С.Билэгт: Г.Буяндорж “Өр нэхэгдээд хүнд байна, хаалга эвдлээ, туслаач” гэж гуйдаг
“Ноёд Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгттэй ярилцлаа.
-“Ноёд” группын Ерөнхийлөгч гэгдэх Г.Буяндорж та хоёрын маргаан хоёр жил гаруй үргэлжиллээ?
-Цагдаа мөрдөн байцаагаад, прокурор хянаад анхан шатны шүүх гэм буруутай гэдгийг тогтоогоод шийдчихсэн хэрэг шүү дээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 12-ны Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн тогтоолоор иргэн Г.Буяндорж болон түүний хамсаатан нарт ял оноосон. Харин 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүхээс “Нэгдүгээрт,шүүгч процессын алдаа гаргасан байна гэж үзсэн. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 253-ын 1 гэж бичихийг шүүгч шүүхийн тогтоол дээр 153-ын 1 гээд андуураад биччихсэн юм байна лээ. Энэ нь процессын алдаа болдог юм байна. Хоёрдугаарт, хохирогчийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийг иргэний журмаар жичид нь нэхэмжилж авч болно гэдэг шийдвэр анхан шатны шүүхээс гарсан юм. Энэ хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийд гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд буцсан.Хэрэг буцсан шалтгаан бол ерөөсөө л энэ. Үүнээс хойш зургаан удаагийн шүүх хурал хойшлоод байна. Шүүх хурал хойшилж байгаа нь яллагдагч талын өмгөөлөгч нар ээлж дараалан өвдөж, эсвэл хурал давхцах гэсэн шалтгаантай. Ийм энгийн зүйл дээр дөрөөлөөд өөрсдөө гэм буруугүй болж байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж эхлээд байх шиг байна.
-Шүүх хурлыг хойшлуулах хэнд ашигтай юм бэ?
-Шүүх хурал хойшлоно гэдэг надад бол маш хохиролтой. Цаг хугацаа, нэр төр, бизнесийн хувьд хохирсоор байна. Харин яллагдагч нарт хэргийн үнэн мөнийг бүдгэрүүлэх, хохирогч нарыг залхаах, цаг хугацаа хожих гэсэн санаа нуугдаад байна уу гэж би харж байна. Миний хувьд өмгөөлөгч нарын хамт шүүх хуралд тогтмол очдог ч Г.Буяндоржийн зүгээс арга саам хийсээр өдий хүрлээ.
-Г.Буяндоржтой холбоотой өөр хэргүүд яригддаг. Энэ талаар та юу мэдэх вэ?
-Маш олон хэргүүд яригдаж бичигдэж байдаг шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан гээд л. Шүүх, цагдаа, нотариатч нартай холбоотой бичиг баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг зальдсан хэргүүд байгаа байх. Г.Буяндорж 1999 оноос эхлэн олон удаагийн үйлдэлтэй залилангийн хэргээр шүүх цагдаагаар яваад сурчихсан хүн юм билээ.
-Та хоёрын маргаан анх хэвлэлээр гарсан. Аль тал нь хэвлэлд анх хандсан юм бэ?
-Яг үнэндээ хэвлэл захиалан уншиж байснаас нэг ч удаа ярилцлага өгч байгаагүй. Г.Буяндорж тэргүүтэй хүмүүс гэнэт хэвлэлээр гүтгээд эхэлсэн. Эхлээд юу болоод байгааг мэдээгүй учраас намайг гүтгэсэн сайтууд, сонины эзэдтэй уулзсан. Хэвлэлүүд “Намайг гүтгэж байна” гэсэн албан бичиг явуулсан ч хариу өгөөгүй. Г.Буяндоржийн эхнэр Т.Ариунаатай холбоотой хэвлэлүүд нэг талыг барин дайрсан. Дуучин Т.Ариунаа олон жилийн турш хэвлэлүүдийн шинэ жилээр үнэ төлбөргүй дуулдаг юм байна. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг хариуд нь бичиж өгдөг юм болов уу даа.
-Хэвлэлийн дарамт ирсэн хэрэг үү?
-Үнэндээ бол гүтгэгдээд доромжлогдоод ирэхээр хамт олон, үр хүүхэд, найз нөхөд ч шоконд ордог юм билээ. Хууль хяналтынхан ч гэсэн эргэлзсэн, тээнэгэлзсэн байдалд хүртэл орсон болов уу. Хамгийн аймшигтай нь Г.Буяндоржийг залилан мэхлэгч гэдгийг мэдсээр байж хэвлэлийнхэн надаас ямар ч тайлбар аваагүй. Би тайлбар өгье гэж хэвлэлийн газар очиж үзсэн. Өөдөөс “Г.Буяндорж баримт авчирч өгсөн” гэдэг юм билээ. Г.Буяндорж “С.Билэгт, Наранхишиг нар зургаан тэрбум төгрөгийн зээл авах уу” гээд ирсэн. Тэгээд танилцсан” гэдэг байхгүй юу. Яг үнэнийг хэлэхэд Наранхишиг гэдэг хүн байхгүй. Ийм нэрийг Г.Буяндорж өөрөө зохиосон. Энэ талаар хавтаст хэрэгт хангалттай баримт авагдсан байгаа. Зургаан тэрбумын зээл гаргаж өгнө гэсэн асуудал ч огт байхгүй. Ийм их хэмжээний зээл авах гэж байсан бол бичиг баримт бүрдүүлэлт гэж байна биз дээ. Энэ талаар Улсын мөрдөн байцаах газар, прокурорын мөрдөн байцаах газар шалгасан. Хангалттай шалгаад “Ерөөсөө ийм зүйл болоогүй юм байна. Харин Г.Буяндорж С.Билэгтийг хүнд гэмт хэрэгт гүтгэжээ” гэдгийг тогтоосон. Ийм тогтоол шийдвэр гарсаар байтал зарим сэтгүүлч Г.Буяндоржийг өмөөрөөд, зальдуулчихлаа гээд бичээд байдаг. Г.Буяндорж бусдад зальдуулах хүн мөн үү.
-Дуучин Т.Ариунаа нөхрийнхөө талаар нэлээдгүй ярилцлага өгсөн байдаг?
-Тийм ээ. Олонд нэр алдартай сэтгүүлчдэд ярилцлага өгснийг нь би үзсэн, харсан. Тэр хүмүүс дутуу мэдээлэлтэй учраас нэг талыг барьсан мэдээлэл гаргачихав уу даа гэж би боддог. Гэхдээ өнөөдрийг хүртэл маргалдагч хоёр талын нэгээс нь ярилцлага авч болсон юм чинь нөгөө талын байр суурийг нь асуух болов уу гэж бас хүлээдэг.
-Дуучин Т.Ариунаа “С.Билэгт манай компанийн ажилтан байсан” гэх утгатай ярилцлага өгсөн байна лээ?
-Би дуучин Т.Ариунаатай уулзаж байсангүй. Харин түүнд удаа дараа тусалж байсан. Юу гэхээр, Г.Буяндорж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан гэр битүүмжлэх гээд байна.Хаалга эвдэх гээд байна. Ариукагийн зүрх өвдөөд сандраад байна” гэсэн учир зовлон тоочсон, мөнгөн тусламж гуйдаг юм. Үүнийх нь хариуд би нэг удаа хоёр ажилтнаа явуулаад 60 сая төгрөг бэлнээр өгүүлж, тэдний хаалга үүдийг эвдэхээс аварч байлаа. Мөн одоо Т.Ариунаагийн унаж байгаа 7878 дугаартай улаан машины үлдэгдэл төлбөр нэхэгдээд баларч байхад нь бас л 10.000 доллар зээлүүлж байлаа. Тэр мөнгө одоо болтол хоорондын тооцоо болон хуулийн байгууллага дээр яригдсаар л байгаа гэх жишээтэй. Энэ бол хамгийн наад захын баримт.
-“Өдрийн сонин” дээр “Хуулийнхан “бай”-гаа оносон уу” гэсэн нийтлэл гарсан?
-Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг л яваад байна даа. “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Отгонжаргал шүүхээр ороод гүтгэлэг гэдэг нь тогтоогдсон “зохиолоор” нийтлэл бичиж танай дээр гаргасан байна лээ.Урьд нь энэ “зохиолыг” Г.Буяндорж бичиж, С.Баттулга тараагаад шүүхээр ял сонсчихсон шүү дээ. Харин үүн дээр нэмж хэлэхэд, энэхүү нийтлэлийг chuhal.mn сайт дээр тавихдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийг олоод тавьсан байсан. Энэ бол хэрэг хийсэн гэсэн баримт биш. Хуулийн байгууллагад хэн ч ямар ч өргөдөл гаргаж болно. Харин нөгөө талаас энэ өргөдөл хэрхэн шийдэгдсэн бэ гэдгийг нь олоод хамтад нь нийтэлсэн бол хэвлэл мэдээллийн тэнцвэртэй байдлыг харуулах байлаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэрийнхэн цагдаад гаргасан өргөдлөө нотолж чадалгүй унасан л байхгүй юу. Үүнийг нь орхиод зөвхөн өргөдөл нийтэлж байх жишээтэй.
-Тэр нийтлэлээс харахад, Г.Буяндорж биш эргээд та буруутаж байгаа үйл явдал болж байгаа мэт өнцгөөс бичсэн байна л даа?
-Та анзаарсан бол нийтлэл дунд “Хэрэг бишидлээ” гэсэн үг бий. Энэ утга санаа анх удаа Г.Буяндоржоос гарч байгаа зүйл биш. Өмнө нь миний талаар ямар нэгэн мэдээ яваад эхлэхээр цагдаа дээр ор үндэсгүй зүйлээр гомдол гаргадаг ч юмуу, Г.Буяндорж миний эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлчихсэн байдаг. Жишээлбэл, надад эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн мэдээ жилийн өмнө хэвлэлд гараад ирдэг юм. Тийм зүйл байхгүй учраас хариу мэдэгдэл хийхэд Баянзүрх дүүрэг дээр бүр хоёр сарын өмнө гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсгээд дарчихсан байх жишээтэй.Тэрнийх нь учрыг олох гээд араас нь явна. Хэдийгээр шальтай юм болохгүй ч цаг хугацаа, нэр төрөөрөө би бас л хохирч байгаа юм. Магадгүй “хэрэг бишидлээ” гэсэн үгний цаана хууль хяналтын байгууллагын зарим ажилтантай үгсэн хуйвалдаад миний эсрэг ямар нэгэн зүйл хийгээд явж байгааг үгүйсгэх аргагүй.
-Танд ингэж хардах үндэслэл байна уу?
-Энэ бол хардлага биш ээ. Урьд нь Г.Буяндорж эхнэртэйгээ хамт өөрийнхөө шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотой ажиллаж байгаа томоохон хуулийн ажилтнуудтай ууж наргиж, эхнэр нь дуулж өгсний хүчинд хэргээ нэг удаа хэрэгсэхгүй болгож байсан юм. Одоо ч гэсэн нэр бүхий прокурорын ажилтан улаан цайм хүн хартай уулзаад Г.Буяндоржийг “аврах төлөвлөгөө” яриад явна гэсэн. Шүүх цагдаад нөлөөлөх гэж янз бүрээр л үзэх юм. Эхнэр Т.Ариунаа нь улс төрч нартай нөхрийнхөө асуудлаар уулзаад яваад л байгаа. Яг үнэн хэрэгтээ энэ хэрэгт Т.Ариунаа бас оролцсон байдаг юм шүү дээ. Адилхан эмэгтэй хүн учраас би энэ асуудлыг дэлгээд байдаггүй л дээ.
-Сэтгүүлч Д.Отгонжаргал баримт дэлгэлээ гэсэн байдаг?
-Хэргийн оролцогч биш Д.Отгонжаргал хавтаст хэрэгт авагдсан материалаас гаргасан юм шиг байна лээ. Шүүх хурал дээр Г.Буяндорж, С.Баттулга нарын өөрийгөө өмөөрч хэлсэн мэдүүлгийг цагаан дээр хараар буусан баримт гэж үзсэн бололтой юм.Ямар ч хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Харин сэтгүүлч үнэхээр үнэний өнцгөөс бичье гэж бодсон бол хоёр талын баримтыг судалж үзэх хэрэгтэй байсан юм. Шүүх хурал дээр миний ярьсан зүйл, гаргаж тавьсан баримтаас яагаад дурьдсангүй вэ. Энэ ч бас л цагаан дээр хараар буусан баримт шүү дээ.
-Гүтгэлэг гэдэг нь тогтоогдоод байхад дахин дахин бичээд байдгийн учир…?
-Сэтгүүлч гүтгэлэг гэдгийг мэдсээр байж бичээд байна уу, эсвэл төөрөгдөж бичээд байна уу гэдэг нь чухал байдаг. Г.Буяндоржийн тухайд өөрийн зохиосон гүтгэлгээ аль болох олонд хүнд хүргэх, итгэл үнэмшил төрүүлэхийн тулд хэвлэл мэдээллийг ашигладаг. Өмнө нь нэр бүхий хэвлэлүүдэд тавигдаад,гүтгэлэг гэдэг нь тогтоогдож миний бие шүүхээр нэр төрөө сэргээлгэсэн нийтлэлийн агуулгыг дахин дахин гаргаж тавьж бичээд байна. Гүтгэлгийг зогсоох арга зам бол хууль хяналтын байгууллагад хандах явдал юм билээ. Нэг сэдвээр хоёр удаа гүтгэлэг тараасан “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Отгонжаргалыг хуулийн байгуулллагад өгнө гэдгээ хуульч маань хэлсэн. Бусдын тараасан гүтгэлгийг “үнэн” болгох гэж улайрч байгаа сэтгүүлчийг зогсоох арга бол ердөө хууль хяналтын хууль байгуулллагад хандаж үнэн зөвөө тогтоолгох явдал юм билээ.
-Олон нийтэд та гомдол гаргаад байгаа мэт харагдах боловч Г.Буяндорж таныг маш олон удаа шалгуулсан юм билээ?
-Намайг нийтдээ 15 удаа хууль хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулсан байдаг юм. Улаанбаатарын дөрвөн дүүрэг, Улсын мөрдөн байцаах газар, АТГ, татварын Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн шүүх, цагдаад өгсөн байдаг. Г.Буяндоржийн гомдлыг шалгаад хэрэгсэхгүй болгонгуут хамтран яллагдагч ах дүү нар болох Батжаргал, Дамдиндорж, Ууганбаярынхаа нэрээр гомдол гарган шалгуулдаг, цаг хугацаа хождог. Жишээ нь гэхэд, Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаад өгч Эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байх жишээтэй. Би нэг ч удаа Сэлэнгэ аймагт очиж үзээгүй хүн. Энэ хэргийн араас явахад хяналтын прокурор хүн оролцсон байдаг.
-Өнөөдрийн сонинд таньтай холбоотой хэрэг сэргээсэн, шалгаж байна гэсэн мэдээлэл гарах юм?
-“Өдрийн сонин” дээр дүүргийн нэгдүгээр прокурорын газар хэрэг сэргээн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа гэж бичсэн байна лээ. Үнэхээр тавдугаар сараас хэрэг шалгаж байгаа бол өнөөдрийг хүртэл надад яагаад мэдэгдсэнгүй вэ.Одоогоор Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар нь бүтцийн өөрчлөлтөнд ороод татан буугдсан юм байна. Тийм учраас манай хуульч нар хаана, хэзээ, ямар хэргийг шалгаж байгаа, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар хэн гэдэг албан хаагч дээр шалгаж байгаа талаар лавлагаа авахаар зохих газарт хандаж байна. Удахгүй хариу нь тодорхой болох биз. Г.Буяндорж нь хуулийн байгууллагын зарим нэг эрх мэдэл бүхий хүний албан тушаалыг ашиглан нууц хуйвалдаан зохион байгуулснаа хэвлэл мэдээллээр шуугиан болгон зарладаг. Хэвлэлээс бид хуулийн байгууллага дээр миний эсрэг явагдаж байгаа үйл явдлын талаар мэдээллээ авч түүний араас тодруулахаар явдаг болохын нэг жишээ давтагдаж байгаа байлгүй дээ.
У.Болд
Эх сурвалж: www.breakingnews.mn
URL: