100 цагийн дайн

164242-16062015-1434414352-1226907339-1Байдал хурцдаад эхэлмэгц Сальвадорын төр, засаг цэргээ оруулах шийдвэр гаргав

Хөл бөмбөг хэмээх гайхалтай спортын ачаар сөргөлдөгч талууд эвлэрч, дайнаа түр зогсоож байсан тохиолдол бий. Гэхдээ хөлбөмбөгөөс болж хоёр улс хоорондоо дайтсан түүх бас байдаг. Гондурас, Сальвадорын хооронд болсон энэхүү цуст мөргөлдөөнийг түүхэнд “100 цагийн дайн” гэж нэрийддэг юм. Энэхүү дайн 1969 оны долдугаар сарын 14- 20-ны хооронд зургаан өдөр үргэлжилжээ.

Сальвадор бол Төв Америктаа хүн ам хамгийн шигүү суурьшсан улс. Тиймээс 1960- аад оны сүүлчээр 300 мянга гаруй Сальвадор иргэн амьдрах газар нутаг хайн хөрш Гондурас руу цагаачлан гарчээ. Харин энэ нүүдэл Гондурасчуудад таалагдсангүй. Тэд нүүдэллэн ирэгсдийг тээршааж, таагүй ханддаг байлаа. Гэтэл “Мексик 1970” хөл бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд энэ хоёр улсын шигшээ хоорондоо тоглохоор оноолт таарах нь тэр.

Эхний тоглолт Гондураст болоход талбайн эзэд 1:0- ээр хожжээ. Долоо хоногийн дараа болсон хариу тулаанд Сальвадор 3:0-ээр илүүрхсэн байна. Тухайн үед оруулсан бөмбөг тоолдоггүй байсан тул дундын талбайд дахин нэг тоглолт хийх шийдвэрийг FIFA гаргав. Ингээд багууд Мехико хотноо гурав дахь удаагаа уулзалдахад Сальвадорчууд нэмэлт цагт 3:2-оор хожжээ.

Уг тоглолтын дараа хоёр багийн фанатууд Мексикийн нийслэл хотноо томхон хэмжээний зодоон өрнүүлэв. Улсынх нь тугийг шатааж байгаа мэдээ Гондурасын радиогоор цацагдсаны дараа тэнд мөн эмх замбараагүй байдал үүсжээ. Тэд нутагт нь цагаачлан ирсэн Сальвадор иргэдийг хаа тааралдсан газраа зодож байв. Байдал хурцдаад эхэлмэгц Сальвадорын төр, засаг сөрөг арга хэмжээ авлаа. Сальвадор улс тухайн үед 9000 цэрэг бүхий цомхон армитай байж. Гэсэн хэдий ч харийн нутагт дээрэлхүүлж буй дүрвэгсдээ аврахын тулд хөрш Гондурас руу шууд довтолжээ. Явган цэргийн таван батальон, үндэсний гвардийн есөн рот хөрш Гондурасын хил рүү довтолж, нисэх хүчин нь агаараас дэмжлэг үзүүлж байв. Тэд тун богино хугацаанд Гондурасын хил рүү 28 км цөмрөн орсон гэдэг. Эсрэг тал ч зүгээр хараад суусангүй, хариу цохилт өгч эхэлсэн юм.

Талууд ийнхүү зургаан өдөр байлдсаны эцэст Гондурас улс галаа зогсоож, найрамдах санал тавьснаар “100 цагийн дайн” өндөрлөсөн түүхтэй. Энэ дайнд Сальвадорын талаас 700, Гондурасын талаас 1200 орчим хүн амь үрэгдсэн байна. Эх орноо орхиж дүрвэсэн Сальвадорын цагаачид дайны дараа бүгд нутаг буцжээ.

Сальвадорын шигшээ тун өндөр үнээр ДАШТ-ий эрх авсан ч шигшээ тэмцээнд амжилт муутай оролцсон байдаг. Тэд ЗХУ, Мексик, Бельгитэй нэг хэсэгт багтаж, бүх тоглолтдоо хожигдсон төдийгүй есөн гоол алдаж, өөрсдөө нэгийг ч оруулж чадаагүй юм.

Сонирхуулахад, энэхүү хэрэг явдлаас хойш 10 жилийн дараа хоёр улс найрамдалт харилцаагаа сэргээж, хилээ нээн хоорондоо урьдын адил худалдаа наймаа хийх болжээ.

Б. Энхжин

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих