэмжлэлийнх нь дагуу Сүхбаатар дүүргийн шүүгч Т.Энхжаргал “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2109 тоот шийдвэр гаргав. Мэдээж хэрэг, энэ нь Г.Сэрээнэндорж буюу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талд гарчээ. Т.Энхжаргал шүүгчийн энэхүү шийдвэрээр бол “Жаст”, “Улаанбаатар төмөр зам” ХНН хоёр тохиролцсон тул төлөх шаардлагагүй бөгөөд векселийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн аж. Векселийг дамжуулан авсан Төрийн банкийг дурдсан ч үгүй. “Жаст” дампуурлаа зарлаж, “Хадгаламж” банк аль хэдийнэ байхгүй болсон үе л дээ. Тэр байтугай Т.Энхжаргал шүүгчийн “хялбаршуулсан” шийдвэр гарахаас тав хоногийн өмнө буюу 2013 оны аравдугаар сарын 4-ний өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Орлогч дарга С.Я.Усольцева Төрийн банкинд 12\1197 тоот албан бичиг илгээж, “…Тус нийгэмлэг нь “Жаст групп” ХХК-тай хийх төлбөр тооцонд зориулан 2013 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Хадгаламж” банкнаас  4 380 000 ам.долларын векселийн бичиг авсан болно. Уг векселийн төлбөр “Жаст групп” ХХК-д төлбөгдсөн эсэх талаар тодруулга гаргаж өгнө үү” гэжээ. Хариу нь мэдээж хэрэг, үгүй байнаа л гэж.

Тиймээс Төрийн банк нотлох баримтуудаа гарган өгч, 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сүхбаатар дүүргийн шүүгч Т.Энхжаргалын захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргав. Т.Энхжаргал дөрөвдүгээр сарын 24-нд 10716\с тоот захирамж гарган өмнөхөө хүчингүй болголоо. Үүний дараа “Улаанбаатар төмөр зам” ХНН 2014 оны тавдугаар сарын 26-нд “Жаст групп” ХХК-д холбогдуулан “Векселийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэл гаргав. 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шийдвэр гарч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэхэмжлэлийг хангаагүй. Энэхүү шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН эсэргүүцэж давж заалдан, Төрийн банк ч тайлбараа гаргав. Энэ дагуу 2015 оны дөрөвдүгээр сарын 27-нд 02 тоот магадлал гарч “  Анхан шатны шүүх уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргалгүйгээр хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдэх хуудас хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн … гэж анхан шатны шүүхэд буцаасан  гэх мэт шүүгчийн алдаатай шийдвэр хөвөрсөөр…”

Харин шүүхээс гадуур “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Төрийн банкинд 4.0 сая ам.долларыг хүүтэй нь хамт төлөх нь тодорхой гэдгийг нотолсон үйл явдлууд болсоор л байв. Харин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж гүрийсээр…“Улаанбаатар төмөр зам” ХНН болон Төрийн банкны хооронд бичиг цаас шидэлцэн, төлнө төлөхгүй гэсэн асуудлыг “хэлэлцсээр” байв. Анх Сүхбаатар дүүргийн шүүхийн Т.Энхжаргал шүүгчээр векселийн төлбөрийг төлөхгүй байх захирамж гаргуулчихаад үүнийгээ овжноор ашиглан “Төлчихсөн” гээд үзэж тарав. Г.Сэрээнэндорж 2013 оны аравдугаар сарын 29-нд Төрийн банк руу 10\1294 тоот бичиг илгээж “…”Жаст групп” ХХК нь тус нийгэмлэгт 4 121 562 ам.долларын өглөгтэй” гээд, арваннэгдүгээр сарын 28-нд дахин илгээсэн 10\1433 тоот бичигтээ “…2013 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр энгийн вексель үйлдсэн. Тавдугаар сарын 22, 28-нд 2.0 сая ам.долларыг тус тус шилжүүлсэн. Хүүтэй вексель үйлдэж буй нөхцөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй. Нийгэмлэг нь “Жаст групп” ХХК-ийн өмнө төлбөрийн үүрэггүй болох нь нотлогдсон… Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр векселийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн” гэжээ. Эндээс нэг юм харагдана. Г.Сэрээнэндорж бол шүүхийн шийдвэр ярихын зэрэгцээ төлбөрийг хоёр, хоёр саяар нь хийгээд хаачихсан гээд эхэлж байгаа нь энэ ажээ. Учир нь 2013 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хоёр удаа 4.0 сая ам.долларын энгийн вексель үйлдсэн. Нэг нь хүүгүй, 99 хоногийн хугацаатай. Нөгөөх нь 12 хувийн хүүтэй, 285 хоногийн хугацаатай. Хүүгүй вексель төлснөө нөгөөхдөө хамааруулж “Төлсөн” гэж гүрийсэн нь энэ юм.

