С.Чинзориг:Цалингийн зөрүү, амралтын өдрийг хуульчилна
Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.
Та Женев хотноо зохиогдсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хуралд оролцоод ирлээ.Явсан газрын сониноосоо сонирхуулахгүй юу?
-Женев хотноо Олон улсын хөдөлмөрийн байгууллагын чуулган жил бүр болдог. Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 104 дүгээр чуулган зохион байгуулагдаж, уламжлал ёсоор Засгийн газар, эзэд, үйлдвэрчний байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой үг хэлсэн. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай Райдер, Монголыг хариуцсан Ази Номхон далайн бүсийн захиралтай уулзлаа. Энэ удаагийн чуулганаар албан бус хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөж хэлэлцсэн. Тиймээс чуулган дээр хэлсэн үгэндээ албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар манай Засгийн газраас баримталж буй бодлогын талаар ярьсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал, бүсийн захирал нартай уулзахдаа хэд хэдэн асуудлыг хөндсөн гэж болно.Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Ер нь хууль батлагдсаны дараа мэргэжлийн зөвлөмж өгч ажиллах талаар санал солилцсон. Мөн гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль боловсруулахаар ажиллаж байгаа. Эдгээр хуулийг боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалахыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын захиралд санал тавьж, энэ чиглэлд хамтран ажиллах шийдэлд хүрсэн.
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Мэдээж улс орны нөхцөлбайдал өөрчлөгдөж байгаатай холбоотой одоогийн хуульдаа салхи оруулах шаардлагатайг хэн хүнгүй хэлжбайгаа. Хуульд орсон гол өөрчлөлтүүд гэвэл юуг онцлох бол?
-1998 онд Хөдөлмөрийн хууль батлагдсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа бага зэргийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн байдаг. 1998 онд Хөдөлмөрийн хууль батлагдахад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өөр байсан. Тиймээс өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, өмчийн олон төрөл, хувийн хэвшил бүрдээд явж байгаа ийм үед Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Нийтдээ Хөдөлмөрийн хуулийн 25 заалт хэвээр мөрдөгдөхөөр, харин 26 заалтыг шинээр нэмж оруулж байгаа. Юуны өмнө хамрах хүрээг нь өргөжүүлсөн. Тэр дундаа, албан бус хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, малчдын асуудал Хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаггүй. Тиймээс эдгээр хүмүүстэй холбоотой асуудал энэ хуулиар зохицуулагдахаар байгаа. Мөн хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг шүүхээр шийддэг. Гэвч хууль, шүүхийн байгууллагаар явахад чирэгдэл ихтэй, цаг их зарцуулдаг. Иймд хөдөлмөрийн маргааныг шүүхэд шилжүүлэхгүйгээр гурван талаараа асуудлыг ярьж шийддэг байх чиглэлээр өөрчлөлт оруулсан.
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, тэр хэрээр энэ салбарын ажилчдын хөдөлмөрийнхарилцаатай холбоотой асуудал үүсэх болсон. Энэ талаар хуульд ямар зохицуулалт орсон бэ?
-Уул уурхайн салбар хөгжсөнтэй холбоотой гэрээсээ алслагдмал газар ажиллаж байгаа ажилтнуудын ажил амралтын цагийг одоогийн хууль зохицуулж чадахгүй байгаа. Оюутолгойд ажиллаж байгаа ажилчид 28 хоног ажиллаад 14 хоног амардаг. “Алтайн хүдэр” компанийн ажилчид 41 хоног ажиллаад 21 хоног амардаг байх жишээтэй. Гэрээсээ алслагдмал газар ажиллаж байгаа ажилтнуудын ажил амралтын цагийг нэгдсэн горимд оруулж зохицуулах шаардлага бий. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниуд хүний нөөцийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан гэрээний үндсэн дээр ажилчдыг ажилд авах үйл ажиллагааг гүйцэтгүүлдэг. Энэ асуудал одоогийн мөрдөж байгаа хуулиар зохицуулагддаггүй. Тиймээс нэгэнт Монголд ийм харилцаа бий болсон учраас ажиллагсдын 30 хүртэлх хувийг хүний нөөцийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэдэг чиглэлээр хуульд өөрчлөлт оруулсан. Ялангуяа, уул уурхайн салбарт ажиллаж байгаа Монгол ажилчдын цалингийн хэмжээ гадаадын ажилчдаас зөрүүтэй байдаг. Тиймээс адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин хөлс өгдөг байх зохицуулалт бий. Ажилчид ур чадвараасаа хамаараад мэргэжлийн зэрэг авдаг үндэсний тогтолцоотой болох. Зэргээсээ хамаараад ялгамжтай цалин авдаг байх асуудал ч хуулийн төсөлд шинээр орсон.
-Амралтын 15 хоногийг 20 болгохоор хуульд тусгасан гэсэн?
