Д.Хаянхярваа: АН сонгуулиар амласан үйлдвэрүүдээ барих хэрэгтэй
УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүрт зохион байгуулдаг мэдээллийн “Морин цаг”-т УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа оролцож, 2012 оны сонгуулиар мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж цаасан дээр буулгасан аж үйлдвэрийн бодлого, зорилт, амлалтаа хэрэгжүүлэхийг АН-аас шаардлаа.
2012 онд АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө кокс, зэс, төмөрлөг, нүүрс шингэрүүлэх, газрын тос боловсруулах, барилгын материал, арьс шир, мах, сүү, цөцгийн тосны үйлдвэр, аж үйлдвэрийн парк, ноолуурын үйлдвэр технологийн парк, оёмол бүтээгдэхүүн-дизаины парк гэх мэт 50 гаруй үйлдвэрийг 2016 он гэхэд барьж ашиглалтад оруулна гэж амласан. Мөн Засгийн газар 2012 онд үйл ажиллагааны хөтөлбөртөө төмөрлөгийн цогц үйлдвэр, хүдэр баяжуулах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн паркийг барьж ашиглалтад оруулна гэж тусгасан ч өнөөдрийн байдлаар нэг ч үйлдвэр баригдаагүй байгаа аж. Тэрээр “Гурван жил өнгөрөөд байхад сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан үйлдвэрүүдээ барьж ашиглалтад оруулах боломж АН-д хангалттай байсан. Тухайлбал, гаднаас авсан их хэмжээний зээл, “Чингис” бондыг дурдаж болно. АН-ынхан “Чингис” бондын хөрөнгийг үйлдвэрлэлд ихээхэн зарцуулсан гэж ярьдаг. Гэтэл бондоос зарцуулсан ажлыг нь авч үзэхэд Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Арьс шир боловсруулах үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинатад тодорхой хэмжээний хөрөнгө олгосон байдаг. Харин үүнээс өөрөөр “Чингис” бондын хөрөнгөөс үйлдвэрлэлд бодитой зарцуулсан зүйл байхгүй” гэлээ. Тиймээс үлдэж буй хугацаанд ард түмэнд амласан үйлдвэрүүдээ барихыг АН-аас шаардлаа.
Чөлөөт бүс, үйлдвэрлэлийн паркуудыг цэгцлэх ёстой
Мөн тэрээр чөлөөт бүс, аж үйлдвэрүүдийн паркийн бодлогыг цэгцлэх цаг болсныг сануулж, тоо баримт дурдлаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор”, “Сайншанд”, “Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлах үйлдвэр”, “Багануурын нүүрс-химийн үйлдвэрлэл”, “Чойрын металл боловсруулах”, “Дорнод”, “Өмнөд бүс”, “Багануур”, Дархан, Сэлэнгийн бүсэд шинжлэх ухаан, технологийн парк, тулгуур хот бүрт үйлдвэрлэл, технологийн парк, Улаанбаатар хотод ноолуурын үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар яригдаж байгаа ч аль нь ч ажил хэрэг болж чадаагүй байна. Үүнээс “Сайншанд” үйлдвэрлэл, технологийн паркад 7.9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Монгол Улс сүүлийн 12 жилд чөлөөт бүс байгуулахад төсвөөс 35.5 тэрбум төгрөг гаргасан. Тухайлбал, Цагааннуурын чөлөөт бүсэд 3.9 тэрбум, Алтанбулаг чөлөөт бүсэд 21.7 тэрбум, Чойр чөлөөт бүсэд 1.8 тэрбум, Замын-Үүд чөлөөт бүсэд 8.1 тэрбум төгрөг тус бүр зарцуулсан аж. Хэдий ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан ч үр дүн нь хангалтгүй, жинхэнэ утгаараа ажиллаж байгаа чөлөөт бүс байхгүй байна. Чөлөөт бүсүүд ийм байдалтай байхад дахин Халх голын чөлөөт бүс байгуулах тухай асуудал Засгийн газар дээр яригдаж байна. Иймд чөлөөт бүс нэртэй ч жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байгаа чөлөөт бүсүүдийг цэгцэлж, намуудын мөрийн хөтөлбөрт хяналт тавьж дүгнэдэг тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байр сууриа илэрхийллээ. Цаашид нэг чөлөөт бүс, үйлдвэрлэлийн паркийг бодитойгоор ажил хэрэг болгосны дараа бусдыг нь ээлж дараалан ярих ёстой. Одоогийнх шиг хэрэгжихгүй байгаа олон чөлөөт бүс, үйлдвэрлэлийн парк байгуулах нэрийдлээр төсвийн мөнгийг замбараагүй зарцуулж болохгүй гэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bair alga bolgoson Khayanhyarvaa yu geed baigaa yum be..
ene durak jaahan dutaj amidarval zugeer bainaa. tanai namiinhan mongoliig aziin bar bolgoh shahaa biz dee