Г.Сэрээнэндорж саяхан АТГ-т баривчлагдаад гурав хоногийн өмнө суллагдаад байгаа. Тэрээр баригдахаасаа хоёр хоногийн өмнө itoim.mn сайтын сэтгүүлч Г.Отгонбаярт өгсөн ярилцлагаараа “…Төрийн банк ч ойлгоод, баримтаа хянаж үзээд энэ асуудал дууссан” гэсэн мэдэгдлийг хийсэн байна. Дээхнийн “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг сайхан кино бий. Боролдой, Долдой хоёрын ноёноо малладаг тал еэвэнгийн асуудлыг бид мэднэ дээ. Г.Сэрээнэндорж яг л түүн лүгээ “ажиллаж” буй. Тэрээр ярилцлагадаа “…Би 2012 оны аравдугаар сард Замын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг авсан. Тэгэхэд “Жаст” компаниас найм орчим сая долларын зээл аваад ашиглачихсан, 36 сая долларын өртэй байгууллагыг Т.Очирхүү даргаас хүлээж авсан. Ажил аваад удаагүй байтал  “Жаст”-ынхан УБТЗ-ыг өрөө төл гэж шахсан. Тэдний буруу биш шүү дээ. Гэтэл бид төлж чадахгүй байсан. Тэгэхээр нь би  УБТЗ-ын ХНН-ийн Ерөнхий хорооны даргатайгаа зөвшилцөж байгаад вексель бичсэн. Тээврийн орлого сайжрахаар өрөө дөрөв, дөрвөн саяар нь хувааж төлье гэж “Жаст”-ын хувьцаа эзэмшигч “Хадгаламж” банкинд вексель буюу өрийн бичиг тавьсан. Тэгээд би ажилчдынхаа цалинг тавьсан, ачаа тээврэлэлт нэмэгдсэн учраас “Жаст”-ын өрийг төлөөд дууссан. Хоёр талдаа өр төлсөн, төлбөрөө хүлээж авсан акт ч байгаа. Тэгж байтал “Жаст” дампуурсан. Гэтэл бидний “Жаст”-д бичиж өгсөн вексель “Хадгаламж” банкныхны сейфэнд байж таараад тус банкны тухайн үед байсан активтай хамт Төрийн банк руу шилжсэн. Төрийн банкныхан биднийг өрөө төлөөгүй байна, та нар одоо Төрийн банкинд төл гэсэн. “Жаст”-д төлчихсөн юм чинь бид энэ асуудлаар шүүхэд хандсан. Шүүхээс энэ асуудал УБТЗ болон “Жаст”-ын асуудал байна, тэд өрөө барагдуулсан байна гэж шийдвэр гаргасан. …Гэтэл энийг ойлгохгүй байгаа юм уу, зориуд юмуу шалгаад л, гэр орон, бүх охины минь гэрийг хүртэл нэгжээд л их бүдүүлэг загнасан даа. Харин цагдаад очсны дараа Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн нэг хурандаа шалгасан. Их өндөр боловсролтой залуу байна лээ. Векселийн тухай өөрөө судлаад, МУИС-ийн багш нараас нараас асуугаад бүх зүйлийг хуульд нийцүүлж тулгаад “энэ чинь хэрэг биш байна, та төрийн албан хаагч ч биш юм байна, та вексель бичиж улсыг ч, байгууллагаа ч хохироогоогүй байна” гээд хэрэгсэхгүй болгох санлаа прокурорт өгсөн. Ийм л юм болсон. Би шударга ёс бий гэдэгт итгэж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш итгээд л, сэтгэл зүйн дарамттай ажлаа хийгээд явж байна. Гэтэл сая дахиад дуудлаа. Барина хорино гэснээ маргааш нь болохоор дуудахаар ир гээд явуулж байна. Одоо тэвчээр үнэхээр барагдаж байна. Хүний нэр төр, ажил хэргийн алдар хүнд ийм үнэ цэнэгүй байж болохгүй. Энгийн хүн ч ойлгох их ойлгомжтой зүйлийг зориуд гуйвуулж, 800 сая төгрөгийг 800 сая доллар болгож замаас нь намайг их хэмжээний мөнгө завшсан гэж нийгэмд зарласан…” гээд ярьчихаж байгаа юм.

Гэтэл “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аас “Улаанбаатар төмөр зам” ХНН-т аудит хийхдээ дээрх хүүтэй 4.0 сая ам.долларыг Төрийн банкинд төлөх ёстойг нотлоод 2013 оны 7 сарын 10-ны өдөр  гаргаад ирсэн. Түүнийг нь ч Г.Сэрээнэндорж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Мөн Монголбанкны Хяналт шалгалтын газар нягтлаад бас л “Төлөх ёстой” гэсэн. Тус газрын захирал Д.Ганбатаас энэ талаар тодруулахад “Хуулийн дагуу үйлдэгдсэн хүчин төгөлдөр векселийн төлбөрийг үл маргах журмаар төлж барагдуулах ёстой. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн бичсэн вексель одоо ч хүчин төгөлдөр байгаа тул төлбөр төлөх үүрэгтэй. Нийгэмлэгийн дарга байсан Г.Сэрээнэндорж “Векселийн төлбөр төлөгдөөд дууссан. Өр төлбөр байхгүй” гэж сонинд ярилцлага  өгсөн байсан. Уншсан. Надад байгаа бодит мэдээллээр нөхцөл байдал өөр байгаа юм. Банкны тайлан  балансад бүртгэлтэй байгаа. Өр төлбөрийн асуудал хаагдсан, шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Одоо ч төлөгдөөгүй хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, “Хадгаламж” банк өөрийн хөрөнгийн дутагдалд орж, зохистой харилцаа алдагдсан учраас Банкны тухай хуулийн дагуу Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр татан буугдсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн банкинд Монголбанкны шийдвэрээр зарим актив, пассив хөрөнгийг шилжүүлсэн. Одоогоор Монголбанкнаас уг асуудалд оролцоо байхгүй. Гэхдээ банкны үйл ажиллагаанд хяналт тавьж байгаагийн хувьд хуулийн дагуу төлөх өр төлбөрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс төлөх үүрэгтэй гэсэн байр суурьтай хэвээр байгаа” гэсэн юм.

Түүнчлэн 2014 оны тавдугаар сарын 29-нд Зам тээврийн сайдын ажлын өрөөнд Төрийн банкинд төлөх “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн векселийн төлбөрийн асуудлаар эрх бүхий талууд уулзаж ярилцсан байдаг. Зам, тээврийн сайд А.Гансүх, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хяналтын хорооны орлогч дарга Ё.Манлайбаяр, ЗТЯ-ны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хянан шалгах комиссын гишүүн Б.Жаргал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар оролцжээ. Хурлын үеэр Г.Сэрээнэндорж “Төлөх ёсгүй” гэсэн ганцхан үгээр хариулт хэлж байв. Баримт материал, мэдээлэл зэргийг сонссон сайд А.Гансүх “Асуудал тодорхой байна. Векселийн төлбөрөө төлөх хэрэгтэй” гэсэн. Энэ хурлаар “Векселийн асуудлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Төрийн банктай маргах ямар ч маргаан байхгүй. Иймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН шүүхээс өргөдлөө татан явч, дахин энэ талаар маргаан үүсгэхгүй байх…”гэсэн шийдэлд хүрэв. Хурлын тэмдэглэлд оролцсон талууд гарын үсэг зурж баталгаажуулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “Санхүүгийнхэн зөвшөөрөхгүй байна” гээд гарын үсэг зураагүй гэж байгаа. Асуудал ингэснээр шийдэгдээгүй тул хоёр сарын дараа буюу наймдугаар сарын 27-нд Зам тээврийн сайд А.Гансүх “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржид Векселийн төлбөрийн тухай “…уулзалтаар шийдвэрлэсний дагуу Төрийн банкинд векселийн төлбөрөө төлж, “Жаст групп” ХХК-аас мөнгөө нэхэмжилж авах талаар арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна” гэсэн албан тоот илгээжээ.

Асуудал ийн үргэлжилж байна. Нэг нь авах ёстой байдаг. Нөгөө нь өгөхгүй гээд гүрийдэг. Хэвлэлд хүртэл тохирчихсон, төлчихсөн гэж яриад байдаг. Эндээс нэг л асуулт гарч ирж байгаа юм. Дээр дурдсанчлан Г.Сэрээнэндоржийн “тал еэвэнгийн үлгэр” үргэлжилсээр байх уу? Монгол Улс хуультай, төртэй билээ, уг нь.


URL:

Сэтгэгдэл бичих