Эзэн нь мартсан 10 тэрбум төгрөг

Quantilus_finance7-600x447Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд 1990 оны өмч хувьчлалаар иргэдэд олгосон цэнхэр ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын
эрхийн бичгийн хоёр сая гаруй данс бүртгэлтэй байдаг аж. Эдгээр дансанд 11 тэрбум төгрөгийн ногдол ашиг цуглараад байсан. Өөрөөр хэлбэл, одоогоос 20 гаруй жилийн өмнө цэнхэр, ягаан тасалбараараа хувьцаа эзэмшсэн хүмүүс дансаа марчихсан, дансанд нь тийм их хэмжээний ногдол ашиг цугларсан гэдгийг мэдэхгүй явсан гэсэн үг. Харин Монголын хөрөнгийн биржээс энэ талаар олон нийтэд мэдээлсний дараа гурван өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулсан байна. Улмаар мөн тооны иргэд нэг тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулан авчээ. Одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө цэнхэр, ягаан тасалбарын нэр дээр үлдсэн байна.

Энэ мөнгийг хууль ёсны эзэмшигч иргэд нь авах бүрэн эрхтэйг мэргэжилтэн зөвлөж байгаа юм. Иргэдийн олонх нь энэхүү тасалбарын ач холбогдлыг хараахан ойлгодоггүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зарим эзэмшигч нь нас барсан олон тохиолдол гарчээ. Энэ тохиолдолд эцэг эх нь цэнхэр ягаан тасалбарын эзэмшигч байсан бол үр хүүхэд нь өвлүүлэн авах боломжтой юм байна.

Хувьчлалын үед улсын мэдлийн 476 үйлдвэрийг “хувьцаат компани” болгон өөрчилж, 1.9 сая хүнд хуваахад долоон мянган төгрөг нэг хүнд ногдсон. Тэр долоон мянган төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр бус эрхийн бичиг болгон ард иргэддээ тараасан нь цэнхэр тасалбар аж. Харин ягаан нь худалдаа үйлчилгээний газрын хувьцааг авах зориулалттай гурван мянган төгрөгийн тасалбар юм. Уг тасалбарын талаар мэдээлэл түгснээс хойш зарим иргэдийн дунд эзэмшлийнхээ хувьцааг шууд зарж болно гэсэн ташаа ойлголт төрүүлээд байгаа юм. Хувьцааг зөвхөн брокер дилерийн компаниар дамжуулан худалдах ёстой. Ингэхдээ брокерт хандаж захиалга өгнө. Брокер захиалгыг тань биелүүлэх үүрэгтэй. Харин таны нэр дээрх хувьцаанд нь ногдол ашиг бодогдсон тохиолдолд мөнгөө чөлөөтэй гаргуулан авах эрхтэй юм. Хэрэв цэнхэр, ягаан тасалбар эзэмшигч бол аль компанид хувьцаатай, хэрхэн ашиглах талаар мэдээллийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хандан мэдэж болно.

 

Д.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих