ШӨХТГ-ын шийдвэрүүд хэний хүсэлд нийцэхгүй байна вэ?
Даатгалын компаниуд иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр авдаг байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянаж шалгаад хууль бус үйлдэл байсныг олон нийтэд мэдээлсний үндсэн дээр иргэдээс хурааж авсан мөнгөө буцаан өгөх үйл ажиллагаа яг одоо явагдаж байна.
Тус газраас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иудад шалгалтын ажлын хэсэг оруулахад Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна”, 6.2-т “даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна”, 6.4-т “албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж заасан байдаг юм байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор баталсан “Сайн дурын ердийн даатгалын төрлийн жагсаалт”-д заасныг үзвэл орон сууцны хөрөнгийн болон хариуцлагын даатгал аль аль нь сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаарахаар байгаа юм.
Гэтэл тус даатгалын компаниуд нь Орон сууц нийтийн аж ахуйн контор болон СӨХ-үүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж гэж /1000-1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байсан аж.
Тус компаниудын энэхүү хууль бус үйлдэл нь 2013-2015 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд даатгалын төлбөр нэрийдлээр олон зуун сая төгрөгийг иргэдээс хууль бусаар авч байсан нь ШӨХТГ-ын хяналт шалгалтын мэдээнд тодорхой тусгагдсан байна. /afccp.gov.mn/
Өөрөөр хэлбэл Орон сууц нийтийн аж ахуйн конторын дарга Ч.Бямбажав орон сууцанд амьдардаг хоёр өрх тутмын нэгээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр мөнгө татаж хувийн компанийн данс руу шилжүүлсэн нь тус газрын хяналт шалгалтын баримтаас харагдаж байна. Уг хяналт шалгалтын дараа Орон сууц нийтийн аж ахуйн контороос “Хаан даатгал” ХХК-тай гэрээгээ цуцаллаа гэх мэдээллийг өгсөн нь тус газрын дарга Ч.Бямбажавын буруугаа бусдад тохон амиа хоохойлон хариуцлагаас мултрах гэсэн арга гэдэг нь хэнд ч ойлгогдохоор. Гэтэл энэ хүнийг Хотын дарга, улсын баатар Э.Бат-Үүл томилж, түүний удирдлагад ажилладаг аж. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан иргэдийн халааснаас “мөнгө хулгайлсан” уг эрхэм өнөөдрийг болтол ажил албаа хашсаар байгаа нь цаг үргэлж үүрэг хариуцлага, шударга ёсыг дээдэлдэгээ ярьж явдаг хотын дарга Э.Бат-Үүлийн нүдэнд харагдахгүй байна уу зориудаар харахгүй байна уу гэдэг нь өнөө хэр тодорхойгүй байна.
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй ч өнөөдрийг хүртэл зах зээлийн өрсөлдөөний орчин нөхцөл, соёл бүрдээгүй байгаа учир нийгэмд шударга бус өрсөлдөөний талаарх ойлголт, түүний эрх зүйн зохицуулалтын талаар хүмүүс буруу ойлголттой явдаг нь ажиглагддаг. Тухайлбал аж ахуйн нэгжүүд зах зээлд эзлэх өөрийн байр сууриа өсгөн амжилтанд хүрснээр ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн туйлын ганц л зорилготой байдаг бөгөөд зорилгодоо хүрэх явцдаа шударга бусаар өрсөлдөх, хэрэглэгчдийн эрхийг зөрчих асуудал ихээр гаргадаг юм байна. Ийм зөрчил гаргуулахгүй, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж олон нийтийн талархлыг ихээр хүлээж байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг илтэд мушгин гуйвуулах, удирдаж буй дарга, улсын байцаагчдыг “шоу” хийж байна хэмээн шүүмжлэх явдал гарах болсон нь энэ ярианы ард эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн зориудаар хийж байгаа үйлдэл гэдэг илтэд харагдах боллоо.
Нийтэд “Хас”-ын Ч.Ганхуяг гэх нэрээрээ танигдсан уг эрхэм өөрийн facebook дээрээ …Хүч хэрэглэх нь дээ. Зах зээлийг жамаар нь явуулахгүй, нураах алхмууд улам даамжирсаар… хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны талаар олон нийтэд постолсон байх юм. Учрыг нь хөөгөөд үзвэл түүний дургуйцэх шалтгаан бас байжээ, дээрх хяналт шалгалтанд хамрагдаж иргэдээс олон зуун сая төгрөг завшсан нь тогтоогдсон “Ард даатгал” компани нь түүний “Ард санхүүгийн нэгдэл”-ийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд “Хаан даатгал” компанийн ард ч МАН-ын угшилтай хүмүүс байдаг юм байна.
Нэмж хэлэхэд Монгол улсад гурав дахин их үнээр онгоцны шатахуун нийлүүлдэг Ц.Анандбазарын компаниудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас саяхан шалгалт хийсний үр дүнд уг шатахууны үнэ буурсан нь бас л тус газрын гавьяа. Ц.Анандбазар нь мөн л МАН-ын гишүүн аж.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханыг сүүлийн үед хэвлэлээр улс төрийн шоу хийж байна гэж багагүй “чимхэх” боллоо. Эгэл жирийн иргэдийнхээ төлөө дуугарч, хариуцлага ярьж байгаа хүн “шоудаж” харагдаж байгаа юм бол энэ ажлыг өөр хэн хийх юм. Үгүй бол үүний ард хууль зөрчиж иргэдийг хохироосон этгээдүүд хуулийн хариуцлагаас мултрахыг санаархаад байна уу?…
ШӨХТГ-ын шийдвэрүүд хэний хүсэлд нийцэхгүй байна вэ?
zaluu.com
URL: