МАН-ыг санхүүжүүлэгч “Баярс констракшн” Замын-Үүдийн зам, барилгын ажлыг замруулжээ

Замын-Үүд боомтын зам, барилга, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх тендерийг МАН-ыг санхүүжүүлэгч гэгддэг “Баярс констракшн” авсан ч замхруулж орхиод удаж буй ажээ. Тус компани өнгөрсөн оны хавар долоо хоногийн дотор хоёр ч тендер авсан байдаг. Энэ нь Засгийн газрын худалдан авах бараа, үйлчилгээнд багтаж буй бөгөөд захиалагч нь Гаалийн ерөнхий газар аж.
Өөрөөр хэлбэл Замын-Үүд боомтын рентген төхөөрөмжийн цогцолборын авто зам, талбайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2010 оны гуравдугаар сарын 31-нд, Замын-Үүдийн ачааны терминалын зам талбай, агуулахын өргөтгөлийн барилгын ажлыг тухайн компанийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг  өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 7-нд тус тус авчээ. Эхний гүйцэтгэлийг төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх бол дараагийнх нь компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, санхүүжилтийг нөхөн төлүүлэх замаар шийдвэрлэхээр болжээ. Гэтэл дээрх ажлууд өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Өнөөдөр Замын-Үүд боомт ачааллаа дийлэхгүй, ганц рентген дээр урт дараалал үүсч, зам, талбай, агуулахгүйгээс иргэд бухимдаж, ажиллах орчин нөхцөл тааруухан. Хилийн хяналт, гааль, мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд цаг наргүй зүтгэдэг байна.
Олон улсын боомт нэртэй ч Замын-Үүд үнэн хэрэгтээ боож үхмээр олон тулгамдсан асуудал, зовлон бэрхшээлээр дүүрэн газар гэдгийг хилээр орж, гарч буй иргэд, жуулчид нэгэн дуугаар хэлдэг. Машин тэрэг зорчигчдын байнгын “цунами” нүүрлэж байдаг ганц боомт маань ачааллаа дийлэхгүй байгаад МАН-ыг санхүүжүүлэгч “Баярс констракшн” буруутай аж.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатарын өгүүлснээр “Баярс констракшн” компани Сангийн яамнаас зарлагдсан Замын-Үүд боомтын рентген төхөөрөмжийн зам, барилга, өргөтгөлийн тендерт ялсан агаад өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад оруулах байсан ч ажил эхлүүлэх нь бүү хэл хаяад алга болжээ. Энэхүү үйлдлээрээ Н.Баянсан захиралтай “Баярс констракшн” МАН-ыг санхүүжүүлэгчид хэрхэн бүдүүн хүзүү гаргаж, хууль зөрчиж байгааг эх сурвалж өгүүллээ.
Хууль зөрчсөн элдэв асуудалд гавьяат барилгачин Н.Баянсан захиралтай тус компани байнга холбогддог ч ямар нэгэн байдлаар хариуцлагаас мултардаг байна.

Д.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих