Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг дэг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болжээ. УИХ-ын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээж чадаагүй унасан. Санал хураалгасны дараагаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Хуулийн төслөөр санал хураах үед байсангүй. Олон гишүүн хуралдаанд байхгүй үед санал хураасан нь төсөл унахад хүргэлээ. Хуулийн төслөөр дахиж санал хурааж өгөөч” гэсэн санал гаргав.
Хурал даргалагч Р.Гончигдорж дахин санал хураалт явуулснаар хуулийн төсөл дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт шилжихээр болов. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг дэг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Иймд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хурал даргалагч Р.Гончигдорж хуралдааны дэг зөрчин хэлэлцүүлэхээр болсон хэмээн үзэж, Цэцэд хандахаар болсон байна.
URL: