Нууцхан гэгээ (Өгүүллэг)

guilgachin8870403842013-04-13-17-05[www.urlag.mn]Сайхан сэтгэлт хүмүүс минь, буяныг бодож арав таван төгрөг хайрлаач, хариуд нь  би танд дуу дуулж өгье

…Амьдралаа би чамд хайртай

Аа аа, амьдралаа би чамд …

гэж дуулах өнчин хүү байсхийгээд л даарч бээрсэн бяцхан хоёр гараа хумбайлган амандаа ойртуулж амьсгалах тоолонд нь савсан гарах уураар үлээж бүлээцүүлнэ. Тэгснээ божин бор алгаа хооронд нь үрж дэргэдээ суух бяцхан охины хацарт хүргэн дулаацуулж, зөрөн одох олноос горьдлогын харцаар гуйлга гуйсаар. Хөл нь хэт их даарснаас болж хуучирч маажийсан гутлаа хооронд нь хавиран уйлах шахуу зогсохыг  ганган хээнцэр тэрэгний  цонхоор хөмсөг зангируулан ажиж суусан жолооч залуу хаалга сэвхийтэл нээгээд Чимгээгийн орж ирэхийг ч анзаарсангүй. Чимгээ бол эрх танхи өссөн өлсөж даарах хийгээд  зовлон гээчийг бараг л мэдэхгүй нэгэн бөгөөд одоо ид нэрд гарч яваа амжилт бүтээл дүүрэн дуучин бүсгүй. Тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаж яваа нь энэ. Тамираад хандаж:

-За болчихлоо. Одоо урилгаа хэвлүүлчихвэл ч ажил ер нь цэгцрэх гээд байна шүү, хурдан яваарай гээд инээмсэглэн бичиг цааснуудаа цэгцэлж цүнхэндээ хийгээд Тамираа руу хандан:

-Үгүй, Чи чинь юу гөлрөөд суучихаа вэ? гээд толгойгоо өндөлзүүлэн байж Тамирын харж байсан зүг рүү харвал нааш цааш алхах хүмүүсийн хөл доор гуйлга гуйх бяцхан хүү охин хоёрыг олж харлаа.

-За явъя аа, явъя гэж Тамирааг шавдуулахад тэрээр хоолой засан машинаас буугаад шууд л мөнөөх хоёр жаал руу зүглэлээ.  Сул дорой хөөрхий хоёрыг өрөвдөх сэтгэл нь нэг л мэдэхэд түүнийг энд авчирчхав. Хаанаас гуйгаа юм бол гэмээр хуучирсан цаасан хайрцганд хэдэн задгай дэвсгэрт нийлээд ердөө л зуу ч хүрэхгүй төгрөг байхыг харсан Тамираа хэтэвчээ үзтэл ямар ч мөнгө байсангүй.

-Өө, нээрээ цалингаа одоо авах бил үү гэж бодмогц Чимгээ рүү даллавал бүсгүй хүлээж ядсандаа бухимдсан нь илт агаад цонхоо нээж:

-Юу хийгээд байгаа юм бэ? Хурдлаач гэм гэж үнэгэн захтай савхин хүрмэн дотроосоо цухуйж ядан хашгирав. Тамираа хөөрхий жаалуудад хэдэн төгрөг өгчих санаатай задгай мөнгө хайж халаасаа ухан зогстол Чимгээ хэдийдээ хүрээд ирснийг бүү мэд урт хоншоортой гутлаараа мөнөөх хайрцгийг  өшиглөж зайлуулснаа:

-Чи яасан завтай хүн бэ? таван цаас авах гэж байгаа бол үгэнд орооч гээд машин руугаа гунхалзан алхлав. Тамираа уйлж зогсох хоёр жаалыг аргадан:

-За, миний хоёр дүү уучлаарай, ах нь цалингаа буухаар та хоёрт мөнгө авчирч өгнө өө гээд машин руугаа түргэн түргэн алхаж одлоо. Тэд замын хөдөлгөөнд орох үед:

-Ийм ядаргаатай юмнууд орчлонгоор дүүрэн байх юм зүгээр гээд хээв нэг уруулаа будаж эхлэв. Энэ байдлыг хараад  эгдүүцсэн Тамир:

-Юу гэсэн үг вэ? Таны Чингүүнээ ингээд зогсож байсан бол та яах вэ? гээд асуучхав. Үүнийг сонсоод илт  ундууцсан Чимгээ нэг их том харснаа:

-Миний хүү ингэж явахгүй, ойлгов уу чи!  Үгүй ер өө, Нийгмийн хог шаар өмөөрөөд сүйд болох нь ээ. Цаг бага байна, хурдан хэдэн бичиг цаасаа хүргэж өгөх минь, дуугүй наад жолоогоо л барь, мэдэв үү гээд угийн хэнийг ч болов захирч сурсан зангаараа ширэв татах нь тэр.

-Эх хүн байж ийм хахир хатуу сэтгэлтэй  гэж таныг ёстой мэдсэнгүй шүү гэж Тамир амьсгаа давчдан хэлэхэд Чимгээгийн дургүй хүрч нүдээ гялалзуулан:

-Юу гэсэн бэ чи? Надтай ингэж ярьдаг хүн байдаггүй юм шүү, дуугүй наад урд замаа хар за юу! гэж захиргаадав. Тамир улам ч эгдүүцэн бусдын бишрэн сонсдог уянга цээл хоолойтой алдарт дуучны сэтгэл ийм харгис байхын чинээ санаагүй тул саяын гуйлга гуйж суусан хоёр жаалыг шимшрэн өрөвдөхийн хэрээр юутай ч жаахан ч гэсэн мөнгө өгмөөр санагдахад шууд л жолоогоо огцом эргүүлэх нь тэр. Гайхаж хоцорсон Чимгээ:

-Үгүй чи чинь хаачих нь вэ? Буцаач гэм. Бид хоцрох нь байна шүү дээ. Би чамайг буц гэж байна! гэж чихний хэнгэрэг хагалах шахам чангаар хашгирахад Тамир:

-Дуучин гуай, жаахан аядаач. Би таны цагаас таван минут хумсалчихъя, харин та цалинг минь өгчих, илүүчлэх задгай мөнгө байвал бүр сайн байна, тэр хоёрт өгчхөөд л шууд буцна гэвэл Чимгээ хүйтнээр инээж:

-Өө за, Байтлаа бүр даажигнах нь ээ! -Үгүй шүү. Яасан ч гуйлгачинд мөнгө өгөхгүй. Энэ чинь миний хөдөлмөр, миний мөнгийг чи тэр муу хоёр халтар жаалд өгнө ч гэж ярихгүй шүү,  Алив буцаач гэм! гээд жолоо булаацалдаж байтал яах ийхийн зуургүй тар няр хийх их чимээ гарахад замын голд хоёр машин дохиогоо хангинуулах дуунаар аймшигтай автын осол хараад сандарч мэгдсэн улсууд энд тэндээс цугларан ирэх нь тэр.

Чимгээ арай гэж толгойгоо өндийлгөөд харвал хажууд нь Тамираа ухаан алдан унасан байх ба нүүр нь нил цус болсон байв. Тэгээд дөнгөж гараа хөдөлгөмөгц   ямар ч тэнхэлгүй сульдахын дээр хамаг бие нь тэсэхийн аргагүй хөндүүрлэж ухаан нь балартах мөчид мэлсхийсэн их гэрэл нүдийг нь гялбуулан бүрхэж  түүний бие хөнгөрөх шиг  нэг л эрх чөлөөтэй болоход хөл нь өөрөө өргөгдөх мэт гүймээр санагдав. Чимгээ хаашаа явж буйгаа мэдэхгүй ч жингүйдэх мэт явж тэр гэрлийн зүг гүйсээр нэгэн хүүгийн дэргэд ирлээ. Тэгснээ гэнэт тэсэхэд бэрх даарч, дагжин чичрэхийн хэрээр:

-Би харимаар байна, даараад байна гээд л өөрийн эрхгүй асгартал уйлж гарахад нөгөө хүү хоёр гараа хооронд нь үрж үрж байснаа Чимгээгийн хацрыг дулаацуулан гунигтай ч гэмээр харцаар харснаа:

-Миний дүү, Хоёулаа аав ээждээ очно оо. Гэхдээ одоохон. Эхлээд ах нь талхны мөнгө олох хэрэгтэй байна, битгий уйлаарай за юу гэж аргадангуй хэлээд:

Сайхан сэтгэлт хүмүүс минь, буяныг бодож арав таван төгрөг хайрлаач, харин би танд дуу дуулж өгье.

…Амьдралаа би чамд хайртай

Аа аа, амьдралаа би чамд… гээд дуулж эхлэхэд  Чимгээ хэзээ нэг цагт хаа ч юм бэ энэ дууг яах аргагүй сонсож байсан шиг санагдана. Тэгээд дагжин чичрэхдээ гараа амандаа хүргээд хажуу тийш харвал өөртэй нь чацуу шахуу хэмжээтэй хуучирч салмарсан цаасан хайрцаг дотор хүмүүс  элдэв янзын хир буртаг болсон цаасны хог хаягдлууд шидлээд л яваад байв. Гэхдээ тийм муухай юмаа хаяж байгаа мөртлөө цаанаа л нэг сэжиглэнгүй ч гэмээр, зарим нь бүр харамлаж байна уу даа ч гэмээр буруу харан байж шидээд хурдан явж одох нь хачин. Харин хацрыг нь дулаацуулсан нөгөө хүү нэг л танил санагдахад Чимгээ яаж ч хичээгээд саяхан эрүүл саруул алхаж явсан бодит амьдралд нь гуйлга гуйж тааралдсан тэр хүүг хараахан таньсангүй. Тэгж байтал үгүйлшгүй ихээр өлсөж цангахад Чимгээ жижигхэн бор гараараа хайрцагтай хог руу өөрийн эрхгүй сарвайлаа. Энэ үед гуйлга гуйж зогссон хүү:

-Ингээд ид миний дүү, за май гээд найрсгаар инээмсэглээд хогноос атгаж өгөв. Чимгээ сая л тэр хүүг бүдэг бадаг санах шиг боллоо. Тэгээд зогтусан хайрцаг руу хог шидэх хүмүүсийг нэг бүрчлэн ажвал бүгд л хаа ч юм бэ тааралдсан танил царайнууд. Тийм ээ, тэд яах аргагүй түүний дэмжигчид, дууг нь сонсох дуртай шүтэн бишрэгчид байх юм. Хачирхалтай нь тэд Чимгээг огт таньсан шинжгүй.

Бүсгүй юу ч ойлгохоо байж гагцхүү өлсөхгүйн тулд өнөөх хайрцагтай хог цааснаас идэж эхлэв. Хэсэг зажлаад үзвэл амттай ч  юм шиг санагдахад бүр ч амтархан үмхэлж гарлаа.

Хүмүүсийн хиртэй гараараа базсан цаасыг ухаан мадаггүй хоёр гараараа ам руугаа чихэн хацраа бумбайтал дүүргэн зажилж байтал гэнэт нэг хүн  гарыг нь барьж зогсоогоод:

-Миний дүү, ийм муухай юм идэхээ боль, наадах чинь хүмүүсийн шуналын хир шингэсэн мөнгө. Ахад нь байхгүй л дээ. Ямар ч мөнгө алга. Гэхдээ май, энэ миний СЭТГЭЛ гээд гараа сарвайхад нь харвал алган дээр нь алим байлаа. Тэр том гарыг дагуулсаар дээш харвал жолооч Тамираа дотно зөөлөн харцаар түүнийг энэрэх мэт харж байв. Чимгээ үнэхээр их өлсөж даарч байсан учир тэрхүү алимыг чичирсэн гараараа аваад идэхээр завдтал хэн нэг нь Тамирааг зандчин загнасаар авч одох үед өнөөх гэрэл дахиад мэлсхийтэл туслаа. Харахын аргагүй гялбасан их гэрэлд арайхийн сормуусаа анивчуулсаар нүдээ нээвэл эмнэлгийн өрөөнд дусал залгаатай байх агаад эмч нар нааш цааш гүйлдэн сандралдаж байх нь тэр. Дуучин бүсгүй үг хэлмээр байвч ямар ч тэнхэл алга. Харин өнөөх гуйлга гуйж зогссон хоёр жаал осол гарах үед хамгийн түрүүнд ойролцоох эмнэлэг рүү гүйж тусламж дуудсанаар Чимгээ одоо энд байгаа билээ.  Тэд орой болгон дээвэр дээр нь гарч өдөржин дуулж байж олсон мөнгөө тоолдог эмнэлгийн харалдаах байшин дээрээс бүсгүйн хэвтэж буй өрөөний цонх руу анхааралтай харж байснаа:

-Хараач, тэр эгч нүдээ нээсэн, харлаа шүү дээ. Тийм ээ, бид хоёр аварчихлаа гээд алгаа ташиж, үсрэн дэвхцэн баярлацгааж байлаа.

 “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр

                                                      Энхбаатарын Үржинханд


URL:

Сэтгэгдэл бичих