-Бусад оронтой харьцуулахад хамгийн цөөн ээлжийн амралтын үндсэн хоногтой улс нь манайх байдаг. Одоогийн Хөдөлмөрийн хуулиар ажилтны ээлжийн амралтын үндсэн хоног 15. Тиймээс үүнийг 20 болгож нэмэгдүүлж байгаа. Дээрээс нь тухайн байгууллагад ажилласан жилээс хамаараад хэдэн хоногийн нэмэгдэл өгөхийг дотоод журмаараа зохицуулдаг байх уян хатан зохицуулалт орсон. Түүнчлэн одоогийн хуулиар хүүхэд төрүүлсэн ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл нь харах чөлөө авч болдог. Гэвч тэр хугацаанд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нь тасрах зэргээр ээжүүд хохирох нь бий. Тиймээс хүүхэд төрүүлсэн ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөө авбал энэ хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг нь таслахгүй байх үүднээс ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхөөр хуульчилж байгаа. Залуучууд оюутнуудтай холбоотой буюу цагийн ажлын хөлсийг нэмэгдүүлэх өөрчлөлт ч орсон. Цагаар ажиллаж байгаа бол ажилласан цагийнхаа хөлсийг тухай бүр нь авдаг байх тогтолцоог хийж байна. Оюутнуудын хувьд хичээл, сургуульд нь саад болохгүйгээр өдөрт дөрвөн цагаас илүүгүй цагаар хөдөлмөрлөх эрхийг нь зөвшөөрсөн өөрчлөлтүүд хуульд туссан.
-Малчдын тухайд ямар зохицуулалт хийж байгаа бол?
-Малчид тэр дундаа олон малтай малчид туслах малчныг гэрээгээр ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, авч ажиллуулж байгаа малчид ажлын хөлсийг нь 100 хувь бэлэн мөнгөөр биш 30 хүртэлх хувийг нь бүтээгдэхүүнээр төлж болдог байхаар хуульчилж байгаа зэрэг олон шинэ заалтыг дурдаж болно.
-МСҮТ-ийг чадавхижуулах болон төгссөн төгсөгчдийг эргээд ажлын байраар хангах тухайд салбарыняамнаас ямар ажлууд хийж байна вэ?
-Бид Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Юуны өмнө мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг бүсчлэн төрөлжүүлэн хөгжүүлэх нь зөв гэсэн бодлого, чиглэлтэй байгаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Азийн хөгжлийн банктай хамтран хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг нэмэгдүүлэх нь гэсэн 25 сая ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд хөдөө аж ахуй, барилга, замын чиглэлээр сургалт явуулдаг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын материаллаг бааз, сургалтын болоод дадлагын тоног төхөөрөмжийг нь бэхжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Ний нуугүй хэлэхэд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад хоёр жил суралцаж төгсөөд тодорхой хэмжээний ур чадвартай болсон залуучууд маань ажлын байр олдохгүй байна гэдэг нэрээр ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг асуудал бий. Бидний гаргасан судалгаагаар МСҮТ-ийг төгсөж байгаа хүүхдүүдийн 35 орчим хувь нь ажлын байр олдохгүй хэмээн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа тоо гарсан. Тиймээс энэ оноос эхлээд их дээд сургууль, МСҮТ-ийг төгсөж байгаа залуучуудыг өөртөө бий болгосон ур чадварынхаа дагуу өөрөө өөрийгөө ажлын байртай болгоход нь шаардлагатай байгаа жижиг зээлийг нь олгодог байх. Мөн ажил үйлчилгээ явуулах, хувиараа аж ахуй эрхлэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмжийг нь урт хугацаатай лизингээр олгодог төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тодорхой хэмжээгээр мөнгөө зарцуулаад хоёр жил МСҮТ-д сурсан залуучууд маань өөрөө өөртөө ажлын байр бий болгоод байнгын ажлын байртай болох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
-Тэгвэл ажилгүйдлийг бууруулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих тухайд ямар бодлого барьжбайна вэ?
-Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотой бүтцийн өөрчлөлт хийж жижиг, дунд үйлдвэрийн бодлого, сангийн асуудал Аж үйлдвэрийн яам руу шилжсэн. Энэ тийм ч оновчтой бүтэц биш гэж хувьдаа үздэг. Жижиг, дунд үйлдвэр, хувиараа аж ахуй эрхлэгч гэдэг нэг ойлголт. Аж үйлдвэрийн бодлого гэдэг бас өөр ойлголт. Тиймээс Аж үйлдвэрийн сайдтай ярьж байгаа. Ер нь жижиг, дунд үйлдвэрийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, аж үйлдвэртэй холбоотой асуудлыг Аж үйлдвэрийн яам хариуцдаг болох. Хувиараа өрхийн аж ахуй эрхлэх, хоршоолол, нөхөрлөл эрхлэн өөрөө өртөө ажлын байр бий болгох эдгээр асуудал Аж үйлдвэрийн яамны бодлогын асуудал биш. Энэ бол Хөдөлмөрийн яаманд хамаатай асуудал учраас Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд буцааж оруулъя гэж санал дэвшүүлсэн. Энэ тухай Аж үйлдвэрийн сайдтай яриад урьдчилсан байдлаар санал нэгдэж байгаа. Хувиараа болон өрхийн аж ахуй эрхэлж байгаа иргэдэд жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал тулгардаг. Бид Сангийн яам, Төрийн банктай хамтраад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа хувиараа аж ахуй, хоршоолол эрхэлж байгаа иргэдэд жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой нэг томоохон арга хэмжээ авсан.Юу гэхээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл авч байгаа аж ахуйн нэгж, иргэнд тухайн зээлийнх нь 80 хувьд нь Төрийн банк батлан даалт гаргадаг журам боловсруулаад өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжээд явж байна. Журам хэрэгжсэнээр энэ сангаас жижиг зээл авч байгаа аж ахуйн нэгж, байгууллага иргэн авч байгаа зээлийнхээ 80 хүртэлх хувьд нь өөрөө хөрөнгийн батлан даалт гаргахгүй, харин Төрийн банк тусгай сангаас батлан даалт гаргаад явна гэсэн үг. Ингэснээр өөрөө өөртөө ажлын байр бий болгох, тогтмол орлоготой байх, ажлын байраа хадгалахад тодорхой хэмжээгээр дэмжлэг болно.
-Шийдлийн Засгийн газар байгуулагдаад хагас жил боллоо. Засгийн газрын нэг бүрэлдэхүүн болжбайгаагийн хувьд энэ хугацаанд үр дүнтэй ажиллаж чадав уу?
-Засгийн газрын гишүүд өөр өөрсдөдөө үнэлэлт, дүгнэлт өгөх нь зохимжгүй. Тиймээс Засгийн газрыг байгуулсан парламент нь дүгнэнэ. Нөгөө талаасаа үнэхээр амлалтаа биелүүлж чадаж байгаа эсэхийг иргэд дүгнэх байх. Миний хувьд өөрийнхөө бодож байгаагаа хийж хэрэгжүүлье гэсэн бүхий л ажлаа хийхийн төлөө ажиллаж байгаа. Ер нь Засгийн газар шинэчлэлийн гэнэ үү, шийдлийн гэнэ үү оноосон нэр байх нь зохимжгүй гэж хувьдаа үздэг. Үнэхээр шинэчлэлийн эсвэл шийдлийн Засгийн газар байж чадсан үгүйг бид өөрсдөдөө нэр өгөх биш олон түмэн, сонгогчид ажлынх нь үр дүнгээр дүгнэдэг байх нь зүйтэй болов уу. Засгийн газарт ороод ажилласных иргэдийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой тодорхой зүйл хийхээр ажиллаж байна. Ялангуяа, тодорхой хэмжээгээр эдийн засгийн хямралд илүүтэй нэрвэгдэж байгаа орлого багатай хэсгийн цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх байр суурьтай байгаа. Үүнийгээ Засгийн газарт удаа дараа оруулаад хэлэлцүүлсэн. Нөгөө талаасаа хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж буй нийт ажилчдын орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Гишүүдээс гарсан саналыг үндэслээд эцэслэн Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх чиглэл өгсөн. Энэ хууль батлагдвал хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлого сард дунджаар 12 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой.
-Та 2016 оны сонгуульд нэр дэвших бодолтой байна уу. Тэр дундаа Өвөрхангайн тойрогт дахин нэр дэвшихүү?
-Ерөнхийлөгч нь шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэхтэй холбоотой сайдад нарт нэр дэвшиж байгаа хүмүүстэй уулзсан. Энэ үеэрээ та нар сонгуульд нэр дэвшинэ гэсэн бодолгүйгээр өмнөх ажлаа хий гэсэн үүрэг өгсөн. Тиймээс одоогоор сонгуульд нэр дэвшинэ гэсэн бодол алга. Нөгөө талаасаа Сонгуулийн хууль ямар байх нь тодорхойгүй, таамаг төдий байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчид юу гэж үзэх нь үү. Чи нэр дэвш, үнэхээр биднийг төлөөлөөд төрд ажиллаж чадах ёстой, бид дэмжинэ гэвэл би үгүй гэж татгалзаад байх юм байхгүй. Ер нь өмнөх сонгуулиар Өвөрхангайн иргэд биднийг дэмжиж үнэмлэхүй ялалт өгсөн. Энэ сонголтоо дахин баталгаажуулах шаардлагатай ч юм болов уу гэсэн бодол байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: