УРИАЛГА
Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Цөлжилтөд нэрвэгдсэн, газрын доройтолд өртөмтгий хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ бүс нутагт 1,5 тэрбум орчимхүн оршин сууж байна. Цөлжилт, газрын доройтол нь тухайн бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй бөгөөд үүнээс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрч байна. Хуурай, гандуу бүс нутгийн ард иргэд хүнсний хомсдолд орох магадлал өндөр бөгөөд үүнээс үүдэн дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөх, нийлүүлэлт багасах аюул тулгарах эрсдэлтэй юм.
Манай орны хувьд ч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан цөлжилт, хөрсний доройтол тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газраас гаргасан тодорхойлолтоор манай орны нийт газар нутгийн 90 орчим хувь нь газрын доройтол, цөлжилтийн аюулд өртөх эмзэг бүс нутагт хамаарагддаг. Байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн талхлагдал газрын доройтолд хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Мөн Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг анх удаа батлан хэрэгжүүлж байна.
“Газрын хөрс бол үнэгүй зүйл биш. Эрүүл хөрсөнд хөрөнгө оруулцгаая” гэсэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 2015 оны уриаг хэрэгжүүлж, цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэхийг Та бүхэнд хандан уриалж байна.
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
URL: