Идей байхад идэх хүн ямагт олдоно
Оюутолгойгоор эхэлж, Тавантолгойгоор үргэлжилж, Гацууртаар өрнөж буй улстөрчдийн сэдэв арай өөр тийшээ хазайж эхэллээ. Тэр нь эдийн засгийн хямрал, уул уурхай, барилга байшинтай холбоогүй л дээ. Харин хаанаараа овоглож олон улсаас зээлсэн “Чингис бонд”-той холбоотой. Онцлох сэдэвгүй бол улс төр сонирхолгүй болдогтой адил улстөрчид энэ удаад“Чингис бонд”-ыг онилж, олон нийтийн хараанд оруулж ирж байгаа бололтой. Эхлээд улсаараа өр тавьж, хаанаараа овоглосон “Чингис” бондыг босгож байсан цаг үеийг эргэн санъя. 1.5 тэрбум ам.доллар Монголын дансанд орж ирсэн 2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн гурван гишүүн, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүтэй холбогдох албаныхан Ерөнхийлөгчийн өрөөнд цуглаж бондын хөрөнгийг юунд зарцуулахаа ярилцаж байлаа.
Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Чингис” бондыг арилжаалж олсон мөнгийг эргэн төлөгдөх санхүүжилттэй үйлдвэрлэл, дэд бүтцийн чухал объектуудыг санхүүжүүлэх учиртайг холбогдох хүмүүст нь уламжилж байв. Мөн төсвийн цоорхойг нөхөх, төсвийн урсгал зардал нөхөх, ялангуяа нийгмийн халамжид үүнийг зарцуулахгүй гэдгийг анхааруулсан. Үүнээс гадна аливаа төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн зөвхөн гуравны нэгийг бондын хөрөнгөөс санхүүжүүлэх ҮАБЗ-ийн зөвлөмж гаргасныг албаныханд дуулгасан байдаг. Нэг үгээр хэлбэл, нэг ам.долларыг бондын хөрөнгөөс, хоёр ам.долларыг бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч сануулсан нь энэ юм.
Улмаар “Чингис” бондын хөрөнгийг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газраас боловсруулсан төслүүдэд хуваарилж санхүүжүүлж эхэлсэн билээ. Эндээс хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн салбарын нэг нь авто зам. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 2500 км авто зам барьснаас, зөвхөн зургаан аймгийг нийслэлтэй холбоход улсын төсөв, “Чингис” бонд, гадаадын зээл тусламжийн Хөрөнгө оруулалтаар нийтдээ 450 тэрбум төгрөг, 59.2 сая ам.долларын төсөвт өртгийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Эндээс зургаан аймгийг нийслэлтэй холбохоор барьсан зам нь 1162.2 км аж. Үр дүнд нь олон хоног дамнан шороон замаар туучиж нийслэл болон аймгийн төвийг зорьдог байсныг халж бараг өдөртөө шахуу хатуу хучилттай замаар давхиад хүрдэг болсон. Нийслэлд гэхэд “Гудамж” төслийг хэрэгжүүлж нийслэлийн түтжрэл ихтэй 33 уулзварын нэвтрэх чадварыг сайжруулж, дөрвөн замын уулзвартай болгож эхэлсэн. Ялгаатай нь, ойролцоох гудамж талбай, явган хүний замыг давхар тохижуулсан нь түгжрэлийг сайруулаад зогсохгүй, хотын өнгө үзэмжийг сайжруулсан нь бидний өмнө бэлээхэн харагдаж байна.
“Чингис” бондын хөрөнгийг дан ганц автозамд зарцуулсан уу гэвэл үгүй. Өмнөх Засгийн газрын үед санаачилсан “888” төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлээс эхлүүлээд импортын бүтээгдэхүүнийг орлох, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгоход шаардлагатай үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ, Дархан аймагт хийсэн томилолтын үеэрээ бондын хөрөнгөөс “бойжсон” хэд хэдэн төсөл хөтөлбөрийн явцтай таницлсан. Ямар ч байсан бондоос мөнгө авчихаад ажлаа эхлүүлээгүй, шамшигдуулсан гэж сонсогдоогүй. Харин ч бондоос авсан зээлийн хүрээнд үйлдвэрлэлээ өргөжүүлсэн басчхүү ажлын байр шинээр бий болгосон мэдээ дуулдсан. Мэдээж бондын зарцуулалттай холбоотой зарим хуулиас гажуудсан бас бус зүйл байгаа л байх. Төсөлтэй холбоотой шүүмжлэлүүд өнөөдрийг хүртэл хуучраагүй байна. Гээнэдээ ч, гоонодоо ч бий л байх. Гэхдээ үр ашиггүй зарцуулсан гэж хашгирахаа түр азнаад үр дүнг нь эхлээд ярих нь чухал. Үнэхээр хуулиас гажсан, үр дүнгүй зарцуулсан бол бүгдээрээ сууж байгаад хэлэлцэх нь энэ парламентад, хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцох эрх зүйн тогтолцоо нь манайд бий шүү дээ. Гагцхүү хуулиас давсныг нь хазаарлаж, ажлаа эхлүүлээд түрүүчээсээ үр дүнг нь үзэж эхэлсэн төслүүдийг үргэлжлүүлэн дэмжих нь өнөөдрийн хувьд бидэнд чухал байна.
Нэг үеэ бодвол монголчууд хийж, бүтээж чаддаг болсон байна. Нэгэн цагт импортын баглаа боодлоос тушаатай байсан бол өнөөдөр эх орондоо үйлдвэрлэж экспортлох хэмжээнд хүрсэн “Эко Пак Монгол” компанийн жишээ байна. “Чингис” бондын хөрөнгөөс 6.2 тэрбум төгрөгийн зээл авсан тус компанийнхан хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлж, хаягдал цаас дахин боловсруулах анхны үйлдвэрийг байгуулж, туршилтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байгаа. Өдгөө тус компанид 30 гаруй нэр төрлийн 4.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гаргахад бэлэн болжээ. Мэдээж энэ бол “Чингис” бондын “бойжсон” төслүүдийн үр дүнгийн нэгээхэн хэсэг.
“Чингис” бонд Монголын дансанд орж ирсэн 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн салбарт 948.9 тэрбум, уул уурхайн салбарт 550 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгожээ. Үйлдвэрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын дийлэнхийг импортын бүтээгдэхүүнийг орлох чиглэлд зарцуулсан гэх мэдээллийг албаныхан өгч байна. Жишээ нь, ноос, ноолуур, арьс ширний зах зээлд шинэ тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор байгуулсан Хөдөө аж ахуйн биржийг дурдаж болох юм. Энэ биржийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд нэг их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ. Үр дүнд нь орон нутагт тогтсон бичигдээгүй хууль гэгддэг түүхий эдийн дамын наймаа зогсоож, үнийн огцом өөрчлөлт гарахгүй байгаа зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Мэдээж энэ бол сайн мэдээ. Магадгүй 50 сая малтай атлаа түүнээс гарч байгаа баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээж чадалгүй нэгэн жарны турш урд хөрш рүүгээ зөөсөн монголчууд өөрсдийн боломжоор өрсөлдөхийн эхлэл нь Хөдөө аж ахуйн бирж байж болох юм.
Одоо бол МАН-ынхан “Чингис” бондын хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан хэмээн ярьж байгаа. Бүр бондын хөрөнгөөс мөнгө зувчуулсан хүмүүсээ Эдийн засгийн өршөөлөөр халхавчлан уснаас хуурай гаргах нь хэмээн энэ хуулийн төсөлд бойкот хийж буй. Харин эрх баригч АН-ынхан тэднийг сөрж, энэ байдалтайгаа цааш үргэлжилбэл хууль хяналтын байгууллагад хандахаа илэрхийлэв. Мэдээж бондын зарцуулалтыг ил болгох нь зүйн хэрэг. Улсаа барьцаалан байж авсан бондын санхүүжилт орж ирсэн өдөр л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд, дарга нарыг дуудаж уулзахдаа аль нэг нам, эвслээрээ талцаж бус хүн бүр хариуцлагатай байхыг сануулж байлаа. Үнэхээр ч тийм. Бидэнд талцал бус хэлцэл бас ойлголцол хэрэггэй байна. Ирэх жил улс төрийн уур амьсгал тэр чигтээ сонгуулийн уур амьсгалд дарагдана. Сонгуультай холбоотой элдэв маргаанаас эхлүүлээд гомдогсдын хэсгийн улс төр жил дамнан үргэлжлэх нь тодорхой. Гэвч сонгуулийн уур амьсгалаасаа салж амжилгүй явахад “Чингис” бондын эргэн төлөлттэй нүүр тулна гэдгийг энд зориуд тодотгоё. Тэр үед өнөөдрийн талцлаасаа улбаатай төсөл, хөтөлбөрүүдээ гацаачихаад мөнгө алга гээд суухгүй нь тодорхой. Харин бондоос “бойжиж” сууриа цутгаад байгаа төслүүд нь биежчихсэн бас эргэх хөрөнгөтэй болчихсон байх нь чухал. Ингэж байж л бид барьцаанаас, өрнөөсөө гарна. Гагцхүү тэрхүү шийдлээ л бүгдээрээ суух л МАН-ынханд, АН-ынханд дутаж байна. Өөрөөр хэлбэл, бондын санхүүжилтээс үүдсэн төсөл хөтөлбөрүүдийн эдийн засагт оруулах өгөөж нь их байгааг энд өгүүлэх гэсэн юм. Идей байхад идэх хүн ямагт олддог юм.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: