В.Варда: Нутгаа орхих, лал шашинд орох, эсвэл алуулах сонголт байна
Н.МӨНХЖИН
Иракийн цөөнхийн эвслийн гүйцэтгэх хорооны гишүүн Виллиам Варда “АВС”-д ярьж байна.
-Жихадист хөдөлгөөн Ирак дахь христос шашныг устгахаар заналхийлж байна уу?
-Жихад босогчдод эзлэгдсэн хот, тосгодоос христосууд хөөгдөж, орон сууцыг нь сүйтгэж, эзэлж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байна. Христос сүмүүдийг шатааж байна. Ирак дахь христианизм мянган жилийнхээ түүхэнд хамгийн хүнд бэрх үедээ ирээд байна.
-Танай байгууллагад ямар баримт байгаа вэ?
-1997 оны албан ёсны статистикийг харвал Иракт 1.2 сая христос шашинтан байсан. Одоо тэд хагас саяас бага болсон. Өөрөөр хэлбэл бараг нэг сая христос улс төрийн бодлого, лалуудын фанатизм, дайныг тэвчилгүй улс орноо орхиж явсан. 200 мянган христос амьдардаг Ниниве мужид “Исламын улс” бүлэг орж ирснээс хойш тэд олноороо дүрвэсэн.
-Саддам Хусейний дэглэм унаснаас хойш хэдэн христос шашинтан итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан бол?
-Хүний эрхийн талаарх сүүлчийн мэдээллээс харвал, 2003 оноос хойш мянга гаруй христос шашинтан алуулсан байна. Тэдний 700 гаруй нь зөвхөн итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан. “Исламын улс” бүлгийн дайчид болон радикал лалууд энэ аллагыг үйлдсэн. Зарим нь Америкийн эзэрхийллийн өш хонзонг авч байна гэдэг юм.
-Шашны өв соёл, христос сүмд ямар хохирол учирч байна?
-Жихадистуудад эзлэгдсэн газруудаас Нинивед хамгийн их сүм байна. Тэдгээрийн ихэнхийг шатаасан. “Исламын улс” бүлэг заримыг нь зэвсгийн агуулах, агаарын довтолгооноос хоргодох байр болгон ашиглаж байна. Тэд шашны эртний судрууд, Есесийн төрөлх хэл болох арамео хэл дээр бичигдсэн ном зэрэг урлагийн жинхэнэ сор бүтээлүүдийг булааж аваад байна.
-Лалын халифат улс байгуулснаа зарласан жихад босогчид христос иргэдийн талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Тэд христос шашинтнуудад гурван сонголт санал болгож байна. Нутгаа орхиж явах, лал шашинд орох, эсвэл алуулах.
-“Исламын улс” бусад цөөнхөд хэрхэн хандаж байна?
-Адилхан, заримд нь бүр дор хандаж байна. Язиди нар байна. Жихадистууд тэднийг лал шашинтан гэж үздэггүй. Тэднийг христосуудтай адилаар шийтгэж, хавчиж байна.
-Саддамыг унагасны дараа Америкийн цэрэг аюулгүй байдлыг сахиулж байсан ч 2011 онд Иракийг орхин гарсан…?
-АНУ 2011 онд Иракаас цэргээ татсан нь том алдаа болсон. Ингэснээр Иран улсын нөлөө ихсэж, Иракийн амьдралд хошуу дүрэх боломжийг олгосон. Мөн америкуудын орхисон онгорхой цоорхойг лалын босогчид тун хурдан эзэлсэн нь өнөөдрийн байдалд хүргээд байна.
-Өрнөдийнхэн та нарыг хаячихав уу?
-Тийм ээ. Ирак дахь христосууд эдийн засгийн хувьд ч, оюун санааны хувьд ч хүчирхэг байлаа. Одоо тэд бүхнээ алдсан. Орон гэрээ, байр сууриа орхих хэрэгтэй болж, өөр муж руу, гадаад руу дүрвэж байна. “Christian Solidarity International” болон төрийн бус байгууллагууд бидэнд тусламж илгээдэг ч Иракийн Засгийн газар, АНУ, Европын түвшинд бид өнчирсөн мэт л байна. АНУ Иракийн христосуудад цагаачлах боломж олгож байна. Гэхдээ л бид эх нутагтаа амьдармаар байна. Иракаас явмааргүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
aimaar eh delhii min hun zon olon min amar amgalan az jargaltai, ev nairamdaltai, eleg buten, eruul enh amidaraasai.
христосууд гэнэ уу? христийн шашинтан эсвэл загалмайтнууд гээч