Эрхэм гишүүн ингэж болохгүй

163960-11062015-1433981958-209258387-1УИХ-ын гишүүн гэдэг “гоё” ажил. Дэгсдүүлбэл гурван монгол хүн тутмын нэг нь гишүүн болохыг хүсдэг. Хүссэн учраас сонгуульд нэр дэвшинэ.

Жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Гишүүн болох хүсэлтнүүд хаа сайгүй. Төрийн ордон, яам, тамгын газарт, Увсад, Хэнтийд хаа сайгүй ийм хүсэлтэй улс байх. Зарим нь гадаадад дөрвөн жил “сураад” сүр бараатайхан шиг Монголдоо газардаж байна.

Мөн ч их мөнгө цацагдана даа, ирэх сонгуулиар. Ер нь л сонгууль болгоноор ингэдэг л дээ. Гэхдээ нэгэн цагт жинхэнэ эх орончид нь давамгайлж байсан УИХ өнөөдөр “дүр эсгэсэн” нөхдөөр дүүрчээ. Түүнийгээ нуухаа больсон. Нуух ч аргагүй юм. УИХ-д байдаг баахан уяачид, бөхчүүд Баяр наадмын тухай хууль өөрчилнө. Архи, тамхины хууль олон гишүүний эрх ашгийг хөндөнө. Үүнээс болоод үеийн үедээ барагдахааргүй өстнүүд болж үлдэнэ. Ерөөсөө л хууль болгон хэн нэгнийх нь бизнест “халдчихаад” болохоо байсан цаг. Иймэрхүү цайрсан нөхдийн нэрийг ч хэлэх шаардлагагүй биз ээ.

Харин дээрх хүмүүс дээр нэгэн эрхэм гишүүн нэрээ нэмлээ. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, АН дахь Алтан гадас фракцын тэргүүн, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг. Энэ хүнд ард түмэн ч, Ардчилсан намынхан ч итгэлээ өгч явсан цаг саяхан. Тиймээс Н.Алтанхуяг Ерөнхий сайд хүртэл дэвшиж явлаа. Өдгөө “сул” гишүүний албатай болсон тэрээр энэ байдалдаа нэг л дасч өгөхгүй байгаа бололтой. Байсгээд л нам нэгтнүүдтэйгээ шөргөөцөлдөж байгаа нь дуулддаг байв.

Тэгвэл хэд хоногийн өмнө Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж АТГ-т харьяалуулах болсныг “засах” төсөл байв. Н.Алтанхуяг гишүүн “Энэ хуулийн төсөл батлагдсанаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нэмэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно” гэсэн зүүлт хийж хуулийн төслөө хүлээлгэн өгнө лээ.

УИХ-ын гишүүн хууль санаачлах, түүнийхээ төслийг өргөн барих эрхтэй. Гэхдээ Н.Алтанхуяг гишүүний санаачилсан энэ хуулийн өөрчлөлт УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгэсэн бус эрхээ хэтрүүлсэн хэрэг болов. Өөрөөр хэлбэл, АТГ-т зарласан дайн ч гэж болно. АТГ-ынхан түүнийг Ерөнхий сайд байхаас л ахлах зөвлөх Л.Гансүхийг нь, охиныг нь “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сангийн асуудлаар шалгаж эхэлсэн. Саяхан хүргэн Г.Дэнзэнг нь барьж аваачаад хорьчхов. Тэр далимдаа эрхэм гишүүний оффисыг нэгжиж шалгасан гэж байгаа. Энэ нэгжлэг, баривчилгааны дараа Н.Алтанхуяг дээрх хуулийн төслийг өргөн барьсан юм. Тиймээс л түүнийг бүрэн эрхээ хувийн зорилгоор ашиглалаа гэцгээж байна. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг хориглоно гэжээ. Энэ бол Н.Алтанхуяг гишүүний дагаж мөрдөх ёстой хууль.

Ингэлээ гээд түүнд хариуцлага тооцох аргагүй л дээ. Гэхдээ энэ эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд, Намын дарга байсны хувьд бусдаасаа өөрөөр ашиг сонирхлоо илэрхийлэх ёстой байв. Нэг үгээр хэлбэл, одоогийн парламент дахь бусдадаа үлгэр болохуйц цөөхөн хүний нэгээр үлдэх учиртай байлаа. Ингэхийн тулд сая санаачилсан хуулиа өөр нэгнээр өргөн бариулж болох л байв. Алтан гадас фракцад харьяалагддаг, үгийг нь хууль хэмээн хүлээж авдаг гишүүд цөөнгүй бий. Зүй нь тэднийхээ хэн нэгээр өгүүлж болох. Нөгөө талаар эрхэм гишүүний нэр хүндийг унагасан ёс зүйн алдааг Н.Алтанхуяг гаргалаа. Өнөөдөр УИХ-ын гишүүн гэдэг хууль санаачлах замаар өрсөлдөгчөө намнах, өөрөөр хэлбэл өс хонзон авч болдог хэрэглүүр юм байна гэдэг ойлголтыг олон нийтэд өгч байгаа юм. Төрийн алба тоглоом биш. Ийм дуэль-ийг Төрийн сэнтийгээс хийдэггүй ёст уламжлал Монголд бий. Ерөөс эрхэм гишүүн ингэж болохгүй билээ.

Б.Дамдин-Очир

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих